Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/08/01-НД НИЙТЛЭГДСЭН

НУУЦЫН ЗЭРЭГЛЭЛ БҮХИЙ ГАЗРЫН ЗУРАГНУУД ОЛНЫ НҮДЭНД ИЛ БОЛЖЭЭ

Өнөөдөр сонин
2015 оны 8 сарын 1
ӨНӨӨДӨР
Зураг зураг

Хаа л таарсан газартаа бушуухан хашаа хатгаад авчих сонирхолтой хүн цөөнгүй. Хөдөөнөөс хот руу чиглэсэн их нүүдлийн хөлд дарагдсан нийслэлийн нүх сүв бүрт эзэн олдсон гэвэл хэтрүүлсэн болохгүй л болов уу. Уул овоо, гуу жалга, намаг шалбаагтай гэж голохгүй, бууриа засаад л төвхнөчихнө. Хотын төвд нь болохоор гишгэх зайгүй шахам барилгууд.

Уг нь барилга, байшин барихын өмнө газрын зөвшөөрөл авсан байх шаардлагатай. Гэтэл зөвшөөрөлгүй газар дээр кадастрын зураг л гаргуулаад авчихвал өөрийнх болгосон мэт аашилж байна. Геодези, зураг зүйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас (НМХГ) ээлжит шалгалтаа хийжээ.

Барилга хот байгуулалтын яамнаас геодези, зураг зүйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл авсан 200 гаруй аж ахуйн нэгж манай улсад үйл ажиллагаа явуулж буй. НМХГ-аас эдгээр байгууллагын тодорхой хэсэгт жил бүр шалгалт хийдэг бөгөөд энэ жил 20 аж ахуйн нэгжийг хамруулна.

Үүнээс 16 байгууллагыг шалгахад давхардсан тоогоор 108 зөрчил илрүүлж, улсын байцаагч тодорхой хугацаанд зөрчлөө арилгах албан шаардлага хүргүүлсэн байна. Зөрчил гаргасан есөн компанийг хуулийн дагуу нийт 900,000 төгрөгөөр торгожээ. Шалгалтын үед цөөнгүй зөрчил илэрснээс хамгийн ноцтой нь улсын нууцын зэрэглэл бүхий газрын зурагтай харьцах нууцын эрхлэгч эдгээр 16 байгууллагын зөвхөн нэгд нь л байсан явдал.

Энэ нь Монгол Улсын төрийн нууцыг хамгаалах журмын 1.6 дахь заалтыг зөрчсөн үйлдэл юм. Өөрөөр хэлбэл, 1:100.000, түүнээс том масштабын зураг ашиглах нь төрийн нууцад хамаарах учраас Тагнуулын ерөнхий газарт бүртгүүлэн, тухайн байгууллага нууцын эрхлэгч томилох шаардлагатай. Ингэснээр тухайн эрхлэгч нууцыг чандлан хадгалах, хилийн дээс алхахдаа ч хэлж, бүртгүүлэх ёстой байдаг. Үүнээс гадна үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийнх нь хугацаа дууссан ДДСС, “Демон инженеринг”, “Мөнх ногоон орчлон”, “Ти Ай Би” гэсэн дөрвөн компани байжээ.

Тэдний тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай дүгнэлт гарган, БХБЯ-нд энэ сарын 1-нд хүргүүлсэн байна. Мөн хувь хүний хийсэн зураг зүйн бүтээлийг хуулбарлан хэвлэсэн зөрчил ч илэрчээ. Эх сурвалжийн мэдээлснээр энэ мэт олон зөрчил гарах нэг шалтгаан нь төрийн байгууллагууд аж. Засгийн газрын 2009 оны 25 дугаар тогтоолоор Газрын кадастрын мэдээллийн сангийн зургийг нэг солбицлын дагуу хийж гүйцэтгэхээр болсон.

