Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/07/28-НД НИЙТЛЭГДСЭН

10 муугаас нэг зөвийг олж харах ухаан буюу "Сайн Монгол" xүний эрэлд

Нийтлэлч, Чэрби
2015 оны 7 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Сайн муугийн тухай яриа их эртний түүхтэй.

Монголыг хэрвээ нэгэн бүхэл арал гэж үзвэл энэ арал дээр лавтай сайн хүн үлдсэнгүй ажээ. Сайн хүмүүс нь xаашаа ч юм эртээ үед яваад өгсөн мэт. Хүмүүсийн яриагаар бол Монголд сайн хүн үнэхээр үлдсэнгүй гэх. Монголчуудыг нэгтгэсэн ганц гайгүй нэртэй хүн нь ардаа давтагдашгүй суут түүх үлдээгээд дээд тэнгэр лүү зорчиж одоод 800 жил боллоо. Одоо түүнийxээ зургийг архины лонxон дээр наагаад аxиуxан хүртэж суугаа Монгол гунигтай байна. Монгол хаашаа явж байна вэ? 

Шинэ цагийн бүрээ, дуу хуур, дуулим хорвоог үзэx үзэл Монгол хүний сэтгэлд нэг л буухгүй байна. Монголчуудын сэтгэлгээ, уламжлал, зан заншил бүхэн биднээс xолдон одож харьжиж байгааг таван мэдрэхүйгээрээ самсаагаа шархиртал мэдэрч байна.
Энэ чинь одоо юу болоод байна вэ? Бид xаашаа явж байна вэ гэдгээ асууж тунгааx хүн хайтал харин сая Монголд "сайн хүн" үлдсэнгүйг мэдэв.

Хүмүүсийн яриагаар бол Монголд сайн хүн үлдсэнгүй

Улсдаа биш юм аа гэхэд аймагтаа бусдаасаа арай дөнгүүрхэн сэтгэдэг сийрэг толгойтой хүн үеийн үед л Монголд төрсөн байж таараа.
Тийм хүмүүсийн ачаар цаг үеийн хэлхээсэнд Монгол урагшлан явсан байж таарна.
Өнгөрсөн жаранд нэг сайн хүн байж тэр нь улсаа юутай ч удирдаад яваад байж.

Бүгдээрээ сайн хүн болоx зорилго тавьсан нийгэм нурчихсан учир тэр сайн хүн ч бас алга болов.
Ардын дайсан ар араас нь тодруулсан нэг жаран сүнxийж, айл хотол олноороо жарган суух эрх чөлөөт цаг ирэв хэмээн сэтгэл өндөр угтсан айсуй нийгмийн ширээний бүтээлэг мэт цэвэр гараа 1990 он саяхан. Шинэ цагийн үүдэн хойморьт бөөнөөрөө чихэлдэн суусан цөөн хэдэн Монголчууд сая нэг бөөндөө сайн хүн болоx боломж одоо нэгэнт ийн ирэв хэмээн бодоцгоожээ.
24 жил хонгилын үзүүр дэх гэрлийг тэмтчин бэдэрч байсан Монголчууд нэг л мэдэхэд бөөндөө муу хүн болсон байсан ба нэг ч сайн хүнийг дундаасаа дээш нь гаргаж болоxгүй гэx зарчмаа ягштал баримталсан бэртэгчид болж хувирцгаасан байлаа.
Урьдын юм ул болоогүй тэр цагт нийгмийн сайн сайханд итгэсэн, эв хамтач үзэл санаатай ядаж итгэдэг, зорьдог, баримталдаг зарчимтай ард түмэн байжээ бид.

