Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/07/28-НД НИЙТЛЭГДСЭН

Өнөөдөр ХЕПАТИТТАЙ ТЭМЦЭХ ДЭЛХИЙН ӨДӨР

Д.Эрдэнэцэцэг, iKon.mn
2015 оны 7 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр Хепатиттай тэмцэх дэлхийн өдөр. Энэ өдрийг Монгол Улс жил бүр тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд үүний хүрээнд ЭМСЯ, ДЭМБ, ХӨСҮТ хамтран мэдээлэл хийлээ.

Мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн дэд захирал Я.Буянжаргал хэлэхдээ,

-2010 оны тавдугаар сард болсон Дэлхийн Эрүүл Мэндийн Чуулга уулзалтаар жил бүрийн долоодугаар сарын 28-ны өдрийг “Хепатиттай тэмцэх дэлхийн өдөр” болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн билээ.

Энэ жилийн тухайд Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагаас вируст хепатитын халдвараас урьдчилан сэргийлэхийг бодлого боловсруулагчид, эрүүл мэндийн ажилчид, олон нийтэд уриалж байна.

С вирусын халдвартай хүнийг эмчлэх, хянах 130 гаруй эмч, мэргэжилтнүүдэд сургалт явуулж дууссан.

Учир нь вируст хепатит өвчин нь дэлхийд хамгийн их тархсан халдварт өвчний нэг бөгөөд эрүүл мэндийн нэн тулгамдсан асуудал болсоор байгаа юм.

Монгол Улсын тухайд вируст хепатитын өвчлөл, нас баралт өндөртэй улс орны нэг бөгөөд элэгний хорт хавдарын нас баралтаар дэлхийд тэргүүлсэн орнуудын тоонд ороод байна.

Иймд ЭМСЯ-аас Вируст хепатитын халдварыг хяналтад авах зорилгоор “Вируст хепатитыг илрүүлэх, оношлох, сэргийлэх үндэсний цогц хөтөлбөр” төслийг боловсруулсан ба батлагдах шатандаа явж байгаа. Энэ хүрээнд Улаанбаатар хот болон аймгуудад хепатитийн С вирусын халдвартай хүнийг эмчлэх, хянах 130 гаруй эмч, мэргэжилтнүүдэд сургалт явуулж дууссан. Сургалтад хамрагдсан эмч нар маань тухайн дүүрэг, орон нутгийнхаа эмч, мэргэжилтнүүдэд дахин сургалт явуулж, зааварчилгаа өгнө гэсэн юм.

Харин ДЭМБ-ын суурин төлөөлөгч Су Нюунт У хэлэхдээ, “Монгол Улс ДЭМБ-ын Ази номхон далайн бүс нутагт хамрагддаг. Тус бүс нутаг нь дэлхийн хепатитын өвчлөлийн 50 хувийг эзэлдэг юм. Иймд уг бүс нутгийн орнуудад цогц удирдамж, үндэсний хариу арга хэмжээ авах мэдээллийн сан гээд олон зүйл хэрэгтэй байна” гэлээ.

Монгол Улс 1991 оноос В вирус хепатитын эсрэг вакциныг, 2012 оноос А вируст хепатитын эсрэг вакциныг бага насны хүүхдүүдэд хийж эхэлсэн юм.

ВИРУСТ ХЕПАТИТ ӨВЧНӨӨС СЭРГИЙЛЭХ АРГА ЗАМУУД:

  • A, В вируст хепатитын халдварын эсрэг вакцин хийлгэх
  • Хувийн ариун цэвэр, эрүүл ахуйн дэглэмийг мөрдөх
  • Ундны ус, хүнсний аюулгүй байдлыг хангах
  • Цус, цусан бүтээгдэхүүний хяналт шинжилгээг сайжруулах
  • Эмнэлгийн тусламж үйлчилгээнд нэг удаагийн багаж хэрэгсэл хэрэглэх
  • Шаардлагагүй тариа, эрсдэлтэй хатгалтаас зайлсхийх
  • Шивээс хийлгэх, чих цоолох зэргээр арьс, салстын бүрэн бүтэн байдлыг алдагдуулахаас зайлсхийх
  • Хамгаалалтгүй бэлгийн харьцаанаас татгалзах, бэлгэвч хэрэглэх