Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/08/31-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО МЭДЭЭ: Шаргаморьтын хос гүүрний гүйцэтгэл 85 хувьтай байна

Д.Эрдэнэцэн, iKon.mn
2015 оны 8 сарын 31
iKon.MN

Дамбадаржаагаас Хандгайт хүртэлх нийт 16.3 км авто замын ажил өнгөрсөн зургаадугаар сарын 10-наас эхэлсэн бөгөөд ирэх аравдугаар сарын 1-нд дуусах юм. Тус зам нь Дамбадаржаагаас Шаргаморьт хүртэл дөрвөн эгнээ, Шаргаморьтоос Хандгайт хүртэл хоёр эгнээ.

Нэг талаараа явган хүний замтай бол нөгөө талаараа 1.5 метр өргөн дугуйн замтай гэдгээрээ ихээхэн онцлог билээ.

Тэгвэл энэхүү бүтээн байгуулалтын ажилтай Нийслэлийн Засаг дарга  бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч дарга С.Очирбат, Дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч дарга Н.Гантөмөр, Замын цагдаагийн газрын дарга Ч.Жаргалсайхан болоод бусад холбогдох албанынхан танилцлаа.

САЙН ЗАМ БАРЬДАГ КОМПАНИУДТАЙ УДААН ХУГАЦААГААР ХАМТАРЧ АЖИЛЛАМААР БАЙНА

Зам засварын ажилтай танилцах үеэр Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо болон Санзайн зуслангийн иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонссон юм. Иргэдийн хувьд зуслангийн замын шинэчлэл, завсарын ажилд сэтгэл өндөр байгаагаа илэрхийлсэн бөгөөд урьд нь тавьж байсан замуудаас сайн зам болсон гэж хэлж байлаа.

Харин Э.Бат-Үүл дарга хэлэхдээ “Шинэ замын тодорхой нэг хэсэг дээр гүйцэтгэсэн компанийнх нь нэрийг тамгалах хэрэгтэй юм байна. Ингэснээр тухайн зам эзэнтэй болж, ямар компани сайн, эсвэл муу зам тавьж байгааг иргэд маань мэддэг болно.

Харин бид сайн зам барьж байгаа компанитай урт хугацааны гэрээ байгуулдаг болж, тэр хэрээр тухайн компани ч өсөн дэвших боломж бүрдэх юм байна.

Өнөөдөр бид зам бариулах гэж жил бүр тендер зарлаж, тендерээс болж маш их хугацаа алддаг. Иймд цаашид сайн ажилладаг компаниудтайгаа хамртаад явах нь зөв юм” гэлээ.

Түүнчлэн тэрбээр зам барилгын ажилд иргэд маань ихээхэн идэвхитэй оролцож, газар чөлөөлөлтөд ухамсартайгаар хандсанд маш их талархаж байгаагаа илэрхийлсэн юм. Учир нь Дамбадаржаагаас Хандгайт хүртэлх нийт 16.3 км авто замын ажлыг гүйцэтгэхэд 300 гаруй өрх газраа чөлөөлж өгчээ.

ШАРГАМОРЬТЫН ХОС ГҮҮРИЙГ ЭНЭТХЭГ УЛСЫН ТЕХНОЛОГИОР БАРЬЖ БАЙГАА

“Мотор сервис” компанийн хариуцсан Шаргаморьтын гүүр гэрээний дагуу ирэх аравдугаар сарын 1-нд ашиглалтад орно. Энэхүү гүүр нь 50 метрийн урттай, 12 метрийн өргөнтэй хос гүүр юм. Ажлын нийт өртөг 2.2 тэрбум төгрөг аж.

Гүүрийг Энэтхэг Монголын инженерийн багийн зураг төслийн дагуу барьж байгаа бөгөөд өнөөдрийн хувьд ажлын гүйцэтгэл 85 хувьтай болжээ.

Нийт 30 ширхэг дам нуруу байршуулахаас 26-г нь бэлэн болгосон байна. Уг гүүр нь 100 жилийн насжилттай гэж гүйцэтгэгч компанийн инженер нь хэлсэн.

 

16.3 КМ ЗАМЫН НИЙТ ӨРТӨГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГ

Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр хэлэхдээ “Дамбадаржаагаас Хандгайт хүртэлх энэ замаар нийслэлчүүдийн 70-80 хувь нь зорчино.

Зам барих ажилд иргэд маань маш идэвхитэй сайн оролцлоо. Газар чөлөөлөх шаардлагатай байсан 317 айл биднийг ойлгож, нааштай хүлээж авч, түргэн чөлөөлж өгсөн нь тун сайшаалтай хэрэг болсон. Зуслангийн чиглэлд зам тавьж, шинэчилэн завсар хийснээр манай иргэдийн үл хөдлөх хөрөнгө үнэд орж байгаа хэрэг юм” гэлээ.

 

Замын ажил аравдугаар сарын 1-нд дуусах бөгөөд дараах таван компани хариуцан гүйцэтгэж байна.

  • "ЭРДЭНЭ ЗАМ" – 2.5 км хүртэх  /75 хувийн гүйцэтгэлтэй/
  • "ТЭГШ ПЛАНТ" – 2.5-5 км хүртэл /70 хувийн гүйцэтгэлтэй/
  • "ТӨГС ЗАМ" – 5-9.6 км хүртэл /65 хувийн гүйцэтгэлтэй/
  • "НАРАН БУЛАГ-ХАН" – 9.6-16.3 КМ хүртэл /70 хувийн гүйцэтгэлтэй/
  • "МОТОР СЕРВИС" – 50 метр урттай гүүр /85 хувийн гүйцэтгэлтэй/