Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/07/07-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Элбэгдорж: Засгийн газрын бүрэлдэхүүнийг өөрчлөх асуудлыг би хүлээж авахгүй

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2015 оны 7 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нам бүлгийн дарга, Засгийн газрын гишүүдтэй уулзаж байна. Ерөнхийлөгч өөрийн твиттер хуудаст "15:30 цагт нам бүлгийн дарга нартай уулзахаар дуудуулав. Тогтворгүй, тодорхойгүй байдал, харалган алхам өр зээл, дарам болж буусаар" хэмээн жиргэсэн юм. Тус уулзалт яг одоо Төрийн оронд болж байна.

Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж "Бүгдээрээ ард түмнээ бодъё. Хэрвээ Засагтай холбоотой ямар нэгэн асуудал гарвал би хүлээж авахгүй. Та нар ч  хүлээж авахгүй л гэж ярьж байсан. Хэлсэн ярьсандаа байх хэрэгтэй. Ерөнхий сайд санаачилгаа гартаа авах хэрэгтэй.

Танхимын асуудал, Засгийн газрын асуудлыг Ерөнхий сайд л шийднэ. Санаачилгаа гартаа аваад, байр сууриа тодорхой илэрхийлэх хэрэгтэй. Ганц, хоёр нам, бүлгээс шийдвэр гарчихлаа.

Энд би юу ярих уу гэх маягаар яваагүй байна. Одоогийн Ерөнхий сайдын ажил дараагийн сонгууль болж Засгийн газар байгуулагдтал үргэлжилнэ гэж би бодож байна" гэлээ.


Түүний хэлсэн үгнээс ОНЦЛОХ ЭШЛЭЛИЙГ хүргэж байна

Гэрэл зургийг \mpa.mn\
Аль нэг намын удирдах байгууллага дээр шийдвэр гаргаад Засгийн газарт хамтрахаа болих, Засгийн газрын хувь заяаны асуудлыг ярилцана гэдэг байж болохгүй зүйл гэж бодож байгаа. Энэ бол Үндсэн хуулийн үзэл санаатай зөрчилдөж байгаа шийдвэр.
Энд байж байгаа хүмүүс ихэнх нь мэдэж байгаа. Аль 1990 онд бид Нам бол нийгмийг удирдах хүч, гардан зохион байгуулагч гэж ярьдаг байсан. Энэ заалтыг Үндсэн хуулиас авч хаясан.
Үндсэн хуулиараа бид намын засаглалыг халсан. Ард түмний засаглалтай болъё гэсэн. Тэрнийг төлөөлж хэрэгжүүлдэг хүмүүс бол УИХ, ЗГ, сонгогдсон Ерөнхийлөгч.
Үндсэн хуулийн үзэл санаатай зөрчилдсөн шийдвэрийг албан тушаалтнууд дагах ёсгүй. Нэг намын арван хэдэн хүн суугаад юугаа ярьсан, ямар үндэслэлээр ярьсан гэдэг нь тодорхойгүй, ийм шийдвэр гаргаж болохгүй. 
Ялангуяа улс төрийн нам Үндсэн хуулийн үзэл санааг дагаж ажиллах ёстой гэсэн хуультай.
Хоёрт нь хэлэх гэж байгаа юм бол ХАРИУЦЛАГАТАЙ БАЙЯ, ЯРЬСАН ХЭЛСЭНДЭЭ БАЙЯ.
Засаг байгуулахдаа юу ярьснаа эргэн санах хэрэгтэй. Засгийн газраа ахиж унагахгүй, улс төрийн тогтворгүй байдал үүсгэхгүй гэж ярьж байсан биз.
Ер нь их хурал ойрын үед хуралдах гэж байгаа бол төрийн албыг хариуцлагатай болгох Төрийн албаны хуулийг хурдан баталж өг. 
Ярьж байгаад итгэдэг хүн улам ховордож байна.
Бид улсаа хариуцлагатай болгох гэж буйгаа үйлдлээрээ, хийж буй ажлаараа харуулах цаг болсон.
Улс орноо өөрсдийнхөө үйлдлээр унагаж болохгүй.
Бид алдаагаа, муу зүйлээ давтах хэрэггүй.
Манай дарга нар сүүлийн үед өөрсдийн сонсох дуртай дуугаа л сонсдог болоод байгаа. Сонсох дуртай дуу нь л сонсогдоод байгаа.
Хүмүүс маш ухаалаг, хэрсүү болсон. Та нарын хийж байгааг бүгд харж байгаа. Наанаа юу яриад цаанаа юу хийж байгааг уншиж байгаа байхгүй юу.
Улс төрийн шийдвэр гаргах гэж үзэж байгаа, ярьж байгаа, оролдож байгаа энэ вакуум орчноосоо гарах хэрэгтэй. Хүмүүст бид нарын ийм байдал сайхан санагдахгүй.
Нийтлэг эрх ашгаар бид асуудлаа харах цаг болсон.
Ажлаа бодъё оо бүгдээрээ.
Ерөнхий сайдыг эзгүйд нь нэг ийм шийдвэр гаргаад, хулгайн аргаар хийж байгаа юм шиг энэ хэлбэрээсээ бид гарах ёстой.
Хайран улсын нэр, хайран ард түмний зүтгэл.
УИХ өргөн барьсан хуулийнхаа баталгаажил руугаа ор, Засгийн газар шийдэх ажил руугаа ор.
Ер нь төр нэг тэргүүнтэй. Ард түмний дундаас сонгогдсон, бүх ард түмнийг төлөөлж үг хэлдэг нэг л хүн бий. Хэлсэн байхад энэ чигээр ажиллах хэрэгтэй гэж бодож байна.
Энэ үйл явдал засаг огцроход хүргэнэ гэдгийг та нар мэдэж байгаа. Үүнээс хэн ч хожихгүй. Одоо нэг ийм туршилт хийгээд суугаад байхаа болимоор байгаа юм.
Өнөөдөр газар нутгийн ихэнх нь улаан ган байна. Ард түмний сэтгэл санаа ямар их зовж байна. Энэ чиглэл рүү хандсан алхам хийх хэрэгтэй. 

