Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/07/30-НД НИЙТЛЭГДСЭН

150 мянган зорчигч “U money” карт худалдан авчээ

Д.Эрдэнэцэцэг, iKon.mn
2015 оны 7 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн нийтийн тээвэр энэ сарын 24-нөөс ухаалаг горимд шилжсэн. Өөрөөр хэлбэл, иргэд нийтийн тээврээр зорчихдоо бэлэн мөнгөөр бус цахим карт ашигладаг болж, өчигдрөөс биелэлээ олсон билээ.

Тэгвэл тус ажлын явцын талаар өнөөдөр Нийслэлийн Тээврийн газрын зорчигч үйлчилгээний хэлтэс, “Улаанбаатар смарт карт” компани хамтран мэдээлэл хийлээ.

Өнөөдрийн байдлаар 500 мянган ширхэг “U money” карт хэвлэсэн бөгөөд 150 мянган ширхэгийг нь худалдан борлуулсан аж. Үүний 50 мянга орчмыг нь өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд худалдан авсан гэж Нийслэлийн Тээврийн газрын зорчигч үйлчилгээний хэлтсийн дарга Г.Доржпалам хэлж байна.

Ухаалаг картыг дагалдаж байгаа нэг асуудал нь шимтгэл төлөлт болоод байгаа.

Учир нь картаа,

  • 500-10,000 төгрөгөөр цэнэглэхэд шимтгэл 50 төгрөг
  • 10,000-50,000 төгрөгөөр цэнэглэхэд шимтгэл 100 төгрөг
  • 50,000-90,000 төгрөгөөр цэнэглэхэд шимтгэл 200 төгрөг төлнө.

Тэгвэл энэхүү шимтгэлийн мөнгийг “U money” карт худалдан борлуулж байгаа 300 цэгийн үйлчилгээний хөлсөнд төлнө гэж “Улаанбаатар смарт карт” компанийн гүйцэтгэх захирал Б.Мөнхболор учирлалаа.

Харин нийтийн тээврийн кондукторын тухайд, “Иргэд картаар үйлчлүүлж хэвших хүртэл кондукторууд зөвлөх үйлчилгээ өгөх журмаар ажиллана. Цаашлаад өөрсдөө хүсэлт гаргавал карт борлуулах цэг, зөвлөх үйлчилгээ чиглэлээр ажиллах боломжтой. Өөрөөр хэлбэл, 1,700 орчим кондукторыг ажлын байраар хангах бололцоо хэвээр байгаа” гэсэн юм.

Түүнчлэн “U money” карт борлуулах 300 цэгийг 500 болгох бөгөөд эдгээр цэгүүд нь 06:00-24:00 цаг хооронд ажиллах гэнэ. 

Мөн эхний зорчсон автобуснаас буугаад 30 минутын дотор дараагийн автобусанд суух бол үнэгүй зорчих асуудлыг нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтрүүлэх асуудлыг судалж байгаа аж.  

Дашрамд дурдахад, дээрх төслийг хэрэгжүүлэгч  “Улаанбаатар смарт карт” компани нь Улаанбаатар-Сөүл хотын хамтарсан компани бөгөөд төсөлд зарцуулж байгаа 13 сая ам.долларыг Сөүл хотоос гаргажээ.