Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/07/31-НД НИЙТЛЭГДСЭН

“Иргэн газраа олж авахад төр туслагч нь байх ёстой” гэсэн үг Зайсангийн уугуул иргэдийн хувьд биелэлээ оллоо

ikon.mn
2015 оны 7 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Хан- Уул дүүргийн 11, 4-р хороо. Бидний нэрлэж заншиснаар Зайсангийн  арцатын аманд оршин суух 600 гаруй өрх. Тэднийг Зайсангийн уугуул иргэд гэж тодорхойлж болно.  Яг үнэндээ шинэ цагийн баячуудын хилийн дээс болсон зайсан орчимд  хэдэн бор гэр, өнгө муутай цөөхөн  хашаа байдаг нь арцатын аманд насаа элээж буй иргэдийнх. Тэд арчаагүйдээ ингэж амьдраагүй. Учир нь эдгээр  иргэдийн амьдрах орчин хуулиар баталгаажаагүй байсан юм. 

Иргэдийн хэлж буй энэ асуудал өнөөдөр л үүсчихсэн юм биш. Амьдарч буй газраа баталгаажуулах гэсэн иргэдийн хүсэлт, өргөдлүүд  олон ч  сайдын “чихнээс хонх уяж”, олон даргын ширээний нүдэнд тоосонд дарагдан хэвтсэн нь бас л үнэн. Төрийн тусгай хамгаалалтын бүсэд амьдарч байгаа гэх шалтгаан арцатын амны иргэдийг амьдралын баталгаагүй болгож байгаа ч нөгөө талаар тансаг харш, өндөр барилгууд уугуул иргэдийн хашаатай  хаяа дэрлэн босч байгаа нь энэ асуудлыг зоосны хоёр талаас нь тайбарлах боломжийг бүрдүүлж байгаа юм. Асуудал бүхэнд гарц байдаг. Гарц хайсан уулзалтууд ч үргэлжилсээр байв.  
Цаг хугацаа өнгөрөх тусам зайсангийн уугуул иргэдийн газар өмчлөлийн асуудал улам л хүндхэн болж байсан юм. Энэ ч үүднээс хугацаа алдаж болохгүй шүү, хавартаа багтаад хамтдаа шийдэх ёстой гэсэн их хурлын гишүүн Л.Болдын байр суурийг иргэд дэмжиж байлаа. Улсын Их хурлын чуулганы танхимд иргэдээ төлөөлж энэ асуудлаар салбарын сайдын байр суурийг сонссон юм.  2015 оны 4-р сарын 9-ны өдөр Байгаль орчин аялал жуучлалын сайд  зайсангийн иргэдийн газар ашиглалтын гэрчилгээг баталгаажуулна гэж анх удаа ам нээсэн юм. 

Д.Оюунхорол: Энэ хүмүүст эзэмших эрх өгөхгүй, ашиглах эрхийг олгоно. Өөрөөр хэлбэл гэрчилгээжүүлнэ

Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол: Энэ асуудал судлагдаж байна. Өмнөх Засгийн газрын үед хийгдэж байсан зарим ажлын тайлан архив бидэнд шилжиж ирээгүй байна.Зайсанд суурин иргэншлийн бүс үүссэн. Барилга барьсан аж ахуйн нэгжүүд нь үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авч чаддаггүй.

Тэнд хашаанд 40, 50 жил амьдарсан хүмүүс газрынхаа гэрчилгээг авч чаддаггүй гэх мэт зөрчлүүд бий болсон. Гэхдээ Богд уулыг тусгай хамгаалалтын бүсээс нэг метрийг ч гаргахгүй гэж Засгийн газраас шийдвэр гарсан байна.Ер нь Монгол Улс олон улсын өмнө хүлээсэн үүргээрээ тусгай хамгаалалттай газар нутгийг нэмэгдүүлэх үүрэг хүлээдэг.Одоогийн суурьшил үүссэн гэр хороололд 600 гаруй айл өрх байна.

Энэ хүмүүст эзэмших эрх өгөхгүй, ашиглах эрхийг олгоно.Өөрөөр хэлбэл гэрчилгээжүүлнэ.

