Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/07/08-НД НИЙТЛЭГДСЭН

ХҮНИЙ ЗАСАГЛАЛААС ХУУЛИЙН ЗАСАГЛАЛ РУУ

Үндэсний шуудан сонин
2015 оны 7 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Монгол мөрөөдлийн эрэлд: Цуврал №6

“ҮШ” сонин бас нэгэн цуврал эхлүүлж байна. “Монгол мөрөөдлийн эрэлд” нэртэй энэхүү цувралыг “ҮШ” сонины эдийн засгийн тоймч Д.Мөнхчимэг, “Гэрэг” сэтгүүлийн орлогч эрхлэгч, “БАЛДОРЖ” шагналт сэтгүүлч Ж.Тэгшжаргал нар хөтөлнө.

Хүний хөгжлийн боломжийн потенциал, газрын хэвлий дорх хэн ч атаархам их хэмжээний эрдэнэс баялаг, гео эдийн засгийн бусдад тэр бүр тохиогоод байдаггүй боломж, нэг хүнд ногдох хэмжээгээр дэлхийд дээгүүрт ордог өргөн уудам газар нутаг, үржил шимтэй эрүүл онгон хөрс шороо, үеийн үед монголчуудыг тэжээн тэтгэсээр ирсэн эрдэнэт мал сүрэг гээд Монгол оронд хөгжин дэгжих асар өргөн боломж бий. Азийн бар, чоно болох мөрөөдлөөр сүүлийн хорин хэдэн жил амьсгалав. Нэг хэсэг хугацаанд эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийд тэргүүлж гайхуулсан ч өсөлт улам уруудан буурсаар байна. Мөрөөдөл маань мөрөөдөл чигээрээ л байсаар. Мөрөөдөл гэдэг бол зүгээр л хүсэн санаашрахын нэр биш, зорилго эрмэлзэл, түүндээ хүрэх үйл ажил билээ. Монгол мөрөөдөл биелэхгүй байгаагийн шалтгаан нь юу вэ? Энэ асуултын хариуг энэхүү цуврал нийтлэлээр хайх болно.

Эрхэм уншигч Та бүхэн манай сэтгүүлчдийн бичсэн нийтлэлийг нягтлан уншиж, санал бодлоо ирүүлээрэй. Монгол мөрөөдөл биелэхэд хүн бүхний идэвх оролцоо, эрмэлзэл тэмүүлэл чухал билээ. 

 

ХҮНИЙ ЗАСАГЛАЛААС ХУУЛИЙН ЗАСАГЛАЛ РУУ

Манай улс нэг хүчирхэг лидертэй байсан бол өдийд БНСУ, Сингапур шиг үсрэнгүй хөгжилд хүрдэггүй юм аа гэхэд Казахстаны түвшинд очсон байхгүй юу... Ийм яриаг Та ч сонсож, тийм ч юм болов уу гэж эргэлзэж байв уу? Ардчилал, зах зээлийн замаар замнаж, 25 дахь жилтэйгээ золгож буй монголчууд хүсэн хүлээсэн үр дүнгээ харж амжаагүй учраас л ийн ярих нь элбэг болжээ. Гэхдээ бид улс орныг хөгжүүлэх ухаалаг бодлогыг заавал ямар нэгэн дарангуйлагчаас эрэх хэрэггүй юм. Пак Чон Хи генерал, Ли Куан Ю, Назарбаевгүйгээр амжилтад хүрсэн түүх ч бишгүй бий. Ялангуяа бидэнтэй ижил хүн ам цөөтэй Швейцарь болон Скандинавын орнууд ардчиллын замаасаа хазайлгүйгээр хөгжил, цэцэглэлийн оргил өөд гарсан. Тэдэнд хүчирхэг лидер биш, хүчирхэг, бас ухаалаг төр байдаг. Тэдгээр оронд хүний засаглал биш, хуулийн засаглал ноёрхдог.

 

Тулга тойрсон хэрүүл

Сайд, дарга нарын томилгоо, төрийн албан хаагчдын халаа, сэлгээтэй холбоотой хэл ам намжиж амжаагүй байтал Засгийн газрыг эвсэн байгуулсан намууд бие биеэ хөөнө, хаяна дээрээ туллаа. Сонгууль ойртох тусам ийм шоу элбэгшдэгийг бид мэдэх хойно. Ардчилал нэрийн дор эрх баригчид маань 25 жилийн турш тулга тойрсон хэрүүл хийсээр ирлээ. 