Гэтэл Газрын харилцаа, геодези, зураг зүйн газраас өнөөдрийг хүртэл үүнийг нэг солбицолд шилжүүлээгүйгээс болж аж ахуйн нэгжүүд шинэ тогтолцоогоор зураг төслөө гаргаад ирэхээр мэдээллийн сан нь танихгүй, чирэгдэл учирч байгаа юм байна.

БХБЯ-наас Геодези, зураг зүйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгжүүдэд тусгай зөвшөөрөл олгохдоо мэргэжлийн хүмүүс ажиллах эсэхийг нь нягтлан шалгахгүй байгаагаас дурын хүмүүс тэнд ажиллах болжээ. Хэдэн багаж хэрэгслийн нэрнээс цаашгүй “үл мэдэгчид” алдаатай зураг гаргаж буй нь ч шалгалтын үеэр тогтоогдсон аж.

Тусгай зөвшөөрөлтэй 200 гаруй аж ахуйн нэгжээс дөнгөж 16-д нь шалгалт хийхэд эдгээр зөрчил илэрч буй нь бусад нь ямархуу байдалтай байгааг илтгэнэ. Гэтэл эдгээр аж ахуйн нэгжид ердөө хоёрхон байцаагч хяналт шалгалт хийж байгаа нь дутагдалтай. Эдгээр компанид шалгалт хийсэн НМХГ-ын Байгаль орчин, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагч С.Болорцэцэгээс зарим зүйлийг тодрууллаа.

С.БОЛОРЦЭЦЭГ: ЦЭВЭР УСНЫ ХУДАГТ ХОР ХИЙХИЙГ Ч ҮГҮЙСГЭХГҮЙ

-Танайхаас жил бүр шалгалт хийдэг юм байна. Шалгалтын үр дүн гарч байна уу?

-Энэ жил 20 байгууллагад шалгалт хийхээс 16-г нь шалгасан. Нэг нь хөдөө ажлаар явж таарсан бол нөгөөх нь байршил, хаяг нь тодорхойгүй. Хаягийг нь тодруулахаар Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандан шүүлгэсэн ч бидэнд байгаатай ижил хаяг, утасны дугаар өгсөн. Тэр утас нь холбогдохгүй, зааж өгсөн хаяг дээр нь өөр айл байсан.

Өнгөрсөн жил 40 орчим байгууллагыг шалгалтад хамруулсан. Эдгээр байгууллагыг энэ жил дахин шалгахгүй. Өөрөөр хэлбэл, жил бүр шалгалт хийдэг ч өөр өөр байгууллагыг хамруулдаг гэсэн үг. Шалгалтад орсон байгууллагын ажилчдыг сургалтад суулган, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, алдаа дутагдал дахин гаргуулахгүй байх, дотоод хяналт шалгалтыг сайжруулах, геодезийн мэргэжлийн ажилтантай болох зөвлөгөө өгдөг.

-Тэгэхээр та бүхний тавьсан шаардлагыг биелүүлсэн, эсэхийг яаж хянах юм бэ?

-Төлөвлөгөөт шалгалт дууссаны дараа даргын зөвлөлийн хурлаар хэлэлцээд гүйцэтгэлийн хяналт шалгалт хийдэг. Эдгээр компанийг ирэх ес, аравдугаар сард дахин шалгаж, зөрчлөө арилгасан, эсэхэд нь хяналт тавих юм. Нэг удаа хяналт шалгалтад орсон аж ахуйн нэгж дараа жил нь шинээр байгуулагдсан компанид зөвлөгөө өгч ажилладаг.

-Кадастрын зураг гаргаж өгнө гэсэн зар түгээмэл байдаг. Энэ нь хэр найдвартай бол?

-Иргэний өгсөн гомдлын дагуу шалгахад нэг компани зөвшөөрөлгүйгээр кадастрын зураг гаргаж байсан. Үүнд арга хэмжээ авч, тухайн компани БХБЯ-наас тусгай зөвшөөрөл авсан. Иргэд өөрсдөө дур мэдэн газраа томруулан кадастрын зураг хийлгэх тохиолдол цөөнгүй. Кадастрын зургийн талбайн хэмжээг томруулахад нийслэлийн Өмчийн харилцааны газраас захирамж гаргуулах ёстой.

