Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/07/31-НД НИЙТЛЭГДСЭН

Нийслэлийг 2020 он хүртэл хөгжүүлэх төслийг танилцууллаа

ikon.mn
2015 оны 7 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан болж, хуралдаанаар Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх  нарийвчилсан төлөвлөгөөний төслийг танилцууллаа.

Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, Хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат энэхүү асуудлыг танилцуулахдаа, Улаанбаатар хот нь төсвийн болон хэрэглээний бүх төрлийн ухаалаг шийдлийг дэмжин хэрэгцээнээс илүү төлөвлөлтгүй, илүү зардалгүй, ухаалаг  хүрээлэн буй орчинд ээлтэй, эдийн засгийн эрч хүчтэй хот болохоор зорьж нарийвчилсан төлөвлөгөөний төслийг боловсруулсан гэж онцлов. Төлөвлөгөөний төслийг боловсруулахдаа  нийслэлийн 9 дүүрэг, нутгийн захиргааны байгууллагууд болон яамд, төрийн захиргааны төв байгууллагуудаас анхан шатны санал авч нэгтгэжээ.

Эдгээрээс  2016-2020 онд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийн жагсаалтыг гаргаж  нийт 167 их наяд төгрөгийн төсөвт өртөг бүхий 300 гаруй төслийн санал ирүүлснээс хотын хөгжлийн стратеги, бодлогын хүрээнд эрэмбэлэн боловсруулж хоёр зуу орчим дэд төсөл бүхий хөрөнгө оруулалтын 78 багц төсөл, арга хэмжээг нэгтгэн танилцуулж байгаа юм байна.

Ингэснээр  Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хэрхэн  хэрэгжүүлэх нарийвчилсан төлөвлөгөө бэлэн болж байна гэсэн үг юм.  Төлөвлөгөөний төслийг боловсруулахад ЖАЙКА Олон Улсын байгууллагын зөвлөх дэмжлэг үзүүлсэн бөгөөд төлөвлөгөөг дүүрэг тус бүрээр нь гаргаж байгаагаас гадна, хэрэгжүүлэх оны дараалал, салбараар нь гэх мэтээр нарийвчлан гаргажээ.

Тодруулбал Нийгмийн хангамж үйлчилгээний чиглэлээр,

  • ”Хороо бүрт цэцэрлэг” төслийн хүрээнд 2020 он хүртэл нийт 5,740 ор бүхий 50 цэцэрлэгийн барилга,
  • “Хороо бүрт сургууль” төслийн хүрээнд  нийт 17,260 суудал бүхий 29 сургуулийн барилга,
  • “Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор” төслийн хүрээнд тус бүр 120 ор, 180 суудал бүхий 88 цогцолборын барилга,
  • ”Хүүхдийн эмнэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэх” төслийн хүрээнд  тус бүр 100 ортой 3 эмнэлгийн барилга,
  • "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг асрах, хөгжүүлэх төв байгуулах" төслийн хүрээнд  тус бүр 90 ортой төвийн 7 барилга гэх мэт ажлуудыг эрэмблэн тусгасан аж.

Мөн үйлдвэрлэл, технологийн парк байгуулах төсөл 21,  гэр хорооллын дахин төлөвлөлтөөр 24 байршилд 71,290 айлын орон сууц, “Эко парк” байгуулах төслийн хүрээнд хогийн долоон үйлдвэр, Газар шинэчлэн зохион байгуулалтын төслийн хүрээнд 10,150 айл өрхийг инженерийн шугам сүлжээнд холбоно гэх мэтээр нарийвчлан тусгажээ.
Эдгээр төсөл арга хэмжээний саналыг нийслэлээс холбогдох салбарын яамдад хүргүүлж, Засгийн газарт өргөн барих юм.