Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/07/29-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Алтангэрэл: Орон сууц, машин, сүүлдээ хүнсээр тоосгоо сольж байна

Л.Ганчимэг
2015 оны 7 сарын 29
Зууны мэдээ
Зураг зураг

Налайхын тоосго үйлдвэрлэгчдийн холбооны тэргүүн Н.Алтангэрэлтэй тус салбарын бизнесийн орчин, үүсээд байгаа нөхцөл байдал, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Налайхын тоосго үйлдвэрлэгчдийн холбоонд хэдэн компани ямар зорилгоор нэгдсэн байдаг вэ?

-Налайхын тоосго үйлдвэрлэгчдийн холбоонд өнөөдрийн байдлаар 12 компани нэгдэж үйл ажиллагаа явуулж байгаа. Шинээр нэг компани элсэхээр хүсэлтээ өгсөн. Ерөнхийдөө бүртгэлтэй тоосгоны үйлдвэр Налайхад 20 гаруй бий. Харамсалтай нь сүүлийн 2-3 жил ажиллаж байгаа үйлдвэрийн тоо багассаар байна. Үйлдвэрлэгчдэд нийтлэг байгаа асуудлыг хамтарч шийдэх шаардлагатай учраас манай холбоо байгуулагдсан юм.

-Тоосгоны үйлдвэрүүдийн ихэнхи нь хятад иргэдийн эзэмшилд байдаг гэдэг яриа бий? 

-Налайхын тоосгоны үйлдвэрийн ихэнхийг нь анх хятадууд байгуулсан. Ер нь керамик урлал Хятадаас гаралтай. Тиймээс энэ бүтээгдэхүүнийг анх хятадууд оруулж ирэн анхны тоосгоны үйлдвэрүүдийн суурийг тавьсан. Эхний үйлдвэрүүд 15-16 жил боллоо. Гэхдээ манай холбоонд дандаа монгол үүсгэн байгуулагчтай үйлдвэрүүд, ихэнх хувийг нь монголчууд эзэмшдэг аж ахуйн нэгжүүд байдаг. Хятад эзэнтэй үйлдвэрүүд үйл ажиллагаагаа бие дааж явуулж чаддаг учраас манай холбоонд элсдэггүй.

-Одоо эдийн засагт ямар нөхцөл байдал үүсээд байна гэж та харж байна вэ. Тухайлбал, барилгын салбар тэр дундаа тоосго үйлдвэрлэгчдэд энэ жил ямар байна?  

-Энэ жилийн хувьд улс орны эдийн засаг тийм таатай биш байгаа цаг үе. Сүүлийн ганцхан жилийн дотор ч ийм болчихсон юм биш. Энэ нь хоёр жил шахам үргэлжилж буй үйл явц. Өнгөрсөн жил бид үйл ажиллагаагаа дуусгах үед барилгын салбарын зах зээл нэлэнхүйдээ таатай биш байлаа. Би есөн жил тоосгоны үйлдвэр ажиллуулж байгаа. Миний мэддэгээр энэ хугацаан дахь хамгийн муу, уналтын төвшин энэ жил тохиож байна. Үүнийг бид хэд хэдэн шалтгаантай гэж харж байгаа.

Монголын барилгын салбарын зах зээлд орон сууцны эрэлт ханах тал руугаа байгаа. 

Монголын барилгын салбарын зах зээлд орон сууцны эрэлт ханах тал руугаа байгаа. Гэхдээ энэ нь өнөөдөр өөрөө бие даагаад олсон орлогоороо орон сууц худалдаж авах хүмүүсийн хэмжээнд л  яриад байгаа юм.

Түүнээс биш нийт хүн ам маань хэд билээ. Хэд нь гэрт, хэд нь орон сууцанд амьдарч байна вэ гэдэг тоотойгоо харьцуулбал яагаа ч үгүй. Яг худалдан авах бодит чадвартай хүмүүсийн хэмжээндээ бол үндсэндээ ханачихсан. Одоо улс дэмжлэг үзүүлж байж л орон сууцыг гүйлгээнд оруулна. Ингэхгүй бол барилгын салбар маань өөрөө улсынхаа эдийн засгийг татаж унагахад их ойрхон болчихоод байна.

