Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/07/30-НД НИЙТЛЭГДСЭН

MH370 онгоцны сураг гарсантай холбоотой мэдээллүүд

Р.Төмөр, ikon.mn
2015 оны 7 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Нийт 16 сар гаруй хугацаанд Малайзийн MH370 онгоцыг хайсан эрлийн ажиллагаа дуусч болзошгүй боллоо.

Саяхан Энэтхэгийн далайн баруун хэсэгт, Мадагаскар арлаас зүүн тийш холгүй орших Реюнион (Reunion) арал дээрээс онгоцны далавчны хэсэг олдоод байна.

Олдсон хэсэг нь сураггүй болсон Боинг 777 онгоцны загвартай ижил байгаа тул мэргэжилтнүүд ихээхэн найдлага тавьж байгаа юм.

 

Хэрхэн олсон бэ?

Австралийн засгийн газрын хэрэгжүүлж байсан Энэтхэгийн далайн өмнөд хэсэг дэхь хайлтаар ямар ч ахиц гараагүй байв.

Харин Лхагва гарагт буюу өчигдөр Францын мэдлийн бяцхан арлаас нэгэн хүн Францын нисэх хүчний мэргэжилтэн Хавиер Тителмантай холбоо барьж онгоцны сэг байж болзошгүй объектын зургийг үзүүлжээ.

Үүний дараа Тителман өөрийн хүрээний мэргэжилтнүүдтэй холбогдож олдсон хэсэг нь алга болсон онгоцных мөн эсэхийг шалгаж эхэлсэн байна.

Гэвч түүнд олдсон мэдээлэл хомс байгаа тул яг MH370 онгоцных гэдгийг баталж чадаагүй гэнэ.

 

Хэн шалгаж байгаа вэ?

Сэгийг олсны дараа Францын BEA мөрдөх албаны хүмүүс арал дээр очсон байна. Тэд одоогоор Малайз болон Австралийн мэргэжил нэгтнүүдтэй холбогдон шалгаж байгаа гэнэ.

Малайзийн Тээврийн сайд Лиоу Тионг Лайгийн мэдээлснээр Малайзийн шинжээчдийн баг Реюнион арал руу хөдөлсөн байна.

Эрлийн ажлыг гүйцэтгэж байсан Австралийн Тээврийн Аюулгүй байдлын Товчооныхон мөн ирүүлсэн гэрэл зураг дээр шинжилгээ хийж байгаа юм байна.

Boeing компани мэдэгдэл гаргаж MH370-тай холбоотой байж болзошгүй олдсон сэгийг тодруулах ажилд техникийн туслалцаа үзүүлэхэд бэлэн гэжээ.

 

Шинжээчид юуг хайж байна вэ?

Шинжээчид эхлээд энэ сэг нь Boeing 777-200ER загварынх мөн эсэхийг тодруулна. Харин дараа нь алга болсон онгоцных гэдгийг нь батлах ажээ.

Австралийн Тээврийн Аюулгүй байдлын Товчооны төлөөлөгч Жо Хэттлигийн хэлж байгаагаар шинжээчид хоёр дугаарыг илрүүлэх ёстой: part number, serial number.

Part number хэмээх дугаар нь энэ онгоц Boeing-ын үйлдвэрлэсэн онгоц мөн эсэхийг хэлэх бол serial number нь алга болсон Малайзийн онгоцных гэдгийг нь батлах гэнэ.

Хэрвээ энэ сэг нь MH370 онгоцных гэдгийг баталж чадвал цаашлаад ослын шалтгааныг тодруулах боломжтой болох юм.

 

Шинжилгээний хариу хэзээ гарах вэ?

Австралийн мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар 48 цагийн дотор MH370 онгоцных мөн эсэхийг тодруулах боломжтой гэнэ.

 

Алга болсон онгоцных байх боломжтой юу?

Сэг олдсон газар нь эрлийн ажиллагаа явуулж байгаа Энэтхэгийн далайн өмнөд хэсгээс нэлээд зайтай байгаа. Гэхдээ мэргэжилтнүүд 16 сарын хугацаанд далайн ус онгоцны үлдэгдлийг Африкийн зүүн эрэг рүү хүргэсэн байхыг үгүйсгэх аргагүй гэлцэж байна.

 

Эх сурвалж: Mashable