Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/07/08-НД НИЙТЛЭГДСЭН

Эмэгтэйчүүдгүйгээр сайхан цагийг урагшлуулах боломжгүй

Б.Халиун, iKon.mn
2015 оны 7 сарын 8
iKon.MN
Зураг зураг

50 жилийн өмнөхтэй харьцуулахад эмэгтэйчүүдэд хамаагүй ээлтэй нөхцөлд амьдарч байгаа нь үнэн. Бид хэзээ гэрлэж хэдэн хүүхэд гаргахаа өөрөө хянаж шийдэх эрхтэй, ямар мэргэжил эзэмшиж хэн болохоо бие даан шийдэж ирээдүйгээ өөдрөгөөр төсөөлж болох нийгэмд амьдарч байна.

Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, хангах ажилд олон дэвшил гарсан ч эмэгтэйчүүд олон талаар эрэгтэйчүүдийн ард хоцорсон хэвээр, хуулиар олгогдсон тэгш эрхээ эдэлж чадахгүй байна. 

Жишээ нь 2014 онд эрэгтэй эмэгтэй хүмүүсийн цалингийн дундаж 100 мянган (ҮСХ-2014) төгрөгийн ялгаатай байсан ба 100-аас дээш хүнтэй компанийн эрэгтэйчүүдийн дундаж цалин 955 мянга харин эмэгтэй ажилчдын цалин 716 мянган төгрөг байна. 

Мөн УИХ-ын гишүүдийн 11 нь буюу 14 хувь нь эмэгтэй. 2014 оны Монгол Улсын шилдэг татвар төлөгч 20 байгууллагын 2 нь эмэгтэй гүйцэтгэх захиралтай байна. Энэ бол маш доогуур үзүүлэлт ба шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн тоо дор хаяж 40 хувь байх нь зохистой гэдгийг хөгжлийн бүх үзүүлэлтээр үргэлж тэргүүлдэг Норвеги, Швед, Финлянд, Исланд, Швейцар зэрэг орнуудын жишээнээс харж болно. Тэнд шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоо 30-40 хувь хүрч, хөгжлийн үзүүлэлтээрээ Америк Канадыг ардаа орхижээ.

Улс орон эсвэл аливаа байгууллагыг зөвхөн эрчүүдийн бодлого хандлагаар удирдах нь алдаа дутагдалтай, тийм ч үр дүнтэй биш гэдгийг өнөөгийн Монголын хөгжлийн түвшин буюу хүний хөгжлийн индексээр Монгол Улс 187 орноос 103-т, нийт хүн амын 21 хувь нь ядуу, авлигын индексээр 175 орноос 80-д орсон үзүүлэлтээс харж болно.

Эмэгтэйчүүд удирдах хэмжээнд олноороо манлайлах тусам ашиг нь өсөж байгааг санхүүгийн зуучлалын дэлхийд тэргүүлэх компани “Сredit suisse”-ийн 2014 оны судалгаанаас харж болно. Удирдах зөвлөлдөө нэг эмэгтэй гишүүнтэй компани нэг ч эмэгтэй гишүүнгүй компаниас 3.3 хувь илүү ашигтай ажиллажээ. Менежментийн багийн 15 хувь нь эмэгтэйчүүд бүрдүүлдэг компанийн хувьцаанд ноогдох ашиг нь 14.7 хувь байсан бол менежментийн багын 10-аас доош хувийг эмэгтэйчүүд эзэлдэг компанийн ашиг 9.7 хувь байх жишээтэй.
Яагаад энэ бага ашигтай компаниуд удирдах зөвлөлдөө цөөн эмэгтэй оруулсан юм бол оо?

Эрэгтэй хүнийг удирдагч манлайлагч гэж хараад харин эмэгтэйг нь холыг хардаг, өөртөө итгэлтэй, эрсдэл үүрч чаддаг буюу нэг ёсны манлайлагч биш гэж, харин тушаал биелүүлэгч нэгэн гэж хардагт учир бий. Энэ бол хүйсээр алагчлах буюу ялгаварлаж буй хэрэг мөнөөс мөн. Бодлого, шийдвэр гаргах хэмжээнд эмэгтэйчүүдийг хангалттай тоогоор авчрахын тулд эмэгтэйчүүдийн хүйсээр нь ялгаварладаг явдлыг устгах зайлшгүй шаардлага байна. 

