Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/08/31-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Н.ГУМИЛЕВ: ХҮН-ЧҮҮДИЙН ШАШИН

МОНСУДАР
2015 оны 8 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Шашны тухай яриа болоход: юунд сүсэглэдэг вэ, яаж сүсэглэдэг вэ? гэсэн хоёр асуулт гарч ирдэг юм. Хүн-чүүд жил бүрийн хавар «өвөг дээдэс, тэнгэр, газар, сүнсэнд» өргөл барьц өргөдөг байв. Шанью өдөрт 2 удаа мөргөл үйлдэнэ, өглөө мандаж буй наранд, орой саранд мөргөмү. «Одон гариг, сарны байдлыг харж байж» аливаа үйлдлээ эхэлдэг байв. 

Хэрэв үүн дээр шанью-гийн «тэнгэр, газраас төрсөн, нар, сарнаас тавигдсан» хэмээх хэргэмийг нэмбэл мөргөн шүтэх нэг объект сансар огторгуй байжээ гэдэг нь тодорхой болно; хүн-чүүд огторгуйг дүрсэлсэн онгодтой, өөрөөр хэлбэл, огторгуйг хүнчлэн үзүүлсэн байв. 

Огторгуйг ингэж бурхан шүтээн болгох нь грекийн үлгэр домог (Сатурны эцэг Уран), энэтхэгийн (эртний бурхдын нэг Варүн), эртний скандиновчуудын (Один) шашинд байсан юм. Үүнээс үндэслээд бодвол огторгуйг сүр бараатайгаар хүнчлэн шүтэхийг хүнч үүд баруун хөршүүдээсээ, юэчүүд юмуу динлинчүүдээс авчээ гэж хэлж болно, яагаад гэвэл, дорнод азийн монгол төрөлтнүүд тийм шашинтай байгаагүй юм. 

Дорно дахины полиспиритуализм өвгөдийн сүнсийг байгалийн эзнээс яс зааглан ялгадаг байсан юм. Эдгээрийн алийг нь ч дуудаж, үргээн тарааж, уурлуулж, баярлуулж болно гэж үздэг байлаа. Эдгээр сүнс бол бурхан шүтээн биш, харин зөвхөн уг чанараараа л хүмүүсээс ялгаатай амьд амьтан юм гэж хятадууд, түвдүүд үздэг байв; тэд хүчтэй, гэхдээ бүхнээс хүчтэй биш, уг чанараараа сайн ч бус муу ч бус, гэхдээ хорлож чадна, тус болж чадна гэнэ.

Товчоор хэлбэл, сүнстэй харьцахыг шашин гэж нэрлэхэд бэрхтэй юм. Хүн-чүүд ч гэсэн сүнсэнд итгэдэг байв. Тэд хойд насны амьдралд ч итгэдэг, түүнийг энэ насны амьдралын үргэлжлэл гэж нүүдэлчний болхи ухамсар төсөөлдөг байлаа. Ийм болохоор давхар авсанд сүртэйеэ оршуулна; талийгаачийг дааруулахгүйн тулд хоргой, үнэт үслэг эдээр хучина; хойд насанд нь түүнд үйлчлүүлэхийн тулд найз нөхөд, татвар эмийг хэдэн зуугаар нь алдаг байв. 

Шанью юмуу, төрийн албан хаагчдад «бараа болох» энэ харгис заншлаас гадна хүнээр өргөл барих явдал байсан юм. «Дайчдад өргөх өргөл»мэдээж, өвөг дээдэст зориулсан өргөлд эр зоригтой олзлогдогсдыг золигт гаргана, сүнс шидтэний амаар барьцаа нэхдэг байлаа. 

Хүнээр өргөл барьц барих нь хүн-чүүдийн сибирийн агуулгатай шашин, хятадын алс эртний бөө мөргөл, магадгүй, түвдийн бон шашинтай холбоотой нь эндээс харагдаж байна. Шашны энэ систем нэгдмэл бурхан байхыг хүлээдэггүй, ууртай, ширүүн амьтад ад зэтгэрийг хүндэтгэхээр хязгаарладаг.

Хятадуудаас хүн-чүүдийн булааж авсан алтан онгодыг Баруун хязгаараас гаралтай буддын төрх юм гэж олон эрдэмтэн үздэг.

Шашны энэ системийн эсрэг өвөг дээдсээ тахин шүтдэг күнзийнхэн, бас буддистууд, хожим загалмайтан болон лалынхан тэмцсээр байсан боловч энэ систем XIX зууныг хүртэл Түвдэд, нэлээд өөрчлөгдсөн хэлбэрээр Дорнод Сибирийн тунгусуудад оршсоор байсан билээ. Тэнд эл систем мөн л хүнээр өргөл барихтай холбоотой байснаа хожим үүнээ больсон нь сонин юм. 

Гарвал үүсэл, агуулгаараа нэн ялгаатай аз зэтгэр номхотгох, огторгуйг шүтэх гэсэн хоёр зэрэгцэн байсан нь өнгөц харахад хачирхалтай мэт санагдана, гэвч тэдгээрийн ертөнцийг үзэх үзлийг хүн-чүүд тодорхой зааглан ялгадаг байсныг харгалзвал энэ нь илэрхий болно, тэд ердөө л бие биендээ саад болдоггүй байв. 

Өөр нэг сонин зүйл гэвэл, хүн-чүүд өрнөдийн ч, дорнодын ч соёлын төсөөллийг өөртөө шингээж тэдгээрийн аль алиныг нь өвөрмөц торгон хэлбэрээр нь хослуулж байсанд оршино. Түүгээр ч барахгүй хүн-чүүд алс холын Энэтхэгийн номлол сургаалыг ч хүлээн авч байжээ. Хятадуудаас хүн-чүүдийн булааж авсан алтан онгодыг Баруун хязгаараас гаралтай буддын төрх юм гэж олон эрдэмтэн үздэг. Хүн-чүүдийн дунд буддынхан байсан гэж бодох үндэс байхгүй, гэвч тэд буддын номлолыг мэдэж, сонирхож байсан нь чухал юм.

Эх сурвалж: Л.Н.ГУМИЛЕВ “Хүн гүрэн”

 

Энэ номонд хүчирхэг дайчин чанар, аж төрөх байдлаараа Евразийн хувь заяанд асар их нөлөө үзүүлсэн хүн зоны амьдралыг нэн сонирхолтойгоор туурвин гаргажээ. Модун нутаг дэвсгэр бол төр улсын үндэс гэсэн үзэл баримтлал тогтоон мөрдөж, хүн бүр цэргийн алба хаах, даргадаа үг дуугүй захирагдах хийгээд албан тушаалын тогтолцоо буй болгосон нь цоо шинэ этносыг бүрдүүлсэн юм. Тиймдээ ч мөхөж сөнөх гэж байсан эртний хүнчүүд Модуны шинэчлэлтийн үр дүнд хүчирхэг цэргийн гүрэн болж бэхжсэн аж.

Энэ мэтчилэн нүүдэлчдийн анхны төрт улс болох Хүн гүрэн /Хүннү/-ийг байгуулагчдын өвөг дээдэс, газар нутаг, хүчирхэгжиж байсан үе, зөрчил тэмцэл, мөхөл зэргийг маш тодорхой, сонирхолтой байдлаар бичсэн энэхүү ном нь Монголчууд өөрсдийн үүх түүхээ ойлгон, судлахад ихээхэн тус болох юм.

Та энэхүү номыг “Интерном” номын их дэлгүүрийн бүх салбараас худалдан авах боломжтой.