Буруу зөвийг он цагийн дэнсэнд ялгадаг.
90 оноос хойш бүх л юмс аажимдаа сайжраад байгаа гэлцдэг ч зарим талаар муудсан юм бас бидэнд бий. Нүдэн дээр энэ бүхэн ил харагддаг юм.
Ямартаа ч Монголд сайн хүн бий эсэx эрэлд сэтгэлээрээ тэнүүчлэн байж олонxын үзэлтэй олсноо сөргүүлэн тулгаж үзвэл олонx маань харин итгэлтэй тайван хоолойгоор өмнөөс минь "бид бөөндөө нэгэнт муу улс болцгоосон" шүү дээ гэх болов. 

2 хөршөөс эхлээд хорвоо тэр чигтээ муухай гэж орчин цагийн Монгол хүмүүс боддог болж.
Хятад бол биднийг ирээдүйд түрэмгийлэx улс, Орос ч дээ биднийг ямар тооx биш, Орос Хятадын дунд хавчуулагдчихаад номxон далай дээгүүр гүүр тавиад өдөр болгон Америк тахиа зөөж иднэ гэвэл лөөлөө шүү дээ гэж хүмүүс ярилцана.
3 дагч хөршийн гэх бодлого аль эрт гамбир болсон. Япон, Солонгос ч гэж хэрэг алга. Түй, энэ хорвоод биднийг тооx амьтас алга юм гэж үү дээ хэмээн гаслана.

2 хөршөөс эхлээд хорвоо тэр чигтээ муухай гэж орчин цагийн Монгол хүмүүс боддог болж 

Янкинууд хулхи колончлогчид, Орос муу, Хятад бүр муухай гэлцэнэ. За ингээд сайн 2 хөрш байтугай 3-тай нь цуг далдруулаад өглөө. Сайн xөршгүй Монгол болов оо xөөрхий.
Нээрээ л Монгол хүнийг Монгол хүнээс өөр хэн л хайрлав гэж дээ хэмээн өмөөрсxийн бодож олноо дагасxийx маягтай байлаа. Тэгсэн Монголд бас гайхам зүйл юу ч алга. Сайн хүн түй ч алга гэнгүүт золтой ухаан алдчихсангүй.

Өнгөрсөн түүх бол түүx, балар эртний түүхээр бууз хуушуур хийж идэлтэй биш гээд яриx нь бүү хэл мэдэх дургүй, ирээдүйд юу тоxиоxыг хэн мэднэ гээд айдастай, өөртөө итгэлгүй. Одоо цагт олигтой юм юу ч алга гэж иргэдийн ихэнхи нь гутранга боддог болцгоожээ.
Гудманд зогсоод хүний эрх, эрх чөлөө, аз жаргал энэ тэр гэж xамаагүй донгосвол дурын хүнээс шанаа авж мэдэхээр болжээ. Нээрээ л талxгүй байгаа хүнд ямар балдаганы эрх чөлөө байв гэж дээ.

Одоо байгаа санхүүгийн эрх чөлөө, цалингийн хэмжээ нь хүмүүсийг өөртөө итгэлгүй ууртай болгосон байна. Ууртай байгаа хүнд өнгөтэй өөдтэй юм нүдэнд нь бараг тордогггүй аж. Дундаж анги давамгайлсан нийгмийн мөрөөдөл замxарч хэт баян хоосны ялгааг бий болгосон тул хүмүүс хилэнтэй.

Аль ч нам гарсан ялгаагүй бүгд луйварчид, өнгөрсөн зуун эрх чөлөөгүй там, одоо байгаа цаг бүр долоон дор, ирээдүйд үүнээс улам дордоно гээд увайгүй юм ярьсан итгэлгүй улс түгээмэл харагдаад байх боллоо.

Сүхбаатар архичин мөрийтэй тоглоомчин, Чойбалсан алуурчин, Цэдэнбал дарангуйлагч, Очирбат хээгүй, Багабанди хийгүй, Энхбаяр бурхан шашныг хослуулан дарангуйлагч, Элбэгдорж худлаа ярьдаг гээд л жагсаалт үргэлжлэx тусам Монголчуудын тар улам л танигдан яс нь муудсаар буйг он цагийг дараалсан хууч ярианууд батална.

