Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/08/31-НД НИЙТЛЭГДСЭН

Самсунг Galaxy Note 5-ын алдаагаа хэрхэн засах бол?

Р.Түвшин, iKon.mn
2015 оны 8 сарын 31
IKON.MN
Зураг зураг

Самсунг корпорацийн сүүлд зах зээлд гаргасан Galaxy Note 5 утас нь дизайны алдаатай бүтээгдсэнээс болоод багагүй хэл амны бай болоод байна.

Түүний S-Pen гэгддэг үзгийг буруу талаар нь эх бие рүү шургуулбал бүр мөсөн гацаж, утсыг гэмтээхээр болоод байгаа юм.

Үүний хариуд Самсунг мэдэгдэл гаргасан бөгөөд утга нь “гарын авлагыг дагаж S Pen-ыг буруу талаар нь хийхгүй байх хэрэгтэй” гэжээ.

Гэхдээ энэ мэдэгдлийг алдаа илэрснээс нэлээд хойно хийсэн юм.

“Гарын авлага” унших зөвлөгөө нь хэрэглэгчдийн хэл амыг дарж чадахгүй байна.

Apple корпораци 2010 онд iPhone 4 гаргахдаа антенны асуудалтай тулгарч байв. Тэр үед утасны ирмэг дагуух антенныг гараараа халхлан барихад сүлжээний сигнал их хэмжээгээр сулардаг доголдол байсан юм.

Зах зээлд гараад гурван долоо хоносны дараа Стив Жобс энэ алдаандаа уучлал гуйж хэрэглэгчдийг утсаа зөв барих, эсвэл $29 үнэтэй резинэн хамгаалалтыг авч хийхийг санал болгож байв.

Гэвч энэ нь хүмүүсийн сэтгэлд хүрээгүй бөгөөд эцэстээ Apple хүссэн нэг нь гар утсаа буцаан өгөх боломж олгож, мөн үнэгүй хамгаалалт тараахаар болж байлаа. Үүний зардал нь $200 сая болсон гэдэг.

Тэр үед уучлал гуйхдаа Стив Жобс “бид төгс биш, утас ч төгс эд биш. Гэвч бид бүх хэрэглэгчдээ сэтгэл хангалуун болгомоор байна” гэсэн алдарт үгээ хэлж байсан юм.

Ийнхүү зөв менежмэнт хийсний дүнд Apple хэдийгээр алдаатай гар утас гаргасан ч iPhone 4-ыг олон сая хувь зарж чадсан гэдэг.

Харин Самсунг энэ асуудлаа Apple шиг шийдэж чадах болов уу хэмээн хүмүүс ажиглаж байна.

Гэхдээ зарим мэргэжилтнүүд “Apple-ын асуудал бол сигналын уналтын тухай байсан. харин энэ бол $700-ын үнэтэй гар утсыг эвдэх тухай асуудал учир илүү ноцтой” гэж үзэж байна.

Учир нь хүмүүс гарын авлага унших зааврыг төдийлөн таатай хүлээж авахгүй байгаа юм.

Нэг бол утсаа санамсаргүйгээр эвдэхгүйн тулд үзгийг нь хэрэглэхээ болих хэрэгтэй болж байна. Тэгвэл энэ нь зүгээр л маш том дэлгэцтэй гар утас болж хувирах бөгөөд Galaxy Note 5-ын гол давуу талуудыг ашиглах боломжгүй болох юм.

 

Эх сурвалж: CNET