БХБЯнаас үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан геодези, зураг зүйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгжүүдийн аль нь ч баталгаатай зураг гаргаж өгнө. Гэхдээ үүнд анхаарах ёстой нэг зүйл нь нийслэлийн Өмчийн харилцааны газар болон дүүргийн өмч, газрын харилцааны албаны газар зохион байгуулагч нараас иргэн, аж ахуйн нэгж мэдэгдэл авах ёстой. Тэр мэдэгдлийн дагуу кадастрын зураг хийдэг.

Гэтэл манайд энэ үйл явц эсрэгээрээ явагддаг. Эхлээд газартаа кадастрын зураг хийлгэсний дараа газрын албанд ханддаг. Хууль журмаараа бол нийслэлийн Өмчийн харилцааны газарт хүсэлт гаргаж, тухайн харьяаллын Засаг дарга нь зөвшөөрсний дараа, мэдэгдэл авч, кадастрын зураг хийлгэх нь зөв.

-Шалгалтаар нууцын зэрэглэлд хамаарах газрын зургийг олон нийтэд ил болгосон зөрчил илэрсэн байна. Үүнд ямар арга хэмжээ авсан бэ?

-1:100.000, түүнээс том масштабын зураг бүгд нууцын зэрэглэлтэй. Төрийн нууцын зэрэглэлийн жагсаалтын 32-т байдаг. Гэтэл шалгалтад хамруулсан 16 байгууллагаас 15 нь нууцын эрхлэгчгүй байна. Энэ нь ямар хор хөнөөлтэй вэ гэхээр дурын хүн нууцын зэрэглэлтэй газрын зургийг харах боломжтой гэсэн үг.

Муугаар бодоход, гадаадын нэг компанийнхан орж ирээд цэвэр усны худгуудад хор хийчихвэл яах вэ.

1:100.000, түүнээс том масштабын зураг бүгд нууцын зэрэглэлтэй.

Цэвэр усны худгаас эхлээд хаана, юу байгаа нь бүгд тодорхой харагдаж байна шүү дээ. Үүнийг нууцлах ёстой. Тиймээс бид 2012 оноос эхлэн Тагнуулын ерөнхий газарт энэ талаар хэд хэдэн удаа албан бичиг хүргүүлсэн.

Одоогоор авсан арга хэмжээ алга. Манай байгууллага торгох, үйл ажиллагааг нь зогсоох эрхгүй. Хуулиараа Тагнуулын ерөнхий газар, Газрын харилцаа, геодезийн газар арга хэмжээ авах эрхтэй. БХБЯ, Тагнуулын ерөнхий газар, манай байгууллага геодези, зураг зүйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдэд удахгүй хамтарсан шалгалт хийхээр төлөвлөсөн гэв.

Тагнуулын ерөнхий газраас энэ асуудалд хэрхэн анхаарч буйг тодруулах гэтэл “Хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтнаараа дамжуулж мэдээлэл хүргэдэг. Одоогоор амарсан учир 10 хоногийн дараа холбогдоно уу” гэсэн хариу өгөв. Харин “Ти Ай Би” ХХК-ийн захирал Ч.Намшираас тусгай зөвшөөрлийн хугацаа нь дууссан байхад яагаад үйл ажиллагаа явуулсныг нь асуухад, “Манай компани 2007 онд байгуулагдсан.

Зөвшөөрлийн хугацаа дууссанаас хойш өөр компаниар зураг төслөө гаргуулж байсан. Бид одоо тусгай зөвшөөрөл авахаар дахин бичиг баримт бүрдүүлж байна. Мөн нууцын эрхлэгч томилохоор ажиллаж байгаа” гэв.

Зураг