Монгол улс газрын авлигын түвшингөөр сүүлийн 8 жил тэргүүлжээ. Энэ үзүүлэлт газрын харилцааны гажуудал ямар түвшинд хүрсний тод илрэл юм. Газартай холбоотой асуудалд иргэд ялалт байгуулж байсан тохиолдол ч тун ховор ажээ. Энэ ч үүднээс хуулийн нарийвчилсан зохицуулалт нэн тэргүүнд нэхэгдэж байлаа. Улсын их хурлын нэр бүхий гишүүдийн санаачилсан “Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг их хурлын чуулганаар хэлэлцэж эхлээд байгаа. 2015 оны 4-р сарын 13-ны өдөр хуулийн төслийг санаачлагч  улсын их хурлын гишүүн Л.Болд Монгол улсын Ерөнхийлөгчийн байр суурийг сонссон юм. Энэ яриаг уншигч танд эргэн сануулъя.

Л.Болд: Бид хойш нь тавих бололцоогүй, шийдвэрлэх ёстой гэж харагдаад байгаа юм

-УИХ-ын гишүүн Л.Болд: Ерөнхийлөгчийн тайлан хэлэлцэж байгаа энэ үед асуулт байна, надад. Ерөнхийлөгчийг газар өмчлөлийн асуудлаар үгээ хэлээсэй гэж хүсч байна. Нийт монголчуудын анхаарлын төвд байдаг сэдэв. Сая би тойрогтоо уулзалт хийгээд явж байхад манай тойргийн сонгогчид газар өмчлөлийн энэ сэдвээр ярилцацгаасан. Хоёр жил хүлээлээ. Хууль УИХ дээр байгаа. Ерөнхийлөгч маань ямар байр суурьтай байна вэ гэж асууж байна. Энэ асуудал бол тулгамдсан асуудал мөн. Үүнд байрсууриа илэрхийлэхгүй юу.Бид хойш нь тавих бололцоогүй, шийдвэрлэх ёстой гэж харагдаад байгаа юм?
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Л.Болд гишүүний асуултад товчхон хариулъя. Газар бол төрийн үндэс гэж манай өвөг дээдэс сургасан. Энэ асуудлыг хуулиар шийдье. Хуулиар шийдэхдээ Монгол Улсын иргэнийхээ газар өмчлөх, эзэмших эрхийг нь тусад нь хуулиар баталгаажуулж өгье гэж байгаа юм. Гадаадын аж ахуйн нэгж, иргэдтэй холбоотой асуудлыг өөр хуулиар шийдэх хэрэгтэй.Ингэж ярилцаад хуулиа боловсруулахдаа үг үсгэн дээр ярилцаж, хамтарч суугаад хуулиар УИХ-д оруулж болно.Иргэдийнхээ энэ асуудалд үндэсний зөвшилцөлд хүрэх боломжтой гэж би үзэж байна.

Дангаараа хэлээд тэмцээд  тусыг эс олсон жишээ олон бий. Харин Энэ удаад иргэд, өөрсдийгөө төлөөлөн төрд сонгосон түшээдтэйгээ хамтран зайсангийн  уугуул иргэдийн газрын асуудлыг заавал шийдүүлэх ёстой гэж зориг шулуудсан юм. Эвлэж зүтгээд эв зүйгээр тайлбарласны эцэст энэ асуудлыг мөн  Монгол улсын Ерөнхий сайд анхааралдаа авсан юм. 2015 оны 5-р сарын 27-ны өдөр болсон шийдлийн цаг уулзалтын үеэр БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол Зайсангийн иргэдийн газрын асуудлын явцыг Ерөнхий сайдад тайлагнав.  

Зайсангийн  уугуул иргэдийн газар ашиглалтын баталгаажуулалт бол дараа гэж хойшлуулах боломжгүй асуудал юм.

Учир нь мөнгөтэй эрх мэдэлтэй нэгний “нүдний хор” орчихсон  иргэдийн газрыг хэзээ мөдгүй хэн нэгэн эрхэм сүр үзүүлж далайлган авчих вий гэсэн айдас өнгөрсөн хугацааны туршид иргэдийн сэтгэлийг зовоожээ.

