Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/07/29-НД НИЙТЛЭГДСЭН

Өнөөдрөөс Windows 10 суулгахад бэлэн болж эхэллээ

Р.Түвшин, iKon.mn
2015 оны 7 сарын 29
IKON.MN
Зураг зураг

Майкрософтын Windows OS-ын хамгийн том шинэчлэлт болох Windows 10 хувилбар өнөөдрөөс хүмүүст хүрч эхэллээ.

Бүх хүнд зэрэг хүрэхгүй ч тодорхой хуваарийн дагуу хүмүүст хүрч эхэлсэн байна.

Майкрософт шинэ Windows-ынхаа лицензийг эхний нэг жилийн дотор татаж суулгасан хүмүүст үнэгүй өгч байгаа юм.

Өөрөөр хэлбэл таны одоогийн OS нь албан ёсны Windows 7 эсвэл 8.1 хувилбар байгаа бол өнөөдрөөс эхлэн 2016 оны долоодугаар сарын 29 хүртэл хугацаанд Windows 10-ыг үнэгүй суулгаж болно.

Гэхдээ зөвхөн суулгасан компьютерынхаа амьдрах хугацаанд хүчинтэй гэдгийг мартаж болохгүй. Өөрөөр хэлбэл суулгасан компьютер тань эвдэрч, хэрэглээнээс гарах хүртэл хүчинтэй байх ба дараагийн өөр компьютер дээр шилжүүлэн ашиглах боломжгүй.

Энэхүү урамшууллын нэг жилээс хойш Windows 10-ыг суулгая гэвэл үнээр нь худалдаж авна. Home лицензийн үнэ нь 119 доллар гэж байгаа.

Та Windows 7 болон Windows 8.1 албан ёсны лицензтэй хувилбартай байгаад Windows Automatic Update тохиргоогоо нээлттэй байлгаж байгаа бол удахгүй таны дэлгэцэнд Windows 10 суухад бэлэн боллоо гэсэн мэдэгдэл харагдана.

Уг мэдэгдэл нь дэлгэцийн доор байх таскбарны баруун буланд Windows-ын лого хэлбэртэй харагдах юм.

Хэрвээ энэ мэдэгдэл гарахгүй бол Windows Notification Center-т захиалга хийх (reservation) поп-ап санал гарч эхэлсэн байгаа.

Компьютерт суухад төдийлөн түвэгтэй биш ба системийн шаардлага нь ч өмнөх хувилбаруудын хэмжээнд байх юм.

Мэргэжилтнүүдийн урьдчилсан дүгнэлтээр Windows 10 нь өмнөх хувилбаруудын давуу талуудыг нэгтгэн шингээсэн, алдаа дутагдлуудаа зассан, нэг үгээр хэлбэл дахин төрсөн мэт сайн OS болсон гэж байна.

Тиймээс та Windows 10 суулгаад үзэхэд алдах зүйлгүй юм. Лав одоогийнхоосоо муудахгүй гэлцэж байна.

 

Эх сурвалж: Microsoft