Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/07/30-НД НИЙТЛЭГДСЭН

ХУД-ийн 302 өрх айл хууль ёсны газартай боллоо

БОНХАЖЯ
2015 оны 7 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн ХУД-ын 4, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Зайсан, Арцатын амны ямар нэгэн газрын маргаан зөрчилгүй 302 өрх айлд газар ашиглах гэрчилгээ олгох асуудлыг бүрэн шийдвэрлэж дууссанаа БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол хэллээ.

Тэрбээр өнөөдөр Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн зааланд тэдгээр иргэдтэй уулзаж, газрын гэрчилгээг гардуулсан юм.  Дээрх хороодод   1960-аад оноос хойш амьдарсан уугуул иргэдийн газрыг гэрчилгээжүүлэх ажлыг БОНХАЖ-ын сайдын тушаалаар  өнгөрсөн тавдугаар сараас хийж гүйцэтгэснээр ийм бодитой үр дүнд хүрээд байгаа юм. Баяр наадмын өмнөхөн буюу зургаадугаар сарын 29-нд эдгээр 302  айл өрхийг төлөөлүүлэн 27 өрхөд газрын гэрчилгээг нь гардуулсан.

Өнөөдөр үлдсэн айл өрхүүд гэрчилгээтэй болсноор нийт 302 өрх айл олон жил амьдарсан газартаа хууль ёсоор амьдрах, газраа эдийн засгийн эргэлтэд оруулах бүрэн боломжтой болж байна.  Гэхдээ төрийн захиргааны төв байгууллагаас зохих ёсны дагуу газар ашиглах эрх авсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газартай давхацсан,  инженерийн шугам, сүлжээ бүхий дэд бүтэцтэй газар дээр байршсан, бусад газар ашиглагчийн  болон нийтийн эзэмшлийн орц, гарц таглаж буусан, газрын маргаан нь шүүхэд очсон, уугуул биш  зэрэг зөрчилтэй  иргэдийн асуудал шийдвэрлэгдээгүй үлдээд байна.  Гэхдээ аль болох олон айл өрхийн газрыг гэрчилгээжүүлэхийг зорьж байгаа учраас цаашид үлдсэн айл өрхүүдийн асуудлыг судлан шийдвэрлэж, ажлын хэсгийн үйл ажиллагааг үргэлжлүүлэхээ салбарын яамны  холбогдох албаны хүмүүс  мэдэгдлээ. 

 

Мөн  хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар ХУД-ийн Зайсан, Арцатын ам зэрэг суурьшлын бүс болсон газруудад амьдарч байгаа иргэдийн газар эзэмших, өмчлөх асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байгаагаа БОНХАЖ-ын Д.Оюунхорол хэлэв. УИХ-ын гишүүн Лу.Болд мөн газрын гэрчилгээ гардуулах ёслолд хүрэлцэн очсон. Тэрбээр олон жил шийдэгдээгүй асуудлыг зоригтой барьж авч, шуурхай шийдвэрлэсэн БОНХАЖ-ын сайд Д.Оюунхоролд тойргийнхоо ард иргэдийн нэрийн өмнөөс болон хувиасаа маш их баярлаж, талархаж байгаагаа хэлсэн юм. 

 

Хууль ёсны газартай болсон иргэд баяр талархлын үгээ харамгүй хуваалцсан. Тухайлбал, ХУД-ийн 11 дүгээр хорооны иргэн Д.Ичинхорлоо тус хороонд  40 гаруй жил амьдарч байгаа ажээ. Тэрбээр урт удаан хугацаанд хөөцөлдөөд шийдвэрлэж чадаагүй асуудлыг нь  богино хугацаанд шийдвэрлэж, гар дээрээ тавих гэрчилгээтэй болгож өгсөнд БОНХАЖ-ын сайд Д.Оюунхоролд баярлаж талархсанаа хэлсэн юм.

Харин тус  хорооны  өндөр настан Ж.Должин гуайн хувьд  газрын гэрчилгээ нь үр хүүхдүүдийнх  нь амьдралын баталгаа ажээ. Түүнчлэн  иргэн  Б.Батсуурь “Би энд 30 гаруй жил амьдарч байна. Энэ хугацаанд амьдарч байгаа газраа өөрийн  гэж хэлэх алгахан цаас ч байгаагүй, үйлдвэрлэл үйлчилгээ явуулах нөхцөл боломжгүй байсан. Одоо ингээд газар ашиглах гэрчилгээтэй, минийх гээд үзүүлэх юмтай болсондоо маш их баяртай байна” гэж хэллээ.