Төр засаг нэг алхам урагшиллаа гэхэд хоёр алхам хойшлоод байгаа

Төр засаг нэг алхам урагшиллаа гэхэд хоёр алхам хойшлоод байгааг Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирал Б.Лакшми хэлээд, Монгол Улсад алсын хараа, нэгдсэн бодлого зайлшгүй шаардлагатайг онцолсон юм. Эдүгээ манайд төрийн, эсвэл засгийн тэргүүний, улс төрийн аль нэг намын, мөн түүн доторх бүлэг фракцуудын гээд учир нь олдохгүй олон бодлого байгаа нь хөгжлийн тушаа болж буй аж. Жишээ нь, нефть нэрэх үйлдвэртэй болно гэж 20 жил ярилаа. Энд ч барина, тэнд ч барина, жижгийг ч барина, томыг ч барина гэж хэрэлдсээр, нэгийнхээ гаргасан шийдвэрийг нөгөө нь баллуурдсаар юу ч үгүй сууж байна. Тавантолгойн цахилгаан станц, V цахилгаан станц ч ялгаагүй, ийм маягаар гацсаар өнөөдөртэй золголоо. Үр дүнд нь нүүрсний нөөцөөр дэлхийд эхний аравт багтах улс цахилгаан эрчим хүчний хэрэглээнийхээ тавны нэгийг импортлох болов. Газрын тосоо түүхийгээр нь Хятад руу гаргаж, түлш, шатахуунаа Оросоос худалдаж авсаар л... Төр засгийн эрх баригчид улс орны хөгжил, үндэсний аюулгүй байдалд биш, “бялууг хэрхэн хувааж байна вэ?” гэдэгт л санаа тавьдаг ажээ.   

1990 оноос хойш Засгийн газрын бүтэц долоон удаа өөрчлөгдсөнийг Үндэсний хөгжлийн хүрээлэнгийн захирал Б.Энхбайгаль сануулаад, ингэснээр төрийн бодлогын залгамж чанар алдагдаж буйг тэмдэглэжээ. Ийнхүү төрийн бодлого маань салхинд хийсэх хамхуул аятай сонгуулиас сонгуулийн хооронд дэндэгнэж явах аж. Дашрамд, хэдэн жилийн өмнө УИХ-ын гишүүн Лу.Гантөмөрийн бүрдүүлсэн судалгааны баг 125 хуулийг судалж үзээд, төрийн эдэлж буй эрх хүлээх үүргээсээ долоо дахин их байгааг илчилж байв. Энэ тухай нийтлэлч Д.Болдхуяг “Хүмүүжлийн хувьд төр маань гэдийгээд татаад уначихдаг эрхийн балай хүүхэдтэй төстэй болсон нь оношлогдлоо” хэмээн бичиж байлаа.

Эрхийн балай төр маань хүссэн бүхнээ хийдэг хэрнээ хариуцлага хүлээнэ гэдгийг огт мэдэхгүй. Үндэсний хөгжлийн цогц бодлогын эхний үе шат дуусаж байхад, долоон жилийн хугацаанд стратегийн 105 зорилтынх нь ердөө ганц хувь хэрэгжсэн тухай өмнөх нийтлэлүүдэд бичсэн шүү дээ. Ичиж үхмээр энэ үр дүн төр засгийн эрх баригчдыг хариуцлага хүлээлгэх нь битгий хэл нүүрийг нь ч улайлгаж дөнгөөгүй юм. Өөрсдийн боловсруулж баталсан “мөрөөдлийн жагсаалт”-ыг хэрэгжүүлсэн бол ядуурал өнөөдөр байгаагаас хоёр дахин, ажилгүйдэл гурав дахин бага байх ёстой байлаа.  

 

Ерөнхийлөгчийн шинэчлэл

Нам дагаж намирдаг төрийн бодлого, засаг солигдож, сайд шинээр томилогдох бүрт орвонгоороо эргэдэг төрийн алба... Энэ бүхэнд цэг тавих аянд гарснаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлаад жил хагас болсон ч үр дүн нь тааруу байгаа учраас бухимдангуй байна. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт өөрийн санаачилсан Төрийн албаны тухай болон Улс төрийн намын тухай хуулийн төсөлд багтсан шинэчлэлүүдийг сэтгүүлчдэд танилцуулсан юм. Эдгээр хууль батлагдвал төрийн алба улстөрөөс ангижирч, тогтвортой байх нөхцөл бүрдэх аж. Сонгуулийн дараа яамны сайд шинэчлэгдэж, өмнө нь ажиллаж байсан албан хаагчдыг “хүйс тэмтэрдэг” тогтолцоо үгүй болно. Шинэ сайд зөвхөн зөвлөх, туслах, хэвлэлийн төлөөлөгч, жолоочоо л солих эрхтэй үлдэнэ. Мөн шат дэвших дарааллаар албан тушаалд томилдог болох учраас “танихгүй дарга” нар гарч ирж, гэнэтийн бэлэг барихаа болино. Төрийн нарийн бичгийн даргаар жишээлж үзвэл тухайн салбартаа 18-20 жил ажилласан хүнийг л томилох боломжтой болно. Харин улс төрийн намууд жилд хоёр удаа мөрийн хөтөлбөрийнхөө хэрэгжилтийг Сонгуулийн төв байгууллагад тайлагнахдаа санхүүгийн тайлангаа ч давхар танилцуулах үүрэг хүлээнэ. 