Хүчтэй техник, хөрөнгө мөнгөтэй нэгнээс хашааны газраа хамгаалж гадаа хонож байсан хүнд үеүд бий. Энэ ч үүднээс шийдвэр гаргагчиддтай ширүүхэн ярилцах тохиолдол ч олонтаа тохиож байлаа. 2015 оны 6-р сарын 9-ны өдөр Зайсангийн иргэдийн газрын асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар асуулга тавьж УИХ-ын гишүүн Л.Болд, Ц.Оюунгэрэл нар БОНХАЖ-ын сайд Д.Оюунхоролын өрөөнд уулзалт хийж байсан удаатай. Зайсангийн уугуул иргэдэд газрыг нь эзэмшүүлэхийн төлөө тэд олон хүнтэй эвлэж нэг, эвдрэлцэж бас ам зөрсөн ч бий. 
Гэхдээ энэ асуудалд гарц хайж, боломжит хууль эрхзүйн хувилбар юу байна гэдгийг тасралтгүй судлан БОНХАЖЯ-наас таван жилийн хугацаатай Зайсангийн уугуул иргэдэд газар эзэмших гэрчилгээ олгуулах хүртэл арга хэмжээг гардан зохион байгуулсан нь Хан-Уул дүүргээс УИХ-д сонгогдсон Л.Болд, Ц.Оюунгэрэл нар юм.

 

Баяр наадмын өмнөхөн буюу зургадугаар сарын 29-нд эдгээр 302  айл өрхийг төлөөлүүлэн 27 өрхөд газрын гэрчилгээг нь гардуулсан бол өчигдөр үлдсэн айл өрхүүд гэрчилгээтэй болсноор нийт 302 өрх айл олон жил амьдарсан газартаа хууль ёсоор амьдрах, газраа эдийн засгийн эргэлтэд оруулах бүрэн боломжтой болж байна.  

Гэхдээ төрийн захиргааны төв байгууллагаас зохих ёсны дагуу газар ашиглах эрх авсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газартай давхацсан,  инженерийн шугам, сүлжээ бүхий дэд бүтэцтэй газар дээр байршсан, бусад газар ашиглагчийн  болон нийтийн эзэмшлийн орц, гарц таглаж буусан, газрын маргаан нь шүүхэд очсон, уугуул биш  зэрэг зөрчилтэй  иргэдийн асуудал шийдвэрлэгдээгүй үлдээд байна. Гэхдээ аль болох олон айл өрхийн газрыг гэрчилгээжүүлэхийг зорьж байгаа учраас цаашид үлдсэн айл өрхүүдийн асуудлыг судлан шийдвэрлэж, ажлын хэсгийн үйл ажиллагааг үргэлжлүүлэхээ салбарын яамны  холбогдох албаны хүмүүс  мэдэгдлээ.

Мөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар ХУД-ийн Зайсан, Арцатын ам зэрэг суурьшлын бүс болсон газруудад амьдарч байгаа иргэдийн газар эзэмших, өмчлөх асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байгаагаа БОНХАЖ-ын Д.Оюунхорол хэлэв. 

Энэ бүхний эцэст асуудал иргэдийн талд шийдэгдлээ. Монголын төрд  иргэд нь ялагч болдогийн нэг тод жишээг зайсангийн уугуул иргэдийн газрын асуудал баталж нотолж чадсан юм. Эхний ээлжинд  газар ашиглалтын гэрчилгээг тодорхой хугацаанд олгож байгаа ч энэ бол асуудал нэг шат ахисан хамгийн том амжилт байсан юм.
Ийнхүү 55 жилийн дараа зайсангийн иргэдийн хүсэл биелж, баярын нулимстай газар ашиглалтын гэрчилгээгээ гардаж авлаа. Хэлсэндээ хүрч амлалтаа биелүүлсэн, эхэлсэн ажлынхаа үр дүнг үзэж бүхий л үед хамт байсан эрхмүүдэд иргэд баярласан сэтгэлээ илэрхийлж байлаа. Эрх мэдэл, мөнгөтэй чинээлэг нэгний амьдардаг энэ орчмыг “Монгол ганнам” гэж тодорхойлдог нь санамсаргүй зүйл биш юм. Харин энэ бүсэд эгэл иргэд амьдрах боломж үүссэн нь хамгийн сайхан мэдээ байсан юм.

Одоо газар өмчлөх ашиглах эрхийг хуулийн  хүрээнд баталгаажуулах эрхзүйн зохицуулалтыг хүлээж байна. 
Зах зээлийн эдийн засагт орнуудын “Urban” буюу хотожсон газрын үнэлгээний чухал зарчмыг АНУ-ын газрын бодлогын хүрээлэнгийн судлаач Вүүлрий “Газрын үнэлгээний гурван хүчин зүйл нь байршил байршил бас дахин байршил хэмээн тодорхойлжээ.

Энэ бол үнэ цэнээ үл алдах газрыг илэрхийлэх хамгийн энгийн  хамгийн үнэн тодорхойлолт юм.