Монгол Улсын Их Хурал Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Парламентын Ассамблейн намрын хурлыг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо ирэх есдүгээр сарын 15-18-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.
Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Их Хурлын даргын 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 141 тоот захирамжаар байгуулдагдсан Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Парламентын Ассамблейн намрын хурлыг зохион байгуулах ажлын бэлтгэл ханган ажиллах үүрэг бүхий Ажлын хэсэг өнөөдөр хурлын зохион байгуулалт, бэлтгэл ажлын явц байдлын талаар хуралдлаа.
Тус хуралд Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, Ажлын хэсгийн ахлагч Б.Болдбаатар, Улсын Их Хурлын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга, Ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Ц.Нарантунгалаг болон Ажлын хэсгийн бусад гишүүд оролцов.
Тус арга хэмжээг жил болгон гишүүн орнуудад ээлжлэн зохион байгуулдаг бөгөөд 57 оролцогч улсын парламент хоорондын яриа хэлэлцээний гол механизм юм. Монгол Улс 2012 оны 11 дүгээр сарын 21-нээс Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын бүрэн эрхт 57 дахь гишүүн улс болжээ.