Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/08/01-НД НИЙТЛЭГДСЭН

Картаа л ав

Л.Хэрлэн
2015 оны 8 сарын 1
polit.mn
Зураг зураг

Автобусанд карт уншуулж зорчдог болоод хэд хонож байна. Хэл ам гарч байна аа. ...Карт уншигч нь гацаж байна. ...Хөгшдийн картыг “Дансны үлдэгдэл чинь хүрэлцэхгүй байна” гэж уншлаа. ...Бэлэн мөнгөний хайрцаганд 500 илүү мөнгө хийхээр хариулт өгөхгүй юм. ...Зорчигчид картаа уншуулж байгаа эсэхэд хяналт тавьж байгаа автобусны жолооч маш их ядарч байна. ...Энэ үйлчилгээ кондукторуудыг ажилгүй болгох гэж байгаа юм гээд л.

Солонгосын хөрөнгө оруулалттай “Улаанбаатар смарт карт”  ХХК энэхүү төслийг хэрэгжүүлж байгаа. Солонгосчууд 27 орчим тэрбум төгрөгийг хөрөнгө оруулалт хийж, 100 хувь санхүүжүүлжээ. Манай төрөөс нэг ч төгрөг авалгүй төсөл хэрэгжүүлж байна гэсэн үг. Энэ мөнгөө  олно, ингэхдээ  5-6 жилийн туршид  бага багаар. Гэхдээ зорчигчдод, Монголын төрд ямар нэг санхүүгийн дарамтгүйгээр нөхөж авах юм байна лээ.

Тэгээд тэдний оруулж ирээд автобусанд суурилуулаад байгаа төхөөрөмж нь дэлхий олон улс оронд хэрэглэдэг жишиг техник ажээ.

Хот дотор нийтийн тээвэрт явж буй 1,200 автобусанд төхөөрөмжөө суулгачихсан. 

Одоогоор Улаанбаатарт, тодруулбал хот дотор нийтийн тээвэрт явж буй 1,200 автобусанд төхөөрөмжөө суулгачихсан.

Тэрийг нь хэрэглэж сурах гэж манайхан эхнээсээ  бөөн юм болж бужигнаж байгаа хэрэг л дээ. Хамгийн гол нь  гадаад очихоороо чадаад байдаг зүйлээ Монголдоо ирэхээрээ чадахаа байчихдаг. Тэгээд манайд хэрэггүй, энүүгээр яах юм, ядаргаатай гэхчлэн үглэж гарах.

Америкийн Вашингтон, Солонгосын Сөүл зэрэг томоохон улсын нийслэлийн иргэд ингэж картаа уншуулаад л нийтийн тээврээр зорчдог. Тэр байтугай энүүхэн хил гараад хоёр хөршийнхөө зах руу ороход ийм үйлчилгээ угтдаг.

Тэгэхэд яршиг ядаргаа гэж хэлэлгүй картаа авч уншуулаад нийтийн тээврээр үйлчлүүлдэг биз дээ, бид. Н.Жанцанноров гуай нэг удаа “Монголчууд бусдаас өөр хүмүүс биш шүү дээ. Биднийг өөр болгож буй ганцхан зүйл бий. Тэр нь Төв Азийн цээжин дэх эрс тэс уур амьсгал бүхий энэ нутаг” гэсэн нь бий. Тэгвэл дэлхийн стандарт, наад захын  нийтийн тээврийн карт уншуулдаг үйлчилгээ манайд  нэвтрэхэд хэцүү, тэрийг хэрэгжүүлэхэд өвөрмөц онцлог энэ тэр нь саад болоод байгаа юм биш.

Зүгээр л хэдэн бор төгрөг тоолж, кондуктортай хэрэлдэж, хэл амаар доромжилж бас  доромжлуулж, зарим тохиолдолд зодоон цохионд хүрч байдаг үйлдлээ больж, шинэ соёлд дасъя. 3,500 төгрөг төлөөд картаа л ав. Автобусанд  орохдоо хаалганы хажуу дахь  төхөөрөмжид нь уншуулчих. Энд хэрүүл хийх, хэл амаар доромжлох зүйл огтхон ч  алга. Харин ч амархан, илүү амар  амгалан, элдэв стрессгүй  зорчих болж байгаа юм биш үү. 

Зураг