"Сайдын цаг” уулзалтад ХХАА-н сайд Р.Бурмаа өчигдөр оролцож, ургацын төлөв байдал, хаврын тариалалтад дэмжлэг үзүүлсэн болон тус салбарт яамнаас хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ.
Архангай, Өвөрхангай аймгийн нутгаар зуншлага сайн, ургац хэвийн байна. Харин газар тариалангийн бүс нутаг болох Төв, Сэлэнгэ, Булган аймгууд нийт талбайн ургацынхаа 50-70 хувийг хураан авах төлөв байна. Энэ тоо нэмэгдэх боломжтой. Ургацын төлөв байдлын мэдээ нарийвчилсан байдлаар наймдугаар 25-нд гарна гэж сайд хэллээ.
Хадлан бэлтгэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор аймгуудын Засаг даргын Тамгын газартай гэрээ байгуулж, урьдчилгаа төлбөргүйгээр бага оврын трактор хуваарилан олгож байна гэж сайд ярилаа. Мөн 22 аж ахуйн нэгжийн техникийн шинэчлэлд нийт 7,5 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн дэмжлэг үзүүлсэн, үүний үр дүнд 23.6 мян.га талбайг тэг элдэншүүлгийн технологиор үрлэх, 7.8 мян.га-д химийн уринш хийх, 7.5 мян.га-д сүрлэн хучлага үүсгэх боломж нэмж бүрдүүлсэн гэлээ.
БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд 125-165 морины хүчтэй трактор 132 ширхэгийг нийлүүлж, тариаланчдад 20 хувийн урьдчилгаа төлбөртэйгээр 5 жилийн хугацаатай зээлийн гэрээгээр олгосон. Үр тарианы 52 комбайн нийлүүлэхээр ажиллаж байна. Ингэснээр 15,0 мянган га үр тариа хураах, 28,0 мянган га-д уриншийн боловсруулалт, тариалалт хийх зүтгэх хүчний техник шинээр нэмэгдэх юм байна.
Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас хаврын тариалалт, уриншийн боловсруулалтад зориулж 1900 аж ахуйн нэгж, иргэнд 13,8 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл үзүүлжээ.