Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/07/29-НД НИЙТЛЭГДСЭН

"Цагийн ажил"-д хамрагдсан оюутнууд 500 мянган төгрөгөөр цалинждаг

Зууны мэдээ
2015 оны 7 сарын 29
Зууны мэдээ
Зураг зураг

Оюутан залуусын зуны амралт эхлээд багагүй хугацаа өнгөрч байна. Хэдийгээр хичээлийн шинэ жил эхлэхэд ганцхан сарын хугацаа үлдсэн ч цагийн ажил хийж, ном дэвтэр, хувцасныхаа мөнгө, сургалтын төлбөрөө олох гэсэн оюутан цөөнгүй байна.

Иймд бид энэ удаагийн дугаартаа оюутан залууст зориулсан ажлын байрны талаарх мэдээллийг бэлтгэсэн юм. Мөн дүүрэг бүрт байрлах Хөдөлмөрийн хэлтсээс энэ талаарх мэдээллийг тодруулж асуулаа.

Учир нь нийслэлийн хөдөлмөрийн төв биржид ирсэн ажлын байрны захиалгыг харьяа дүүрэг рүү нь шилжүүлдэг болсон байна. Оюутан залуустаа дуулгахад, Хөдөлмөрийн яам, Монголын залуучуудын холбоо хамтран “Ажилтай, орлоготой монгол залуу” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд багагүй хугацааг үдэж байна.

Энэ хөтөлбөрийн хүрээнд цагийн ажлын төслийг 2013 оноос хэрэгжүүлжээ. 

Энэ хөтөлбөрийн хүрээнд цагийн ажлын төслийг 2013 оноос хэрэгжүүлжээ. Энэ төсөл нь цагийн ажил хийж, орлогоо нэмэгдүүлэх хүсэлтэй оюутан, залуусыг аж ахуй нэгж болон хувь хүмүүсийн захиалгын дагуу ажлын байраар хангах, үйлдвэрлэлийн дадлагаа цалинтай хийх зорилготой юм. 

Нөгөөтэйгүүр, гадаадад сурч, ажиллаж, амьдарч байгаа залуусыг эх орондоо ажиллах боломжийг бүрдүүлэх зорилготой гэдгийг албаныхан хэлж байсан. Одоогоор энэхүү төсөлд хамрагдаж буй оюутан залууст янз бүрийн шаардлага тавьсан зүйл байхгүй байна. Цагийн ажил хийх оюутан, залуус өөрсдийн сурч байгаа мэргэжлийн дагуу ажиллахад л болно гэсэн. Мөн энэ төсөлд хамрагдсан оюутанд сард 500 мянган төгрөгөөс доошгүй цалингаар цалинжуулна гэсэн гэрээг ажил олгогчтой байгуулж байгаа аж.

“Цагийн ажил” төсөлд бүртгүүлэх оюутан залуус Монголын залуучуудын холбооны төв байрны 201 тоотоос энэ талаарх мэдээллийг асууж тодруулж болох нь. Мөн МЗХ-ны төв байр “Залуучуудын Хөдөлмөрийн төв бирж”-ийн 103 тоотод ирж бүртгүүлж болох юм байна. Ингээд ажил идэвхтэй хайж буй, мөн цалинтай дадлага хийх сонирхолтой залууст зориулан дүүргүүдийн хөдөлмөрийн хэлтсээс авсан мэдээллийг хүргэв. 

100 ОРЧИМ АЖЛЫН БАЙРНЫ ЗАХИАЛГА БАЙНА

Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн мэргэжилтэн П.Алтанцэцэг:

-Дулааны улирал эхэлсэнтэй холбогдуулаад зам,барилгын ажил ихэссэн. Тиймээс манайд бүртгэлтэй ажлуудын дийлэнх нь барилгын ажил байна. Цагийн ажил заримдаа их орж ирдэг. Тухайлбал, “Таван богд” групп оюутнуудыг байнга.ажилд авдаг. Барилгын туслах ажилтан, арматурчин,сантехникийн туслах, өрлөгчин зэрэг ажлын захиалга их орж ирдэг.

Мөн 40-өөс дээш насны хүмүүст харуул хамгаалалтын ажилтан болон СӨХ-ын ажлуудыг санал болгодог.

