Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/07/29-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Батбаяр: Шүүх С.Билэгтээс айж, эмээсэн шийдвэр гаргалаа гэж үзэж байна

Монголын мэдээ
2015 оны 7 сарын 29
Монголын мэдээ
Зураг зураг

Сэтгүүлч С.Баттулга нарт холбогдох хэргийг шүүх хурал хоёр өдрийн турш үргэлжилж, шийдвэрээ гаргасан юм. Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс сэтгүүлч С.Баттулгад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль ногдуулах шийдвэр гаргасан. Мөн энэхүү мөнгөн торгуулийн хэмжээнээс цагдан хоригдсон хугацааг 4.2 сая төгрөг хэмээн тооцож, хассанаар 9.8 сая төгрөгөөр торгох шийдвэр гаргалаа. Шүүх хуралдааны дараа С.Баттулгын өмгөөлөгч Г.Батбаяраас зарим зүйлийг тодрууллаа.

-Шүүх хуралдааны шийдвэр гарлаа. Хуралдаанаар гарсан шийдвэрийг хэрхэн харж байна вэ. Санал нийлж байна уу?

-Шүүх хуралдааны шийдвэрт сэтгэл дундуур байна. 9 сая төгрөгөөр торгосон. Миний үйлчлүүлэгчийн хувьд хэлмэгдсэн гэж өөрийгөө үзэж байгаа. Тэгэхээр бид давж заалдах шатны шүүхэд хандаж, С.Баттулгад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгуулахыг хичээнэ. Г.Буяндоржид бол 3.3 жилийн ял оноолоо. Д.Батжаргалд зургаан сарын баривчлах ял оноолоо. Үүн дээр өмгөөлөгч нар нь хоногийг буруу тооцож, үргэлжлүүлэн хорьж байна гэсэн гомдолтой байгаа. С.Баттулга бид хоёрын хувьд цагаатгуулна гэсэн байр суурьтай байсан. 

Тэгэхэд ялыг нь хөнгөрүүлэн зүйлчлээд, 111.1 болгож, 9 сая төгрөгөөр торгож байгаа юм. Уг нь 111.3 байсан. Хохирлын хэмжээ тодорхойгүй, хохирогч хохирлоо нотолж чадаагүй. Ингээд хохирол тогтоогдоогүй байхад миний үйлчлүүлэгчийг гэм буруутай гэж үзэж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл. С.Билэгт гэдэг хүн “Намайг хохироосон” гэж гомдол мэдүүлж байгаа. Тийм байхад “Ноёд Констракшн”-д учирсан хохирлоор зүйлчлэх гэж байгаа нь хууль зөрчсөн буюу хууль буруу тайлбарлаж байгааг харуулсан.  

-Хуулийн этгээдийн хохирлыг барагдуулах асуудлыг хохирогч талын өмгөөлөгчид шүүх хуралдаанд нэлээд олон удаа хөндөж байсан?

-Хуулийн этгээд бол 111-д заагдсан гэмт хэргийн субъект болохгүй. Энэ бол хувь хүний нэр төр, алдар хүндэд халдах гэмт хэрэг. Түүнчлэн гүтгэх гэдэг зүйл заалтаар зүйлчилж байгааг би мөн эсэргүүцэж байна. Яагаад гэвэл хоёр иргэний хооронд болсон маргаан дээр миний үйлчлүүлэгч ямар ч хамаарал байхгүй. Энэ зүйлчилж байгаа үйл явдал нь болсон үйл явдал. Болсон үйл явдлыг бичсэн байхад гүтгэх гэдэг зүйл ангиар зүйлчилж байгааг буруу гэж үзэж байгаа.

-Бусад шүүгдэгч нарт оногдуулсан ялын тухайд?

-Бусад шүүгдэгч нарын хувьд Ууганбаяр цагаадлаа. Дамдиндорж, Батжаргал нар зургаан сарын хорих ялаар шийтгүүлсэн. Буяндорж нь бол 3.3 жил болж байгаа. Өмнө нь 2.3 жил авчихсан байсан. Тэрэн дээрээ нэмэгдээд 3.3 жилийн хорих ял авч байна. Ингээд төрсөн ах дүү гурав ял авч байна.

-Улсын яллагчийг шүүх хуралдааны явцад хэрхэн ажилласан гэж харж байгаа вэ? 

-Улсын яллагчийн хувьд солигдсон. Анх хэрэг дээр ажиллаж байсан улсын яллагч солигдсон. Бид шүүх хурал дээр “Хууль буруу тайлбарлаж байна” хэмээн үзэж, өмгөөллийн үйл ажиллагаа явуулсан. Үүнийг шүүх ялгамжтайгаар авч үзэж, ЭБШХ-ийн 246.2-д зааснаар ялыг хөнгөрүүлсэн. 

-Уг нь сэтгүүлчийг цагаатгах байх гэсэн хүлээлт байсан. Гэсэн ч торгууль ногдуулчихлаа?

-Нэгэнт яллаад ороод ирсэн зүйлийг шууд цагаатгах боломж байхгүй. Ингэх юм бол би хардлага, сэрдлэгт орно гэсэн байдлаар хандаж байна. Мөн хохирогч талынхан дандаа “Бид шүүгчийг шалгуулж байгаа” гэх байдлаар давуу байдал авах гэж оролдсон. Тэгэхээр энэ бүхнээс айж, эмээсэндээ шийдвэр гаргалаа гэж үзэж байгаа. Миний үйлчлүүлэгч С.Баттулга өмнө нь 21 сая төгрөгөөр торгуульсан байсан. Одоо 9 сая төгрөг болж хувирч байна.
 

Зураг