Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/08/28-НД НИЙТЛЭГДСЭН

"Буянт-Ухаа 2" хорооллын орон сууцнаас хувийн хэвшлийнхэн захиалах боломжтой боллоо

А.Төгөлдөр, iKon.mn
2015 оны 8 сарын 28
iKon.MN
Зураг зураг

“Буян-Ухаа 2” цогцолборыг ашиглалтад оруулах болсон талаар Төрийн орон сууц корпорацийнхан мэдээлэл хийлээ. 

ТОСК-ийн Тэргүүн дэд захирал Д.Алтанхуяг “Манай байгууллагын зүгээс 2014 оны долдугаар сараас “Буянт-Ухаа 2” хорооллын 48 ширхэг барилгын ажлыг эхлүүлсэн билээ. Хуваарь ёсоор эхний 22 барилгыг энэ оны аравдугаар сарын 30-нд хүлээлгэн өгөх ёстой байгаа. Гэхдээ бид бололцоогоо нэмээд аравдугаар сарын 30-н гэхэд эхний 30 барилгыг ашиглалтад өгөхөөр ажиллаж байна

Манай удирдлагууд хуралдаад “Буянт- Ухаа 2” хорооллын борлуулалтын журмыг хэлэлцэж баталсан. Үүнтэй холбоотойгоор энэ оны есдүгээр сарын 7-ноос эхлэн “Буянт-Ухаа 2” хорооллын борлуулалтын ажлыг эхлэх гэж байна.   

Энэ удаад “Буянт-Ухаа 1” хорооллын борлуулалтын журамыг дахин боловсруулж зорилтот дөрвөн бүлгээс гадна жижиг дунд үйлдвэрлэл, хувиараа бизнес эрхэлдэг иргэдээ хамруулах болоод байгаа. 

ТОСК-ийн Маркетинг борлуулалтын хэлтсийн дарга Т.Гэрэлт-Од “Буянт-Ухаа 1” хороолол олон айлын шийдэлтэй байсан бол энэ удаад зургаан айлын шийдэлтэй болсон. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл хоёрдугаар ээлжинд ашиглалтад орж буй хороололд нэг өрөө байр байхгүй, нэг давхарт хоёр, гурван өрөө бүхий зургаан айлын орон сууц байхаар төлөвлөгдсөн. 

Орон сууцны баталгааны 5 талд хэлэлцээр явагдаж байгаа. Энэ баталгаа нь гараагүй байгаа учир журмаа уг баталгаатай уялдуулах үүднээс урьдчилгаа 10 хувийн төлбөр авч байрны захилга авна. Улсын комисс хүлээн авахаас өмнө баталгааны журам батлагдвал шалгуур хангасан хүмүүс 20 хувийн баталгаагаа авснаар үлдэгдэл зээлийн асуудлыг шийдвэрлэнэ. 
Харин баталгааны шаардлага хангаагүй хүмүүс улсын комисс хүлээж авсны дараа 20 хувийн урьдчилгаагаа төлөөд үлдэгдэл 70 хувийн зээлийн асуудлаа шийднэ” гэлээ.

Гол өөрчлөлт 

Мөн өнгөрсөн жил “Буянт-Ухаа 1” хороололд бүртгүүлсэн ч сугалгаагаар эрх хожиж чадаагүй 4,595 хүн байгаа аж. Эдгээр иргэн дахин бүртгүүлэлгүйгээр зээлийн шаардлага хангасан л бол эхний ээлжинд орон сууцтай болох боломжтой юм байна. 

“Буянт-Ухаа 2” хорооллыг байгуулж дууссанаар нийт 1,620 ширхэг орон сууц ашиглалтад орох юм. Үүний 50 хувийг өнгөрсөн жил бүртгүүлсэн ч сугалаагаар сонгогдож чадалгүй үлдсэн иргэдэд олгох бол 20 хувийг нь төрийн байгууллагуудад квот хэлбэрээр, үлдсэн 30 хувийг нь “Буянт-Ухаа 1”-ийн захиалгаас хоцорсон, хувийн байгууллагад ажилладаг, 35-аас дээш наснынханд олгох ажээ. Тодруулбал, залуу гэр бүл, ахмад настан зэрэг зорилтот бүлэгт хамааралгүй хүмүүст энэ удаад боломж олгох юм байна. 

