Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/08/29-НД НИЙТЛЭГДСЭН

Энэтхэг эгч дүүст хүчиндүүлэх ял оноожээ

Р.Төмөр, ikon.mn
2015 оны 8 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Энэтхэгийн нэгэн тосгоны зөвлөл дээд кастын бүсгүйг оргуулсан ахынх нь хэргийн төлөө хоёр охин дүүд нь хүчиндүүлэх ял оноожээ.

Эдгээр бүсгүйчүүдийн нэг болох Уттар Прадеш мужийн Багпат дүүргийн оршин суугч, 23 настай Мээнакши Кумари дээд шүүхэд хандан өмгөөлөл хүссэн байна.

Хүний эрхийн Эмнести Интернэшнл байгууллага энэ хэргийг анхааралдаа авч олон арван мянган хүний гарын үсэг цуглуулж орон нутгийн захиргаанд нөлөөлөхөөр ажиллаж байгаа гэнэ.

Хоёр бүсгүйн ах Рави нь өөрөөсөө дээд ангийн (кастын) гаралтай бүсгүйд дурлаж хамтдаа оргосон юм.

Харин үүний төлөө тосгоны зөвлөл Мээнакши болон түүний 15 настай дүү охинд хүчиндүүлэх, олны өмнө биеийг нь нүцгэлэн үзүүлэх шийтгэл оноожээ.

Хамт оргосон бүсгүй нь Жат ангийн гэр бүлийнх бол залуу нь доод Далит ангийн хүн юм байна.

Энэтхэгт хүн төрөхөөсөө эхлээд аль нэг кастад харьяалагддаг ба энэ нь түүний нийгэмд эзлэх байр суурь болдог юм. 1950 оны Энэтхэгийн Үндсэн хуулиар кастын ялгаварлах үзэгдлийг хориглосон ч нийгэмд амь бөхтэй оршсоор байгаа.

Оргосон бүсгүйг гэр бүлийнхэн нь хүчээр Жат ангийн залуутай суулгахаар болоод байсан тул ийнхүү дурлалт залуутайгаа зугтсан байна.

Үүний дараа үлдсэн эгч дүүсийг нь ийнхүү шийтгэж гэрийг нь Жат ангийн гэр бүлийнхэн булаан авчээ.

Эмнести Интернэшнл анх 50,000 хүний гарын үсэг цуглуулах зорилготой байсан бол одоо 56,000 хүрээд байна. Тиймээс тэд шинэ зорилго тавьж 75,000 хүний гарын үсгийг цуглуулахаар болжээ.

Мөн Эмнести Интернэшнл Уттер Прадеш мужийн захиргаанд албан бичиг хүргүүлж эгч дүүсийн аюулгүй байдлыг хангахыг шаардаад байна.

 

Эх сурвалж: Mashable