Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/07/29-НД НИЙТЛЭГДСЭН

Нарендра Моди: Та нар бол дэлхийд гялалзан бадарч буй Ардчиллын гэрэл гэгээ

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2015 оны 7 сарын 29
iKon.MN

Өнөөдөр Монгол Улсын анхны Ардчилсан, чөлөөт сонгууль болсны 25 жилийн ой тохиож байна. Энэ өдөр Улаанбаатар хотод Ардчилсан сонгуулийн 25 жилийн ойн хүндэтгэлийн хурал зохион байгуулагдсан билээ.

Хурлын үеэр гадны олон орны Ерөнхий сайд, нөлөө бүхий эрхмүүд Монголчуудад хандан видео мэндчилгээ дэвшүүллээ. Ингээд заримаас нь хүргэе.

БНЭУ-ын Ерөнхий сайд Нарендра Моди: Та нар бол дэлхийд гялалзан бадарч буй Ардчиллын гэрэл гэгээ

 

Аугаа их Монголчууд аа. Монголын ардчилсан хувьсгалын 25 жилийг тохиолдуулан халуун мэндчилгээ дэвшүүлж, нэг тэрбум 200 сая Энэтхэгчүүдийн нэрийн өмнөөс сайн сайхан бүхнийг та нартаа хүргэж байгаа нь туйлаас их нэр төрийн хэрэг юм.

Олон зууны турш итгэл үнэмшил биднийг нэгтгэж байсан шиг өнөөдөр Ардчилал манай хоёр орныг нэгтгэж байна. Тиймээс Ардчиллын нөхрийн хувьд, та нарын оюун санааны хөршийн хувьд энэ түүхэн өдөр бид бүхэн ихээхэн баярлаж  ах дүүгийн өвөрмөц хэлхээ холбоогоо мэдэрцгээж байна.

Ардчиллыг тогтвортой хөгжүүлэх нь түүнд эхэлж хүрэхээс илүү хүнд хэцүү билээ. Гэхдээ Монгол Улс үүнийг хийж чадсан. Тавдугаар сард УИХ-ын хүндэтгэлийн чуулган дээр миний хэлсэнчлэн “Та нар бол дэлхийд гялалзан бадарч буй Ардчиллын гэрэл гэгээ”.

Та бүгд зөвхөн Ардчиллыг бойжуулсан төдийгүй оюун санааны өв сангаа сэргээн хөгжүүлсэн байна. Одоо та нар аугаа их нөөц баялагт давуу тал дээрээ суурилж өөрийн орны эдийн засгаа өөрчлөн шинэчилж байна.

Эмх замбараагүй, хүчирхийлэл бүхий ертөнцөд та нарын сонгосон зам бидний бахархал, хүндэтгэлийг дэлхий дахинаа хүлээж байна. Түүхэнд та нарын үлдээсэн ул мөр асар их, мөнхийн билээ. Ардчилсан Монгол Улс энэ зууны хамгийн динамик хөгжилтэй бүс нутагт энхтайван, хөгжил дэвшлийг хамгийн урт удаан хугацаанд нөхцөлдүүлэхэд өөрийн гүн ул мөрөө үлдээнэ гэдэгт итгэл төгс байна.

Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ: Монголчууд ганц ч дусал цус урсгалгүй Ардчилсан нийгэмд шилжсэн

 

Монгол Улсын анхны Ардчилсан сонгууль явуулсны 25 жилийн ойг тохиолдуулан Япон улсын Засгийн газар болоод Японы ард түмнийг төлөөлөн чин сэтгэлээсээ халуун мэнд дэвшүүлье.

Тухайн үед Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нарын залуусын эхлүүлсэн Ардчилсан хөдөлгөөн хүйтэн жихүүн үед болсон билээ. Гэсэн хэдий ч тэдний гал халуун сэтгэл олон Монголчуудын хүчтэй дэмжлэгийг татаж ганц ч дусал цус урсгалгүй Ардчилсан нийгэмд шилжсэн.

Монголын ард түмний зоримог шийдвэрт чин сэтгэлийн угаас дахин хүндэтгэл илэрхийлье. Тэр цагаас хойш Монгол орны ардчилал, зэх зээлийн нийгэмд шилжих шилжилтийг тууштай дэмжигчдийг Япон улс манлайлсаар ирсэн юм. Өнөөдрийн Монгол Улсыг Япон улсын төр эрх чөлөө, ардчилсан ёс, хүний үндсэн эрх, хуулинд захирагдах ёс хэмээх үнэт зүйлсийг нэгэн адил эрхэмлэдэг, бүс нутаг дахь түншийн хувьд онцгой байр суурь эзлэх болсон билээ. 

Монголчууд та бүхний нэг зууныг дөрөв хуваасан хугацаанд буюу 25 жилийн турш хөгжүүлж ирсэн Ардчилал улам дүр дэвжин хөгжиж, манай хоёр орны анд нөхдийн харилцаа, итгэлцэл улам бүр гүнзгийрэхийг чин сэтгэлээсээ хүсье. Та бүхэнд баяр хүргэе. 

Мъянмарын ардчиллын төлөө тэмцэгч Ан Сан Суу Чи: Монголчууд хүний эрх, ардчиллын үнэт зүйлсийг үнэнч шударгаар дээдэлдэг замыг эргэлт буцалтгүй сонгон явсан

 

Монгол Улсад анхны, чөлөөт, ардчилсан сонгууль явуулсны 25 жилийн ойг тохиолдуулан Монголын ард түмэнд чин сэтгэлийн баяр хүргэе. Та бүхэн дэлхий нийтэд өөрийн үүд хаалгаа нээсэн цагаас хойш шинэчлэлийг гайхалтайгаар хэрэгжүүлж чадсан билээ.

Үүнийг би 2013 онд танай оронд айлчлах үеэр өөрийн нүдээр харсан юм. Дэлхийн олон улс орон бүтэлгүйтэж, захиргаадалтын нийгэмд эргэн буцаж, эсвэл захиргаадалтын дэглэм болон Ардчилал гэсэн нэртэй холимог дэглэм бий болгон жинхэнэ Ардчиллын замаас ухарч байсан түүх бий.

Монголчууд хүний эрх, ардчиллын үнэт зүйлсийг үнэнч шударгаар дээдэлдэг замыг эргэлт буцалтгүй сонгон явсан. Үүнд би та бүхнээр бахархаж байна. Бид ч мөн жинхэнэ ардчилсан нийгмийг өөрийн оронд бий болгох хүсэл эрмэлзэлтэй байсан юм.

Та бүхний амжилт бидэнтэй ижил төстэй хүсэл эрмэлзэлтэй хүмүүсийг амжилтад хүргэхэд тус болно гэдэгт би итгэж байна. Үүнд би та бүхэнд баяр хүргэхийн сацуу талархал илэрхийлье.

Монголын ард түмэн Ардчилсан нийгмийн өмнө хүлээсэн үүрэг амлалтын хүрээнд илүү их эрх чөлөөг олж авахын төлөөх үйлсээ тууштай үргэлжлүүлнэ гэдэгт би итгэж байна.

Миний бие танай оронд дахин олон удаа зочилж өөрийн биеэр энэхүү ахиц дэвшлийг, ололт амжилтыг олж харах боломж гарна гэдэгт би итгэдэг. Ардчиллын үнэт зүйл бүхий ертөнцийг цогцлоон хөгжүүлэхэд та бүхэнтэй хамтдаа байх хүсэл эрмэлзлэлээр бид дүүрэн байна.