Засгийн газар ямар бүтэцтэйгээр ажиллахыг улс орны нөхцөл байдал, хөгжлийн урт хугацааны бодлогод нийцүүлж тодорхойлох, тогтвортой байлгах олон улсын жишиг байдгийг Б.Энхбайгаль бичжээ. Мөн төрийн албан хаагчдыг байнга сольж, өөрчилснөөр нэгэнт бүрдсэн мэдлэг, туршлага, чадавхыг үрэн таран хийдэг болохыг тэрбээр анхааруулсан байна. Үүнээс үзэхэд, Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслүүд батлагдвал төрийн алба сая нэг юм цэгцэрч, улстөрчдийн эрх ашгаас хөндийрч мэдэх нь. Гэвч тийм ч амар байхгүй л болов уу. Төрийн тэргүүний санаачилсан Нийтийн сонсголын тухай хуулийн төсөл УИХ-ын гишүүдийн дургүйг хүргэсэн нь илт байлаа. “Нэг л их хий хоосон ардчилал, ил тод байдал ярьж, төр үймүүлсэн хүн” хэмээн УИХ-ын гишүүн Ц.Нямдорж хэлээд“Одоо жаахан гараа татаад энэ төр, ард түмнийг амраамаар байна” гэж авсан. 

Харин Ерөнхийлөгч бууж өгөхгүйгээ хэдийн мэдэгдсэн билээ. Төрийн албаны тухай болон Улс төрийн намын тухай хуулийн төслийг ямар ч байсан УИХ-д өргөн барина. Хэрвээ буцаавал ахин дахин засаад, хууль болтол нь өргөн барьсаар байна гэдгээ тэрбээр хатуухан хэлсэн юм. 

 

Найрал хөгжим

Дэлхийн өрсөлдөх чадварын төвийн захирал, профессор Стефан Гарелли онцолж байв. Тиймээс ч өрсөлдөх чадварын 10 алтан дүрмийн тэргүүнд нь “Хуулийн засаглал” хэмээн бичээстэй байдаг ажгуу.

Монгол Улсад 546 хууль хүчин төгөлдөр үйлчилж буй.

Эдүгээ Монгол Улсад 546 хууль хүчин төгөлдөр үйлчилж буй. Мөн Засгийн газар, яам, агентлагууд, нийслэл, дүүрэг, аймаг, сумдын өөр хоорондоо уялдаа холбоогүй 400 гаруй хөгжлийн төлөвлөгөө бий аж. Гэвч энэ бүхэн бодит амьдрал дээр хэрэгжихээсээ хэрэгжихгүй нь олон учраас бодлого боловсруулагчид баталсан баримт бичигтээ байн байн гар хүрдэг билээ. 

“Монгол Улсын хувьд хөгжлийн гол манлайлагч хүч нь ухаалаг төр байна” хэмээн хөгжлийн урт хугацааны бодлогын төсөлд тусгажээ. Тэгвэл ухаалаг төрийг түүний “тархи” болох судалгааны байгууллагууд л залах учиртайг энэхүү цувралын дөрөв дэх нийтлэлд бичсэн. Өөрөөр хэлбэл, төрийн бодлого боловсруулах явц ил тод, судалгаатай, иргэдийн оролцоог хангасан байж гэмээнэ амьдрал дээр хэрэгжиж, үр дүнгээ өгч чадах юм. 

Эцэст нь, Монгол Улсын Үндсэн хуульд төр, засгийн бүх эрх ард түмний мэдэлд байхаар заасан байдаг. Ард түмэн өөрсдийн сонгосон төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаар дамжуулан энэхүү эрхээ эдлэх ёстой. Тиймээс УИХ-ын гишүүд, сайд дарга нар эрх мэдлийг гартаа атгалаа гэж эрхэлж ямбалах нь эндүүрэл юм. Тэднийг найрал хөгжим доторх нэг л хөгжмийн зэмсэг эзэмшигч болохыг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлээд, лимбээ үлээх нь лимбээ үлээгээд, хийл тоглох нь хийлээ тоглоод явах хэрэгтэйг сануулсан удаатай.

Харин тэдний удирдаач нь Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого байх учиртай юм. Ямар хөгжим тоглохыг мэдээж ард түмэн шийднэ.

Үргэлжлэлийг маргааш хүлээн авна уу

Өгүүллийг: Ж.Тэгшжаргал, Д.Мөнхчимэг