Мөн төрийн байгууллагад олгох квотыг төрийн үйлчилгээний байгууллагад ажилладаг иргэдэд түлхүү олгохоо ТОСК-ийн удирдлагууд мэдэгдлээ. Яам, агентлагт ажиллагсадаас илүү эмнэлэг, сургууль, онцгой байдал, цагдаагийн байгууллагад ажилладаг жирийн албан хаагчдад илүү боломж олгох юм байна.  

Захиалгыг ТОСК дээр авах бөгөөд загварын байр хорооллынхоо 1002 тоотын нэгдүгээр давхарт ажиллах аж. 

-Журмын шаардлага гэдгийг тодруулна уу?

-“Буянт-Ухаа” хороолол маань Улаанбаатар хотод баригдаж байгаа. Тиймээс “Буянт-Ухаа 2” хороололд захиалга өгөх иргэн хамгийн эхэнд Улаанбаатар хотын харьяат байх ёстой. Хоёрдугаарт, урьдчилгаа 10 хувиа өөрөө төлөх боломжтой, Засгийн газрын хөнгөлөлтийн 20 хувь болон ипотекийн 8 хувийн зээлд хамрагдах шалгуурыг хангасан байх гэсэн үндсэн шалгуурууд байгаа. Үнийн хувьд нэг метр квадрат нь 1,350,000 төгрөг байна. 

-Өмнөх “Буянт-Ухаа 1” дээр орон сууцаа зарахгүй, түрээслэхгүй байх шаардлага тавьж байсан. Энэ удаад ямар байх вэ?

- Орон сууцыг орон сууцны зориулалтаар ашиглах ёстой. Анхнаасаа худалдаа үйлчилгээний зориулалтаар хийсэн бол зориулалтаар нь л ашиглана. Зарах үрэх асуудлыг хориглосон.

-Сугалаа сугалуулах уу. Сугалаа шударга явагдаж байгаа эсэхийг иргэд хянах боломжтой юу? 

-Сугалаа сугалуулдаг үйл ажиллагаа хэвээрээ.  
“Буянт-Ухаа 2”-т орох хүсэлт өгөөд, сугалаа сугалсан боловч орж чадаагүй үлдсэн иргэд бий. Энэ хүмүүсээ давуу эрхээр түрүүлж бүртгэнэ. Ингэснээр тэдгээр иргэдэд 10 хувийн урьдчилгаагаа төлөөд байраа сонгох эрх нь нээгдээд явна. 

-Өнгөрсөн жил анх удаа орон сууц авч байгаа иргэдийг хамруулж байсан. Энэ жил энэ журам хэвээрээ байгаа юу?

-Энэ журам хэвээрээ байгаа. Манай хорооллын орон сууцад анх удаа орон сууц авч байгаа иргэд орох ёстой. Таван талт гэрээний төсөл дээр ч анх удаа үндсэн зээлдэгчээр хөнгөлөлттэй  зээлийн нөхцлөөр шинэ орон сууц худалдан авах гэж заасан байгаа. 

-Жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжинэ гэж байна. Энэ талаар дэлгэрэнгүй тайлбарлаач?

-Өнөөдөр Монгол Улсын иргэд маш олон төрлийн ажил хөдөлмөр эрхлэж байгаа. Нэг хэсэг нь төрийн албан хаагч, нөгөө хэсэг нь хувиараа, зарим нь хэдхэн хүнтэй аж ахуй эрхлэж байна. Жижиг дунд бизнесийг дэмжих төрийн бодлого гэж бий. Бизнес эрхлээд ахуй амьдралаа авч яваа хүмүүст боломж олгож байгаа хэрэг. 

-“Буянт-Ухаа 2”-ийн сургууль, цэцэрлэгийн барилга хэзээ дуусч ашиглалтад орох вэ?

-Эхний 30 байртай зэрэгцээд 240 хүүхдийн дөрвөн цэцэрлэг ашиглалтад орно. Эхний хороололд анхны төлөвлөгөөгөөр зургаан ширхэг үйлчилгээний төвийн барилга барихаар байгаа. Хөрөнгө оруулалт санхүүгийн асуудлаас болоод эдгээр барилгын суурийн давхар нь хийгдээд одоогоор түр зогссон. Хороолол бүрэн ашиглалтад ороход 12 ширхэг үйлчилгээний төвийн барилга дагаад ашиглалтад орно.