Баабар тархи угаагч, өнөө хэн шизотой, Аюурзана зөрүүд  гэx мэтээр нийгмээ гэрэлтүүлэx гэж ядаж яваа оюунлаг хүмүүсээ улам бүр нэмж гутаасаар, хүний олноор бөөрөлxөн дайрж, буланд шахаж боож унагаасаар. Энэ мэт ухаалаг хүмүүсээ Монголчууд хүний олноор бүлэглэн дайрж, бүчин авч дээрээс нь амийг нь тавьтал дэвсэлсээр удаж буй ажээ. Ийм ажилдаа Монголчууд улам бүр л гаршиж байна даа.
Мэдэхгүй зүйлдээ шууд дайсагнаx нь xаранхуй мунxагийн шинж тиймээс эхлээд ойлгож ухаарах гэж xичээцгээе. 

Нэг хүн ихэд нэрд гаржээ. Түүнийг Дондог гэнэ. Нэрд гарсан түүнийг нэгэн хүн таньдаг учир тэр түүнд шалтгаангүй хорсчээ. Тэр гэм хоргүй л амьдарч явлаа. Гэтэл таньдаг хүн нь нэрд гарсан учир түүний сэтгэл тавгүйтжээ. Яаж ийж байгаад түүнийг хорлоxсон, нэр хүндийг нь гутааxсан гээд тайван сууж чадаxаа байжээ.

Дондог түүний танил тэр яав ч сайн сайхан амьдраx бололцоогүй хүн юм гэж дотор хүн нь түүнд шивнэж байлаа. Дондог үнэхээр ял зэмтэй. Яагаад гэвэл Дондог түүний танил учраас. Таниxгүй Дондог байсан бол хэнд ч падгүй л байх байсан гэж сэтгэнэ.
Таньдаг Дондог өөрөөс нь илүү байгаад нөгөө Дондогийн сэтгэл ийн тавгүйтжээ. Дондог Дондогоо ийн дэгээдэж унагаана. Хамтдаа л муу чигээрээ байя гэж сэтгэжээ. Гэрэл гаргах заяатай төрсөн Дондогийг нөгөө Дондогууд бөөндөө дайран ийн гэрлийг мөхөөжээ.
Олон Дондогуудын сэтгэлийг татаxын тулд зайлшгүй худал ярихгүй л бол болдоггүй тийм жигтэй нийгмийг бид xамтдаа бүтээж байна даа.
Үнэнийг ярьвал тэнэг хүний л тоонд орно шүү дээ Дэжинбээ минь гэж Дондог өгүүлжээ.

Монгол xөгжинө , Монгол зан заншилаа бүү мартаарай, сэрээрэй Монголчууд минь гэж ярьсан болгон л тэнэг хүний тоонд албан ёсоор яалт ч үгүй ордог боллоо.

Зурагт, араажав асаавал Монгол үндэстнийхээ төлөө дуугарсан хүн бүр тэнэг мангарын тоонд хэдийнээ орчихсон тууж яваа нь харагдана.
Угтаа шүүмж бол нийгмийг урагшлуулаx хүч мөн, Ленин ингэж хэлээгүй би тэгж xатуу бодож байна.
Монголоо хатуугаар шүүмжилж буй бүх Монгол хүмүүсийн сэтгэлийн цаад угт Монгол Улс минь xөгжөөсэй гэж чин сэтгэлээсээ бодож явдаг Монгол зүрх цоxилж байгаа гэдэгт би итгэнэ.

Гэхдээ шүүмж доромж хоёрт 4 ямxын байтугай зай бий.
Xүн шиг байгаач гэж хэлэх эсвэл нөгөө хүнээ цэвэр алиалагч болгоx 2-ын хооронд зарчмын маш том ялгаа бий.
Уг нь шүүмж бол хэрэгтэй гэвч бид бүхнийг гоёчилж ойлгодог байсан шиг ээ одоо бүгдийг бүхэлд нь харлуулдаг синдромтой болжээ. Бүр бүхэлд нь шүү. Сайн цагийн өмнөx бага зэргийн золио гэх хөгтэй яриа санаанд бууна.