Эмэгтэйчүүд бид үнэхээр хуулинд тунхагласан шиг хэн болохоо өөрөө шийдэх эрхтэй бол яагаад зарим эмэгтэйчүүд хүссэн ажилдаа орж чадахгүй байна вэ?

Нэрээ нууцалсан инженер мэргэжилтэй нэгэн залуу эмэгтэйн түүхийг сонирхуулъя  

Инженер мэргэжилтэй эмэгтэй хүн ажилд орох маш хэцүү. Нэг ажлын байранд эрэгтэй эмэгтэй хоёр хүн өрсөлдөхөд эрэгтэйг нь л авдаг. Эмэгтэйгээс нь хамгийн өндөр голчтой төгссөн байх, англи хэлнээс ганда дахиад нэг хэл эзэмшсэн байх гээд хоёр дахин өндөр шаардлага тавьдаг. Ингээд болоогүй авлаа гэхэд яг инженерийн албан тушаалд биш туслах юм уу оператор зэрэг мэргэжил төдийлөн шаардахгүй өөр ажилд аваад тууштай ажиллаж байвал инженер болгодог. Би яг энэ зарчмаар хамгийн доороос нь эхэлж байж 3 жилийн дараа инженер болсон. 

Олон эмэгтэй мэдлэг чадвараараа биш хүйсээрээ шалгаруулалтад орж доороос эхлэх ёстой болдог. Дэлхий нийтээр эмэгтэйчүүдээс илүү ихийг шаарддаг хэрнээ доогуур үнэлэх нь түгээмэл байгаа нь харамсалтай. АНУ-д л гэхэд инженерээр төгссөн эмэгтэйчүүдийн 40 хувь нь мэргэжлээрээ огт ажилладаггүй. Эмэгтэй хүн хүссэн байр сууриндаа хүрэхийн тулд эрэгтэй хүнээс хоёр дахин их хөдөлмөрлөх ёстой болдог . 

 

Б.Өлзийбаяр, "Ард Капитал" группийн Захирал 

Хөрөнгийн зах зээл, санхүүгийн зуучлалын салбарт голдуу эрчүүд ажилдаг болохоор өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэхийн тулд эрчүүдтэй харьцуулахад хоёр дахин их хөдөлмөрлөх, уншиж судалж өөрийгөө хөгжүүлэх ёстой байсан нь үнэн. Би эрсдэлд дуртай, тоонд сайн болохоор хөрөнгийн зах зээлд ажиллах үнэхээр дуртай. Манай компани арилжааныхаа хэмжээгээр үргэлж эхний тавд багтдаг. Би 3 хүүхдийн ээж хүн, тэгэхээр эмэгтэйчүүдэд хангалттай орон зай байгаа биз!!!

Нөгөө талаас амжилттай яваа эмэгтэйчүүдийг ихэнхдээ ганц бие, хайр дурлал хувийн амьдралаа золиосолж амжилтад хүрсэн гэж боддог учраас эцэг эхчүүд 25 гарсан эмэгтэй хүүхэд нь хүнтэй суугаагүй бол маш их санаа зовдог.

Эмэгтэй хүн хүүхэд гаргасан ч гэсэн амжилтад хүрч, шинийг санаачлагч, удирдагч болж болохыг Өлзийбаяр захиралын  амжилтаас харж болно. Амжилтад хүрсэн эмэгтэй хүнийг яагаад заавал ганц биеэр төсөөлдөг тухай та Шейрил Сандбергийн “Өөдөө тэмүүл” номын Манлайлах хүсэл зориг нь дутах нь хэмээх нэгдүгээр бүлгээс дэлгэрүүлэн уншиж болно.  

