Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/09/04-НД НИЙТЛЭГДСЭН

Устөрөгчөөр цэнэглэдэг баттерей iPhone-ыг долоо хоног ажиллуулна

Р.Түвшин, iKon.mn
2015 оны 9 сарын 4
IKON.MN
Зураг зураг

Их Британий Intelligent Energy компани ухаалаг гар утасны дэлхийн анхны устөрөгчийн баттерейг бүтээжээ. Нэг цэнэглэлтээр гар утсыг долоо хоног тасралтгүй ажиллуулах энэ технологийг баттерейн хөгжилд хувьсгал авчирна гэж үзэж байна.

IE компани өөрсдийн бүтээсэн баттерейг iPhone 6 утсанд суулгаж туршжээ.

Уг баттерей нь устөрөгчийг хүчилтөрөгчтэй исэлдүүлэх замаар цахилгаан эрчим хүч гаргадаг.

Урвалын үр дүнд багахан хэмжээний ус болон халсан агаар ялгарах юм.

Сонирхолтой нь уг баттерейг суулгаснаар гар утасны хэлбэр, хэмжээнд өөрчлөлт орохгүй. Харин утасны ар талд усны багахан уур ялгарч гарах жижиг нүх байх хэрэгтэй болно. Яг автомашины яндан шиг.

Ийм баттерейг цэнэглэдэг устөрөгчтэй жижиг хайрцаг (картриж) байх ба түүнийг гар утсанд холбосны дараа баттерей нь цэнэглэгдэнэ.

Өөрөөр хэлбэл нэг удаагийн хэрэглээний жижиг савтай устөрөгчүүд худалдаанд гарна. Шинэ утаснууд нь түүнийг залгах порт доод ирмэгтээ гаргах юм.

Ингээд нэг удаа цэнэглээд долоо хоног санаа зоволтгүй явах болно.

IE компани одоогоор Apple-тай энэ тухай ярилцаж байгаа гэсэн мэдээлэл байгаа. Мөн устөрөгчтэй картрижийн үнийг тогтоохоор ажиллаж байгаа гэнэ.

 

Эх сурвалж: The Telegraph