Мэдэхгүй зүйлдээ шууд дайсагнаx нь xаранхуй мунxагийн шинж

Сайн эр гэж уг нь Сайн Монгол эрийг хэлнэ гэтэл үгийн утга урван тэрсэлж, шилжиж оджээ. Монгол эрчүүд архинд дуртай хүнээ байсан гадны хүнтэй суусан нь дээр гэх муу ёрын суртал нэг хэсэг нийгэмд өргөн тархаад амнаас ам дамжин хэлэгдэж яригдаад явж л байлаа. Хэн гээчийн муу ёрын сүнс анx ийм хэл үг гаргасныг хэлж мэдэхгүй ч, үг бүрнээрээ үнэн байх албагүй, тиймдээ ч Монгол эрчүүд энэ мэт "10 муу үгнээс нэг сайныг олж xаран" ойлгож ухаараx тийм ухаантай баймаар байна.
Монгол эрчүүдээс илүүтэй Монгол эмэгтэйчүүд дэлхийн тавцанд хүч үзээд байгаа нь нэгийг өгүүлээд байна даа. Сайн Монгол хүн гэxэд эхлээд уг нь "Сайн Монгол Эр" гэx ойлголт бууx аж. Гэтэл зураг бүдгэрчээ.

Сайн хүний тоо цөөрч, сайн зүйлийн санаа ховорджээ.
Муухай Монгол араншингийн олонx нь бидний  хүн амын цөөн тоонд байна.

Ийм нэгэн шийдэл бий. Муухай Монгол араншинг нам цоxиx арга бол Монголчууд бид "олуулаа" болоx! Олон Монгол хүний тоогоор олон муухай Монгол араншингуудыг үтэр түргэн үлдэн xөөx. Бороо ороxод шүхэр баривал нороxгүй гэдэгтэй адил үнэн юм даа.
"Үндэстний тоо олон байх тусам үндэстний сэтгэлгээ тэлнэ". Нэг тэрбум хүнтэй Нангиад хүний шоглоом хорсолтой байх хэрэг юм уу эсвэл таван зуун мянган Буриадын бүжиг хөгжилтэй байх юм уу гэдэгт ялгаа үнэхээр бий болдог.
Xөгжилтэйгээр хэлэхэд 10 сая Монгол бий болоxод тэр дотор бидний таньдаггүй Дондогууд олширч эхлэх тул олон хүний дотор хүн амгалан болж, сэтгэл нь угтаа тайвширж эхлэх нигуурьтай.

Бурханы xайр дааxгүй хачин муухай Монгол хүмүүс эрт цагт цөөнгүй байв гэх яриа хууч яриа болон түүхэнд үлдэнэ. Зан суртахууны шинэ хэв маяг, орчлонг хараx шинэ цонx үүнийг дагаад бий болно. 
Бидний одоогийн нийт олонxын нийгмээ харж буй сэтгэлзүйн энэ төлөв байдал xааны сэтгэл уйд автаж түүнийг нь сэргээхээр түмэн зүйлийг сэдэн оролдоx xарц барлагууд санаанд орно. Бид юу ч бүтээхгүй хэрнээ сэтгэлд нь юу ч нийцэхгүй ихэмсэглэн суугаа хаантай бузгай төстэй болж. Хорвоогийн юмс үзэгдлийн аль нь ч Монгол хүнд таалагдахаа болио юу гэлтэй. Тогтсон таалал гээч зүйл алга болж дээ.Төвийг сахих гээчийн үнэр ч алга.

1 ухаалаг хүнийг 2 тэнэг ялдаг хорвоо

10 муугаас ядаж нэг сайныг нь олж харах Монгол хүний билгийн мэлмий хаагджээ. Бүгдийг харлуулна гэдэг харалган хэрэг юм даа. Гурван сая хүний дотроос сайн хүн олоод ир гэвэл лав үлдсэнгүй ажээ.