Ажлын байран дахь ялгаварлал үүгээр дуусахгүй. Оффис доторх ямар ч үнэлгээгүй ажлыг эмэгтэйчүүд хийх ёстой гэсэн ойлголтод эр, эмгүй бид дасал болсон нь эмэгтэйчүүдийг л тушаал гүйцэтгэгч, идэвхгүй, өөрийн санаачилгагүй гэсэн төсөөллийг бэхжүүлж байдаг. Төрийн алба, банк санхүү, уул уурхай, медиа гээд бүх салбарт эмэгтэйчүүдийг гэрээсээ хоол авчирч ажлынхныгаа дайлах, шинэ хүн сургах, утас авах, протокол хөтлөх, сонин үдэх, өрөө цэвэрлэх ажлыг хийнэ гэж боддог. Ингэж боддогоо эрэгтэй эмэгтэй бүгд болих хэрэгтэй. Сэтгүүлч миний бие 2008 онд сургуулиа төгсөөд анх ажилд ороход захирал үргэлж “Охидоо өрөөгөө цэвэрлэ” гэдэг байлаа. Гэтэл тэр өрөөнд хамгийн их ажилтай нь эмэгтэйчүүд нь харин хамгийн бага ажилтай нь эрчүүд. Ихэнхдээ эмэгтэйчүүд нь бичгийн цаас ялгаж принтерт хийх, сонин ангилах, тоос арчих ажлыг огт бодолгүйгээр хийдэг байсан. 

Нэрээ нууцлахыг хүссэн бас нэг сонирхолтой жишээ дурдъя 

Монголын нэг том банканд уригдаж очсон өндөр боловсролтой залуу эмэгтэйг хамт олон нь эхний гурван сард гурван удаа гэрээсээ хоол авчирч дайлдаг байгууллагын бичигдээгүй соёлыг дага гэж хүчтэй шаарджээ. Зогсохгүй шахаад байсан болохоор нэг удаа хоол хийж авчирч өгчээ. Мөн хамт олноороо зугаалгаар явахад эрчүүд нь тоглоод эмэгтэйчүүд нь эрчүүдээ хоолоор тасалдуулахгүйн тулд хурдан хоол хийх гэж яарч, хоолоо хийснийхээ дараа л ярих завтай болжээ.

Ингээд түүний тэр банкыг үнэлэх үнэлэмж нь буурч, хүйсээр алагчлах явдлыг тэвчихгүй өөрийн хүсэлтээр ажлаасаа гарчээ. Эмэгтэй гэдгээр нь албан бус ажил өгдөг эсвэл ажлыг нь үнэлдэг биш харин жинхэнэ хүч чадлаа сорьсон ажил хийхээр шийджээ. 

Эмэгтэйчүүд сайн дураараа оффис дээрх гэрийн ажил хийлээ гээд эсвэл шинэ ажилчдыг, эсвэл дадлагынхныг сургах ажлыг хийлээ гээд ажлын үзүүлэлт нь огт сайжирдаггүй, харин ч үндсэн ажлаа хугацаанд дуусгаж чадахгүй болдог нь Нью-Йоркийн их сургуулийн сэтгэл судлалын профессор Маделин Хейлманы ахалсан судалгаагаар ажиглагдсан байна. Бусаддаа тусалдаг эрэгтэйчүүдийн рейтинг 14 хувиар өссөн бол эмэгтэйчүүдийнх нь ердөө 2 хувь өсчээ. Эрэгтэй хүнийг ажлыг хөдөлмөр гэж үнэлдэг харин эмэгтэй хүний ажлыг бараг үнэлдэггүй нь үүнээс харагдаж байна. 

