Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/09/04-НД НИЙТЛЭГДСЭН

Живсэн Сири хүүгийн эцэг: Бид үүнийг дэлхий нийтээр хараасай гэж хүссэн

Р.Түвшин, iKon.mn
2015 оны 9 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Пүрэв гарагт Грек хүрэхээр явж байгаад живсэн хоёр хүү, эхнэрийнхээ шарилыг олсны дараа Сирийн дүрвэгч эр тэднийгээ төрөлх Кобани хот руу хүргэхээр болжээ.

Абдулла Курди гурван настай Аилан, таван настай Галип, 35 настай эхнэр Рехан болон бусад дүрвэгсдийн хамт хоёр завиар Грекийн Кос аралд хүрэхээр явах замдаа живсэн юм.

Гурван настай Аилан хүүгийн цогцос Лхагва гарагт эргээс олдсоны дараа гэрэл зураг нь дэлхий нийтийн анхаарлын төвд ороод байгаа.

Хүүгийн эцэг Абдулла “дайнаас дүрвэн эх орноо орхиж яваа бидэнд юу тохиолдож байгааг дэлхий нийт мэдээсэй гэж бодсон” хэмээн ярьжээ.

Хэвлэлд мэдээлснээр Абдулла гэр бүлийнхэнтэйгээ Грек хүрэхээр хөөцөлдөж, хууль бус тээвэрлэгчдэд хоёр ч удаа мөнгө төлөөд бүтэлгүйтсэн гэнэ.

Дараа нь тэд хэсэг дүрвэгсдийн хамт өөрсдөө завь олоод явахаар шийджээ. Гэвч аялалын дунд завь нь усаар дүүрч живсэн байна.

“Би эхнэрийнхээ гараас атгаж байсан. Хүүхдүүд миний гарнаас мултарч алдагдсан. Харанхуйд бүгд чангаар орилолдож байсан тул би эхнэр, хүүхдүүдээ дуудсан ч өөрийнхөө дууг сонсохгүй байлаа” хэмээн Абдулла дурсан уйлж байна.

 

 

Туркийн эргээс олдсон Аилан хүүгийн зураг нийгмийн сүлжээгээр тарж Европын лидерүүдэд хүчтэй шахалт үзүүлж эхэллээ.

“Дэлхийн хамгийн эртний соёл иргэншлийн төв байсан Газар дундын тэнгисийг дүрвэгсдийн оршуулгын газар болгож байгаа Европын орнууд амиа алдсан хүн бүрийн зовлон шаналалыг хуваалцах ёстой” гэж Туркийн ерөнхийлөгч Таип Эрдоган мэдэгджээ.

Францын ерөнхий сайд Мануэл Валлс “Түүний нэрийг Аилан Курди гэдэг байсан. Европ даяар яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй” хэмээн твиттер хуудсандаа бичсэн байна.

Абдуллагийн гэр бүл Кобани хотоос дүрвэсний дараа Канадаас цагаачлал хүссэн байжээ. Гэвч түүнийг хүсэлтийг хүлээж аваагүй нь мэдэгдэж Канадын Консерватив намын тэргүүлсэн засгийн газар сөрөг хүчнийхээ хүчтэй шүүмжлэлд өртөөд байна.

Абдуллагийн гэр бүлд юу тохиолдсоныг мэдсэн Канадын албаныхан дараа нь иргэншил өгөхөөр болсон ч Абдулла хүлээж авсангүй.

Абдуллагийн эгч Ванкуверын иргэн Тима Курди бичиг баримтыг нь хөөцөлдөн, найз нөхдийн хамт банкны баталгаа гаргасан ч амжилт олоогүй гэнэ.

Аиланы цогцосны гэрэл зургийг авсан Туркийн Доган агентлагийн гэрэл зурагчин Нилуфер Дэмир CNN-д ярихдаа “Тэр хүүг амьдруулахын тулд юу ч хийгээд нэмэргүй болсныг ойлгосны дараа би зургийг нь авч дэлхий нийтэд үзүүлэхээр шийдсэн” гэжээ.

“Энэ зурагны нөлөөгөөр ямар нэг шийдэл гарах байх гэж найдсан юм” гэж тэр нэмж хэлсэн байна.

НҮБ-ын дүрвэгсдийн агентлагийн тооцоолж байгаагаар 2014 оны эхнээс одоог хүртэл нийт 160,000 дүрвэгч тэнгис гатлан Грект ирсэн гэнэ.

Зөвхөн энэ оны долоодугаар сард 50,000 орчим голдуу Сири дүрвэгч Грект иржээ. Гэтэл 2014 онд нийт 43,500 дүрвэгч ирж байсан юм.

 

Эх сурвалж: Reuters