-Америкийн орон сууцны зээлийн хямрал дэлхийн эдийн засгийг хямрааж байсан шиг үү? 

-Одоо манай улсад барилгын компаниудад олгосон арилжааны зээл, орон сууцны зээл хоёр банкны зээлийн багцад мэдэгдэхүйц жин дарах хэмжээнд оччихжээ. Монголчууд уул уурхайгаа түшиж амьдардаг.

Уул уурхайн компаниуд нь олсон хэдэн төгрөгөө үл хөдлөх хөрөнгө руу оруулдаг загвар тогтчихоод байна шүү дээ. Хэрэв уул уурхайн бүтээгдэхүүний үнэ зах зээлд буурч, борлуулалтгүй орон сууц нэмэгдвэл эргээд банкаа хямруулчих гээд байна. Ингэвэл улс орны эдийн засгийг тэр чигт нь доош нь татна. Манай улсын төсөв ихэвчлэн уул уурхайгаасаа бүтэж байгаа. Гадаад нөхцөл муу байгаа ийм үед дотооддоо хямарчихвал хүнд байдалд орно.

-Налайхын эдийн засгийн гол хөшүүрэг нь нүүрснээс өөр юу байдаг юм бол? 

-Налайхын эдийн засгийн бүтцийг аваад үзэхэд иргэдийн ихэнх нь дэлгүүр, цайны газар ажиллуулж, нэг хэсэг нь эмнэлэг, сургууль, цэцэрлэг гээд төрийн байгууллагад ажилладаг. Яг бизнесийн томоохон байгууллага нь юу гэвэл зундаа ажилладаг 20 гаруй тоосгоны үйлдвэр, өвөлдөө хөөгдөн туугдан байж, хүний амийг золин байж ажилладаг хэдэн уурхайн амнууд. Ерөөсөө улирлын циклээр нь авч үзэхэд Налайхын эдийн засгийн гол хөшүүрэг уурхайн ам, тоосгоны үйлдвэр дээрээ л түшиглэж байгаа юм.

Налайхын тоосгоны үйлдвэрүүд хэдийгээр улирлын чанартай, 5-10 дугаар сар хүртэл хагас жил ажилладаг боловч нэг үйлдвэр энэ хугацаандаа 60-70 хүнийг ажилтай байлгадаг. Налайхын 1,200 хүнийг зунд нь ямар ч байсан ажилтай байлгаж чадаад байгаа юм. Тэдний ард дунджаар таван ам бүлтэй гэр бүл гээд тооцоход 6,000 орчим хүн байгаа.

Налайхыг өнөөдөр 35 мянга орчим хүнтэй гээд аваад үзэхэд нийт оршин суугчдын хэдэн хувийг нь бид ажилтай байлгаж байна вэ гэхээр том тоо гарч ирнэ гэж үзэж байна. Тиймээс Налайх шиг газрыг төрийн бодлогоор дэмжих ёстой. Тухайлбал, тоосгоны үйлдвэрүүдийг яаж хөл дээр нь босгож дэмжих вэ гэдгийг харах ёстой. Харамсалтай нь эдийн засгийн хүндрэл гойд мэдрэгдэж байгаа энэ үед хянадаг шалгадаг байгууллагуудын хяналт шалгалт тасрахгүй болсон. Очоод “Ажлыг чинь зогсооно”, “Лацдана”, “Ломбодоно” гэдэг. Эсвэл дааж давшгүй торгууль яриад л. Шалгалтаар очсон хүмүүс заавал торгож байж л салдаг. Дээд тал нь долоон сая төгрөгөөр торгоод явчихаж байна. Энэ чинь тэнд ажиллаж буй хэдэн хүний цалин шүү дээ.

