Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/07/31-НД НИЙТЛЭГДСЭН

"НАМЫН дарга ЕРӨНХИЙ САЙД хоёр нэг байх ёстой"

Д.Эрдэнэцэцэг, iKon.mn
2015 оны 7 сарын 31
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Б.Бямба-Очир/MPA.mn

-АН-ын ҮЗХ-г хуралдуулахыг шаардлаа-

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнөөдөр УИХ-ын дарга З.Энхболдод Засгийн газрын зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай тогтоолын төсөл өргөн барина гэсэн мэдээлэл байсан.

Гэвч тэрбээр УИХ-ын даргад шаардлага хүргүүлж, сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тэрбээр хэлэхдээ “Та бүгдэд цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулж товчхон мэдээлэл хийе.

ГАДААД ОРЧНЫ ХУВЬД,


Уул уурхай, түүхийн эдийн үнийн огцом бууралтууд үргэжилсээр байна. Мөн гадаадаас орж ирэх хөрөнгө оруулалт санасан хэмжээнд нэмэгдэхгүй нь. Гадаадын хөрөнгө оруулагчид Монголын дотоод улс төрийн амьдралтай холбоотой үйл явцыг ажигласан байдалтай хэвээр байна.

ДОТООД ХҮЧИН ЗҮЙЛИЙН ХУВЬД,


Энэ жил төсвийн алдагдлаа нөхөх, цаг үеийн ажлуудтай холбогдуулаад ургац хураалт, малын хангалт тэжээл, махны нөөц бэлтгэх ажил хугацаа харгалзахгүйгээр маш их хүчин чармайлт шаардаж байна.

Энэ нөхцөлд бид цааш, урагшаа явахад зарчмын асуудлаа буюу эрх ашгийн эрэмбээ зөв дараалалд оруулах шаардлага гарч ирлээ.

Юуны өмнө,

  1. Улс орны эрх ашиг
  2. Улс төрийн эрх ашиг
  3. Хэсэг бүлэг улс төрчдийн эрх ашиг байх ёстой.

Улс орныхоо эрх ашгийг хангахын тулд улс төрийн намын дарга нь Ерөнхий сайдтай хамтдаа байж ажиллах нь улс төрийн тогтвортой байдлыг хангахад хамгийн чухал гэж үзэж байна.

Мөн Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомжид нийцүүлж, АН-аас гаргасан шийдвэрээ хүндэтгэж  миний хувьд  дараах шийдвэрийг гаргалаа. 

Зургаан сайдыг огцруулах, чөлөөлөх энэ асуудал хуулийн дагуу явж байгаа. Би танхимынхаа сайд нартай уулзсан. Ямар ч байсан зургаан сайдыг огцруулах асуудал процессийн дагуу үргэлжлээд явж байна. Гэхдээ сайд нарыг огцруулсанаар энэ асуудал шийдэгдэхгүй, тиймээс түрүүн хэлсэнчилэн намын дарга, Ерөнхий сайд хамт байх ёстой. Энэ асуудлыг үндсэндээ шийдэх ёстой.

Би дөнгөж сая УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболдод Ерөнхий сайдын хувьд нэг шаардлага хүргүүллээ. Энэ юу вэ гэхээр дээрх асуудлуудыг нэр мөр шийдэх үүднээс АН-ын Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдааныг найман сарын 3-нд болох УИХ-ын Ээлжит бус чуулганаас өмнө яаралтай зарлан хуралдуулахыг хүссэн юм” гэв.


УИХ, АН-ЫН ДАРГА З.ЭНХБОЛДОД ХҮРГҮҮЛСЭН ШААРДЛАГЫГ БҮРЭН ЭХЭЭР НЬ ХҮРГЭЕ.

Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооноос Улсын Их Хуралд суудалтай бусад намуудтай зөвшилцөн хамтарсан Засгийн газар байгуулан ажиллахыг даалгасны дагуу Ардчилсан намын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд Чимэдийн Сайханбилэг миний бие Улсын Их Хуралд суудалтай АН, МАН, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл, ИЗНН-ын хамтарсан Засгийн газрын байгуулан улс эх орныхоо хөгжил дэвшлийн төлөө ажиллаж ирлээ.

Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл болон Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгээс Ардчилсан нам, Монгол Ардын намын хооронд 2014 оны 12 дугаар сарын 9-ний өдөр байгуулсан Харилцан итгэлцэл, хамтын ажиллагааны гэрээний хэрэгжилтийг “хангалтгүй” гэж дүгнэн, нэн даруй цуцлахаар шийдвэрлэсэн.

Улс орны хөгжлийн энэ эгзэгтэй үед Монгол Улсын Засгийн газрын тэргүүнээр ажиллахдаа миний бие Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг чандлан сахиж, Ардчилсан намын бүх шатны удирдах байгууллагуудын шийдвэрийг хүндэтгэн ажиллаж ирсэн болно.

Хамтарсан Засгийн газраас улс төрийн бусад намтай үргэлжлүүлэн хамтран ажиллахын тулд парламентын бүгд найрамдах улсын сонгодог жишиг болсон Гүйцэтгэх засгийн тэргүүн нь олонхийн буюу эрх баригч намын лидер, тэргүүн байх үндсэн зарчим хангагдах ёстой. Эдийн засаг, улс төрийн энэ торгон агшинд Улсын Их Хуралд хамгийн олон суудалтай Ардчилсан намын хувьд Гүйцэтгэх засгийн тэргүүн нь Ардчилсан намын даргын албыг хамт хашин улс орны өмнө тулгамдсан зорилтуудыг хэрэгжүүлж, улс төрийн бодлого, манлайллыг хослуулан гүйцэтгэх нь зүйтэй бөгөөд үүнийг зөвхөн төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлж байгаа Ерөнхий сайд, Улсын Их Хуралд суудалтай Ардчилсан намын төдийгүй Монголын ард түмний нийтлэг эрх ашиг, хөгжлийн язгуур үндэс шаардаж байна.

Иймд Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны ээлжит бус хуралдааныг Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы буюу 2015 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн өмнө хуралдуулж өгөхийг Танаас шаардаж байна.