Одоогоор хүмүүсээс анкет бөглүүлэх, 14 аж ахуй нэгжийн 100 орчим ажлын байрны захиалга нээлттэй байна. Хүмүүс дүүрэг дээр ирэхгүйгээр харьяа, хороон дээрээ очоод анкет бөглөж болно. Хороо бүрт хөдөлмөр хариуцсан ажилтан байдаг. Тиймээс cap бүр ирж байгаа ажлын байрны захиалгыг хорооноосоо лавлаж болно. Цагийн болон түр ажлын байр манайд ховорхон орж ирдэг. Гэхдээ зарим байгууллага цалингийн хэмжээгээ хэлдэггүй. 

ӨДӨРТ ДУНДЖААР 20-30 ХҮН АЖИЛ ХАЙЖ ИРДЭГ

Чингэлтэй дүүргийн Ажилд зуучлах үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Д.Алтантуяа:

-Манай дүүргийн хөдөлмөрийн хэлтэст өнөөдрийн байдлаар 54 аж ахуйн нэгжийн 368 ажлын байрны захиалга байна. Дийлэнх нь барилга, зочид буудал, худалдаа үйлчилгээний чиглэлийн ажил байна. Тухайлбал, барилгын ажил дотроо гагнуурчин, арматурчин, засал чимэглэл, туслах ажилчин авах захиалга их байна.

Цагийн ажил одоогоор цөөхөн байна.

Мөн зочид буудлын зөөгч, үйлчлэгч, угаагч ресейпшин зэрэг ажлын байрны захиалга ирдэг. Худалдаа үйлчилгээний байгууллагуудаас ихэвчлэн худалдагч, кассчин, орох, гарах шалган авна гэсэн зарууд 70-80 хувийг эзэлдэг. Цагийн ажил одоогоор цөөхөн байна.

Ер нь бол цагийн болон түр ажлын байранд тухайн албан байгууллага өндөр шаардлага тавьдаг. Харин ажил хайж буй залуусын зарим нь тухайн ажлыг голдог. Цалин өндөртэй, ажлын цаг бага, амар хялбар ажил хайж ирдэг хүн цөөнгүй ирдэг. Өдөрт дунджаар 20-30 хүн ажилд орох, анкет бөглөх, ажлын байрны захиалгатай танилцах гэж ирдэг. Залуучуудын хувьд, дөрөв, тавдугаар сард сургуулиа төгссөнийхөө дараа, мөн наймдугаар сарын сүүлчээр ажил идэвхтэй хайж ирдэг.

ЯВУУЛЫН ХӨДӨЛМӨРИЙН БИРЖ АЖИЛЛУУЛЖ БАЙНА

Баянгол дүүргийн Мэргэжлийн чиг баримжаа олгох үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Б.Энхцэцэг:

-Баянгол дүүргийн хөдөлмөрийн хэлтэст одоогийн байдлаар нийт 73 ажлын байр байна. Эдгээр ажлын байрны дийлэнх нь цахилгаанчин, жолооч, арматурчин, оёдолчны ажлын байр байна. Манай хэлтэс ажилд бүртгүүлсэн оюутан залуусыг цагийн болон байнгын ажлын байранд байнга зуучилдаг. Мөн оюутан залууст зориулсан өдөрлөг, үйл ажиллагааг Монголын залуучуудын холбоотой хамтран явуулдаг.

Түүнчлэн бид явуулын хөдөлмөрийн биржийг “Өргөө” кинотеатр, “Хархорин” худалдааны зах, Төмөр замын дээд сургуулийн ойролцоо байршуулж иргэдийг ажилд бүртгэж байна.

ТЭРЭЛЖИД АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЧИГЛЭЛЭЭР ЦӨӨНГҮЙ ОЮУТАН АЖИЛЛАДАГ

Налайх дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн мэргэжилтэн Т.Амарбаяр:

-Налайх дүүрэг хүн ам багатай учраас ажлын байрны захиалга цөөхөн байдаг. Одоогоор хөдөлмөрийн хэлтэст 13 аж ахуйн байгууллагын 52 ажлын байрны орон тоо байна.

Налайх дүүргийн зургадугаар хороо буюу Тэрэлжийн бүс нутагт аялал жуулчлалын чиглэлээр оюутан залуус ихээр ажилладаг. Манай дүүрэгт тоосгоны үйлдвэр олонтой. Тиймээс тоосгоны үйлдвэрт ажиллах санал ихэвчлэн ирдэг.

Зураг