Налайхын тоосгоны үйлдвэрүүд сар бүр дунджаар хагас тэрбум төгрөгийг ажилчдын цалинд тавьдаг. Энэ мөнгөөр л тэнд бичил бизнес эрхэлж буй иргэдийг буюу дэлгүүр, цайны газрын эздийг тэтгэж байгаа. Энэ хэрээр Налайхын төр засгийнхны нуруун дээр байгаа ачааг ямар нэгэн байдлаар хөнгөлж байгаа. Налайх анхны дагуул хот болоод Захирагчаа сонгоод удаагүй байна. Миний ойлгосноор дагуул хот бол улсын төсвөөс мөнгө, татаас авахгүйгээр өөрийнхөө дотоод татвар буюу тэнд ажиллаж байгаа аж ахуйн нэгж, компаниудынхаа орлогын албан татвар зэргээр өөрийнхөө төсвийг бүрдүүлж ажиллах ёстой. Ингэхлээр энэ хэдэн тоосгоны үйлдвэрийн ач холбогдол улам их болж байгаа юм.

 Налайх анхны дагуул хот болоод Захирагчаа сонгоод удаагүй байна.

Гэтэл би өнөөдрийг хүртэл тэр захирагчтай уулзаж чадахгүй л явж байна. Уг нь тэр хүн тангараг өргөлөө, орж ирэнгүүтээ тоосгоны үйлдвэрийн хэдэн захирлыг өөрөө дуудаж уулзах ёстой санагдана. За яахав, наадмын хэдэн өдөр амарлаа гэхэд одоо ажлаа хийх цаг нь болсон. Эцсийн эцэст өнөөдөр наадам  сонин биш санагдаж байна. Гэтэл эсрэгээр нь хянадаг шалгадаг байгууллагаа идэвх­жүүлж торгуулийн хэ­дэн төгрөгөөр төсвөө бүр­дүүлэх гэж улайрч байна.

-Төр засгийн зүгээс тоос­гоны үйлдвэрүүдийг дэм­жих биш хямралын үед та­таж унагааж байна гэж үү?

-Шууд татаж унагааж байна гэвэл хатуу сонсогдоно. Гэхдээ цаад утгаараа татаж унагаахад оролцож байгаа юм. Шийдлийн Засгийн газрын Ерөнхий сайд чуулган дээр анхныхаа үгийг хэлэхдээ “Би гуравхан үг хэлье” гээд “Эдийн засаг, эдийн засаг, эдийн засаг” гэж хэлсэн шүү дээ. Би тэр үед шинэ Ерөнхий сайдыг эдийн засгийнхаа өнөөдрийн нөхцөл байдлыг онцгой мэдэрч байна гэж ойлгосон. Тиймээс эхний ээлжинд эдийн засгаа авч гарах ёстой.

Эдийн засгийг хэн үүсгэж, бий болгож байгаа юм бэ гэвэл материал, баялгийг үйлдвэрлэгчид. Гэтэл эдийн засагт хаврын хавсарга шиг үе тохиож байна. Энэ үед нь малаа муулж иддэг монгол хүн байхгүй. Борцоо идвэл идээд, бүсээ чангалаад зуны дэлгэр цагтай золгодог шүү дээ. Гэтэл компанийг мал, эзнийг нь төр засаг гэж үзвэл хаврын тарчиг цагт туранхай байгаа малаа муулахаар дайраад байна шүү дээ. Магадгүй энэ чинь төллөж, намар үр шим нь гарна гэж яагаад тооцдоггүй юм бэ. Хүнээс зөрчил, дутагдал илрүүлье гээд шалгавал хаанаас ч юуг ч илрүүлж болно.

Үүнийг зарим хүн ёгтлоод “бөөс түүнэ” гэдэг. Хяналт шалгалтын байгууллага ингэж “бөөс түүвэл” ямар ч аж ахуйн нэгж, албан байгууллага ямар нэгэн зөрчилтэй буюу хуулинд заасан торгох нөхцлийг бүрдүүлж л таараа. Гэтэл энэ жилдээ хүмүүсийг цалинжуулж, эдийн засгийн хүнд нөхцөлд чадан ядан яваа аж ахуйн нэгж, компанийг торгохоос илүүтэй дэмжих хэрэгтэй байна. Эхний удаа зөвөлгөө өгөөд явж болно шүү дээ. “Ийм заалтаар тэдэн төгрөгөөр торгох гээд байна. Гэхдээ хүнд үед эдийн засагт оруулж буй танай компанийн бодит хувь нэмрийг чинь үнэлээд эхний удаад сануулга өглөө шүү” гэвэл Налайхад арай нэмэртэй болох гээд байна.