Хүүхэдтэй эмэгтэйчүүдэд зориулсан уян хатан ажлын цагийн хуваарийн тогтолцоо манай улсад байхгүй

Нөгөө талаас хүүхэдтэй эмэгтэйчүүдэд зориулсан уян хатан ажлын цагийн хуваарийн тогтолцоо манай улсад байхгүйгээс эмэгтэйчүүдийг ажлаа хаяад явна гэж харахаас биш байгууллагыг маань өсөж дэвжихэд хувь нэмэр оруулах хүн гэж хардаггүй нь харамсалтай. Ажилд орсон эмэгтэйг эхний гурван жил хүүхэд бүү гарга гэж шаардахын оронд хүүхэдтэй хүмүүст зориулсан уян хатан цагийн хуваарь, гэрээс нь ажиллуулах эсвэл байгууллага дээрээ цэцэрлэг нээх зэрэг өөр аргаар ажиллаж үзэх нь үр дүнтэй бас нийгэмдээ сайн нөлөө авчирна. 
Япон улсын хүн ам хөгширч байгааг бүгд мэднэ. Залуу эмэгтэйчүүд гэрлэж хүүхэд гаргахгүй гэж шийдэх болсон нь төрөлт буурах гол шалтгаануудын нэг юм. Ээжүүд нь хүүхэд гаргаад ажиллах боломжгүй болж амьдралаа гэрийн ажил хийж өнгөрүүлж байгааг харж өссөн охид ингэж шийдэх нь аргагүй. Эмэгтэй хүн ачаалалтай ажлын хажуугаар хүүхэддээ чанартай цаг гаргах хэцүү учраас ажлаа хаядаг. Эмэгтэйчүүдийг ажиллах боломжыг дэмжихгүй байх нь ийм сөрөг үр дагавартай гэдийг японы засгийн газар сайн ойлгосон учраас хүүхэдтэй эмэгтэйчүүдийг ажилд нь буцааж оруулахын тулд аавуудад хүүхдээ харах цалинтай чөлөө өгөхөөс эхлээд олон төрлийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. 

Манай улс ч гэсэн япончуудын алдааг давтахгүйн тулд эмэгтэйчүүдийг дэмжиж, хэв маягаа өөрчлөх ёстой болсныг нийгэм шаардаж байна. 

Түүнчлэн дээд боловсролтой эмэгтэйчүүд дунд боловсролтой эмэгтэйчүүдтэй харьцуулахад хүүхэдтэйгээ илүү чанартай цаг зарцуулж хүмүүжил төлөвшилд нь чухал үүрэг гүйцэтгэдэг байна (АНУ-ын хөдөлмөрийн департментийн судалгаа 2007 он). Эмэгтэйчүүд боловсролтой, ажилтай буюу боломжийн орлого олдог байх нь ирээдүйн хойч үе ч гэсэн өөртөө итгэлтэй, төлөвшил сайтай мөн адил боловсролтой иргэдийг төрүүлэн гаргахад нөлөөлдөг юм. Тэгэхээр эрчүүд хоцрогдоод байна, эмэгтэйчүүд боловсролтой болж байгаагаас болж гэр бүл салж байна гэж санаа зовох хэрэггүй байгаа биз?  

Ажил хийдэг ээжүүдийн ажил хийдэггүй ээжүүдийн охидтой харьцуулахад илүү амжилт, орлогоороо илүү байгааг Харвардын бизнесийн сургууль судалгаа хийгээд тогтоогоод амжжээ. Мөн ажил хийдэг ээжүүдийг хөвгүүд заавал эмэгтэй хүнийг бүх гэрийн ажлаа хийнэ үздэггүй хүүхдүүддээ асарч халамжлахдаа илүү цаг гаргаж, гэрийн ажлаа тэнцүү хувааж хийдэг байна. Ээж нь ажил хийснээр хүүхдүүддээ ирээдүйд ямар их боломж байгааг сайн ойлгуулдаг, амжилтад хүрнэ гэсэн итгэлийг суулгаж өгдөг байна. (Ээжүүдийн хүүхдэдээ хангалттай цаг гаргаж чадахгүй байна гэж санаа зовдог шалтгаан нэгээр гэсэн багаслаа).

Тэгэхээр эмэгтэйчүүдээ, дуртай ажлаа хийгээд хүүхдүүддээ ч сайн үлгэр дууриал үзүүлж хажуугаар нь хүйсээр алагчлах явдлыг ажлаа амжилттай хийж устгая. 


 

Өгүүллийг Баярцогтын Халиун