Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Стокгольм хотод төвтэй Ардчилал, сонгуулийн туслалцааны олон улсын хүрээлэнгийн Зөвлөлийн ээлжит бус 9 дэх Сайд нарын хуралд оролцож байна.
Тэрбээр энэ хурлын үеэр Ардчилал, сонгуулийн туслалцааны олон улсын хүрээлэнг даргалж буй Швейцарийн Холбооны Улсын Гадаад хэргийн сайд Дидье Бургхалтертай уулзлаа. Ингэхдээ 2016 онд тус хурлыг Монгол Улс даргалах асуудлаар санал солилцов.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар зарласан байнгын төвийг сахих бодлогын асуудлаар хамтран ажиллах, Гадаад хэргийн яам хооронд хамтарсан хуралдаан , хурал зохион байгуулахаар тохиролцов.
Хэдийгээр Швейцарь Улс олон жилийн дараа НҮБ-д элссэн ч гэлээ аливаа асуудалд төвийг сахисан бодлогоо баримтална гэсэн хуулийн зохицуулалттай. Жишээ нь НАТО болон АНУ Серби, Иракт явуулсан үйл ажиллагаатайгаа холбогдуулан нутаг дэвсгэрээр нь дамжин цэргийн онгоцны нислэг үйлдэх хүсэлт тавихад Швейцарь татгалзсан байдаг.
Харин бүтээн байгуулалтын асуудлаар нислэгийн зөвшөөрөл хүсэхэд даруй хүлээн зөвшөөрсөн байх жишээтэй. Энэ бодлогын үр дүнд Герман, Франц, Итали зэрэг том улсуудаар хүрээлэгдсэн далайд гарцгүй Швейцарь Улс олон улсын дипломат бодлого, НҮБ-ын Европ дахь гол төв болох үндэс болжээ.