-Ер нь яагаад тоосгоны үйлдвэрүүд хямарчихсан юм бэ?

-Барилгын компаниуд орон сууцаа борлуулж чадахгүй боллоо. Ингэхээр бэлэн мөнгөгүй болчихож байгаа юм. Тиймээс өнөөдөр үүссэн нийтлэг нөхцөл нь “Та нар орон сууц аваач. Эсвэл машин ав. Бид оронд нь тоосго авъя” гэдэг. Барилгын салбар өнөөдөр бараа солилцоо буюу бартерийн хэлбэрт орчихлоо. Гэтэл барилгын компаниуд үйл ажиллагаагаа зогсоож болдоггүй. Хэрэв барилга зогсчихвол өр зээлээ хэн төлөх вэ.

Баригдаж дуусаагүй барилга балгас л болно шүү дээ. Нөгөө талд нь барилга зогсохоор материал үйлдвэрлэгчид нь яах юм бэ. Энэ гинжин урвал эвгүйдвэл эдийн засгийг навсайтал нь татаж унагахад бэлэн болчихлоо. Тиймээс бид аргагүйдээд л өнөөдөр тоосгоо байр, машин, сүүлдээ хүнсээр сольж байна шүү дээ. Тэгээд ус, цахилгаан, татвараа төлж чадахгүй, ажилчдын цалингаа тавьж чадахгүй байна.

“Эдийн засаг сэргэж, гайгүй болох байлгүй дээ” гээд тоосгоо хийсэн өртгөөр нь өгчихөж байгаа юм. Бид энэ жил шавар зуурч тоглож байгаа юм шиг л болчихлоо. Үйлдвэрлэгчдэд үүнээс ямар ч ашиг үүсэхгүй. Гэвч бид үйлдвэрээ зогсоохгүй байснаараа Налайхад тодорхой хэмжээний үүрэг гүйцэтгэж байгаа. Тиймээс энэ жил шиг ийм хүнд үед бодлогоор жаахан дэмжээд аваад явчихал цаашид ирээдүй бий.

-Барилгын материалын технологи өдрөөс өдөрт хөгжиж байгаа. Энэ нь тоосгоны үнэ унахад нөлөөлсөн юм биш үү?

-Анх тоосго шиг сайн хананы дүүргэгч материал байсангүй. Тэр үед техник технологийн төвшингөөсөө хамаараад олон материал ч байгаагүй. Тоосго бол гол материалын нэг байлаа. Одоо бол хананы дүүргэгч материал төрөл бүрээрээ гарч ирээд байна. Энэ нь эргээд тоосгоны үйлдвэрлэлд нэг талаар саад болж байгааг үгүйсгэхгүй. Гэвч өнөөдөр төрийн дэмжлэг, бодлого ялангуяа Налайх шиг газарт хамгийн ихээр үгүйлэгдэж байна.

Анх тоосго шиг сайн хананы дүүргэгч материал байсангүй.

Энэ нь оршин суугчдад бүрэн мэдрэгдэж байгаа. Налайх уг нь 35-хан км яваад оччихдог нийслэлийн дүүрэг гээд байгаа ч дотор нь амьдарч байгаа хүмүүсийн хувьд хот ч юм шиг, хөдөө ч юм шиг тийм л газар. Хол байх тусмаа орон нутгийн гэдэг байр байдлаа олоод авчихдаг юм байна. Орон нутгийн иргэд хот явахын тулд төлөвлөж, ажил амьдралаа зохицуулдаг. Тэнд төрийн дэмжлэг, бодлого ч сайн хүрч байна. Гэтэл Налайхын иргэд автобусанд суугаад цаг гаруйхан давхиад хотдоо ирж байгаа ч төрийн бодлогоос алслагдчихсан. Газар зүйн хувьд алслагдаагүй ч хүмүүсийнх нь сэтгэхүй хүртэл хотынх ч юм шиг, хөдөөнийх ч юм шиг болчихсон шүү дээ.

 

Зураг