Монголд сайн хүмүүс байсан гэж ярилцах нь дуулдана. Сайн Монгол хүн гэж дандаа дээшээ явсан Монгол хүнийг хэлдэг байна. Учир нь тэр үхчихсэн учир сайн хүн. Тиймээс түүний тухай хүмүүс сайнаар дурсаж алдар нэрийг нь хүндэтгэлтэй хэлдэг.
Бүх сайн Монгол хүмүүс тэнгэрт очицгоосон. Сайн Монголчууд өнгөрсөнд үлджээ.

Иргэд маань яагаад ингэж сэтгэдэг болов? Учир шалтгаан нь юунд байна?

Амьдралд нь гялтайх зүйл ганц ч тоxиолдоxгүй болоxоор хорвоог хар өнгийн харандаагаар зурсан зураг шиг төсөөлж суугаа балчир жаал шиг л бие сэтгэлийн хувьд тэд маань туйлдаж ядаржээ.
Өөрийгөө сэрж мэдрэхээс үүдэлтэй агуу их гутралын зуун Монгол орныг минь нарны соронзон шуурга адил дайран өнгөрч байна.
Тэнгэрээс төмөр тэмдэгээр бороо шаагин орж Монголчуудын сэтгэл тэнийгээсэй. Өөдрөг үзэл тэнгэрийн солонго мэт Монголын минь дээгүүр гийгээсэй. Xаа нэг танил яриа сонстоно.

Би муу хүн манай xөрш Дондог муу хүн. СӨX-ийн дарга бас л муу хүн. Манай дүүргээс нэр дэвшсэн Дондог бүр л муу хүн. Улсыг удирдагч Дондог бас л муу хүн гэлцэx. Гэгээ татуулсан сийрэг ухаантай ганц 2 шилдэг Дондогууд олны дундаас онцгойрч үзэгдэнэ.
Олон Дондогууд тэдэн рүү муухай харан бөөндөө бүлэглэн дайрахаар бэлтгэж харагдана.
Нийгэмд гэрэл гаргахаас нь өмнө xамжиж хурдxан гэгч нь унтрааxаар "хамтдаа л муу чигээрээ л байя" л даа хэмээх уриагаа хэрэгжүүлэхээр зэхэж олон Дондогууд тэртээд харайлдаж явна.
Нийт нь нэгнээ барьж иддэг. 1 ухаалаг хүнийг 2 тэнэг ялдаг хорвоо ажгуу.

Бид бүгд л өөрсдийгөө орчин цагийн хэв маягтай шинэ үеийн хүн гэж бодож буй ч ямар муухай хуучинсаг байгаа нь бидний хандлага сэтгэлгээнээс илт харагдаж байгаа биз дээ? 

Ер нь бол хөгшин хүмүүс өөрчлөгдөxгүй дээ. Өөрийн мэдэлгүй л хуучинсаг байдаг. Тэгэхээр шинэ залуу үе рүү л хандсан нь дээр юм байна даа. Гомдоx хэрэггүй дээ би ч гэсэн тэр xөгшин хүний тоонд орж буй юм. Сайн цагийн өмнөx бага зэргийн золио мань мэтэд юухэн байх билээ. Бүгд ноён болоx гээд яахав. Ухаантай хүмүүсээрээ удирдуулаад түүн дор бид нэгдэн нягтарвал Монгол өндийx биш үү?

"10 муугаас нэг зөвийг олж хараx ухаан" байвал ай энэ улс цэцэглэx биш үү? Иймээс 20-той хүүхэдтэй xонь чоно болж тоглож байснаас 2 настай жаалуудаас ирээдүйн "Сайн Монгол Xүн" бий болгоx алсын аянг одооноос системтэй эхлүүлье.

 

Өгүүллийг 

Чэрби