Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/07/31-НД НИЙТЛЭГДСЭН

ТУУЛЬ БОЛ ОЛОН АНГИТ КИНО

МОНСУДАР
2015 оны 7 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Монгол ардын аман зохиолын нэгэн томоохон төрөл бол тууль юм. Тууль нь бичвэрзүйн үүднээс хэдэн мянган мөр шүлэгтэй, мөчлөг буюу бадаг хэсэг, тодорхой бүтэц зохиомж, агуулга, дүр дүрслэл, толгой холболт, эхлэл өрнөл, оргил, тайлал, төгсгөл хэсгүүдтэй тул олон ангит кино гэж хэлж болох бөгөөд найруулгын янз бүрийн хэлбэрийг ашигласан байдаг.

Туулийн бүтцийг ерөнхийд нь гурван хэсэгт хувааж үзэж болно. Үүнд: 

I. Эхлэл хэсэг 
II. Гол хэсэг
III. Төгсгөл хэсэг 

I. Эхлэл хэсэг: Ихэнх туульд байгаль ертөнцийн юмс үзэгдэл дөнгөж үүсэн бүрэлдэж буйг эхлэн дүрсэлдэг

Эрт урьд нэгэн цагт 
Өнгөрсөн төв сайхан
Түмэн галавын сүүлд
Түвшин сайхан 
Мянган галавын
Эхэн завсарт
Гарах шар нарны гэрэл
Мандан туяараад
Газар дэлхий хоёр
Нэгэн дэлгэрээд
Орох шар нарны гэрэл
Тогтон туяараад
Орон замба тив дэлгэрэх
Нэгэн цагт гэлээ ...
(Бум Эрдэнэ)

Мөн туулийн гол баатар эрийн газар нутаг, орд өргөө, хоол унд, таван хошуу мал, хүлэг сайн морь, хатныг нь нарийн дэс дараалалтай дүрсэлснийг туулийн эхлэл хэсэгт хамруулан үзнэ. Жишээ нь хатдын бие галбир, зүс царайг дүрслэхдээ гэрэл гэгээ цацруулсан гоо үзэсгэлэнтэйгээр

Урагшаа хараад унтахаар 
Урд зүгийн амьтан 
Үүр цайж өдөр боллоо гээд 
Үнс тоосоо гаргаад 
Үхэр малаа саагаад 
Хойшоо хараад унтахаар 
Хойд зүгийн амьтан 
Үүр цайж өдөр боллоо гэж 
Үнс тоосоо гаргаад 
Үхэр малаа саагаад байдаг 
Урангуа хар нүдэн дагина ... 
(Хаан чингэл баатар) хэмээн дүрсэлжээ.

II. Гол хэсэг: Туулийн гол үйл явдал өрнөх үндсэн хэсэг бөгөөд эерэг, эсрэг баатруудын хоорондох дайн байлдаан, наадам тоглоом, уралдаан тэмцээн зэрэг үйл явдлууд энэ хэсэгт хамаарна

Баруун хойд зүгээс
Арван таван толгойтой 
Атигар хар мангас ирж
Хаан таньг ална гэнэ
Хатан намайг авна гэнэ
Унтаршгүй мөнхийн
Зулыг унтраана гэнэ
Унашгүй мөнхийн
Ганжрыг унагаана гэнээ ...
(Агайн улаан хаан) гэж хатан нь дайсан ирж явааг зөгнөн (зүүдлэн) мэддэг. Энэ мэтээр цааш үйл явдал өрнөж баатар эр хүлэг морио унан  дайсантай тулалдан ялаад эргэн ирдэг. 

III. Төгсгөл хэсэг:  Баатар эр дайснаа дарж, айх аюулгүй болж аав ээж, хатан, ахан дүүс, анд нөхөд, ард олноо цуглуулж

Хутга тавилгүй мах идэж 
Хундага тавилгүй архи сөгнөж 
Жаран жилийн жаргал хийж 
Наян жилийн найр хийж 
Дээрээсээ захирах ноёнгүй 
Дэргэдээсээ дайрах дайсангүй 
Амархан сайхандаа жаргажээ. 
(Гөшөө чулуун зүрхт Хүвэй буйдар хүү) хэмээн төгсдөг.

Тууль нь хэл зүйн, хүмүүжлийн, гоо зүйн гэх мэт олон талын ач холбогдолтой тул орчин үетэй нийцүүлэн хөгжүүлж хүүхэд залуучуудад таниулах талын ажил чухал байгаа юм. 

Эх сурвалж: "Утга соёл" цувралын I боть. "Тууль" номоос