 


М.Энхболд: Хамтарсан гэрээг бодитоор дүгнэе

Гэрэл зургийг Б.Бямба-Очир /mpa.mn/

Ерөнхийлөгчийг үг хэлсний дараа МАН-ын дарга М.Энхболд санал бодлоо илэрхийлсэн юм. Түүний хэлсэн онцлох эшлэлүүдийг хүргэж байна.  

  • Хамтарсан Засгийн газар байгуулахад  хоёр талаасаа зөвшилцсөн гэрээ байгуулсан. Тэр гэрээг бодитоогоор дүгнэе. Хэн нь юу хийж чадсан, юу хийж чадаагүй юм. Хийж чадаагүй алдагдсан ажил хэний буруугаас болсон юм гэдгийг бодитоогоор дүгнэе
  • Одоо бид дүгнэсэн гээд байгаа боловч нэг талын давуу байдлаар дүгнэгдсэн
  • Ө.Энхтүвшин, А.Тлейхан нарын ахалж байгаа ажлын хэсгүүд хуралдаад хуулиа Их хуралд оруулаад батлуулаад болоод байдаг. Л.Эрдэнэчимэг, Р.Бурмаа нарын ахалсан ажлын хэсэг болохоор хуралддаг ч үгүй, хууль нь ч орж ирдэггүй
  • МАН-ын буруугаас болж ажил зогсоод байгаа юм шиг ярьж байгааг бодитойгоор дүгнэе. 
  • Дүгнэлтийг олон түмэнд ил болгож ард түмэнд дэлгэе. 
  • Монгол Улсын Ерөнхий сайд, УИХ-ын дарга нар манай намын бүлэг дээр өнгөрсөн оны арваннэгдүгээр сард орж ирээд бараг долоон цаг ярьсан. Сайхан зүйлүүд зөндөө ярьсан. 

 З.Энхболд: Буруу ажиллаж байгаа сайд нарыг солих хэрэгтэй

 
  • Олонхгүй байгаа нь энэ удаагийн УИХ-ын онцлог. 
  • УИХ-д суудалтай намууд Үндсэн хуульд заасны дагуу олонхыг бүрдүүлэхийн тулд янз бүрээр хамтарч үзэж байна. Энэ хамтрал бол хоёр дахь хамтрал. Тэр нь болохгүй бол гэрээгээ хүчингүй болгоод шинээр хийгээд явах бүрэн боломж бий. Үүнийг хялбарчилж ойлгоод, намуудыг үгүйсгээд байгаа нь Үндсэн хуульд нийцэхгүй гэж ойлгож байгаа. 
  • Ерөнхийлөгчтэй санал нийлж байгаа нэг зүйл нь Засгийн газар огцорч болохгүй. Харин сайд нар өөрчлөгдөх нь байж болох асуудал гэж АН үзэж байгаа
  • Бид хамтрахдаа сонгуулиа мартъя, ажлаа хийе гэж тохиролцсон. Гэтэл МАН түүнээс хойш зөвхөн сонгуульдаа л бэлдсэн. 
  • Олон зуун төрийн албан хаагчийг халсныг уучилж болох ч сонгуульдаа бэлдээд улс орон даяар кампанит ажил явуулаад байна
  • Зарим сайд нар зөвхөн өөрийнхөө тойрогт зориулан ажиллаад байгаа нь гэрээгээ зөрчиж байгаа учраас болохгүй байна гэж үзээд байгаа юм. Тиймээс хуулийн хүрээнд гэрээгээ дүгнээд, шийдвэрээ гаргаад явах нь зөв. 
  • Огт хөдөлгөөнгүй байдаг Засгийн газар гэж байхгүй. 
  • Ерөнхий сайд хэвээрээ, Засгийн газрын 50 хувь нь өөрчлөгдөхгүй байх ёстойгоос биш буруу ажиллаад байгаа хэдэн сайд солигдох нь байх ёстой зүйл.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг: Би зургаан сайдын нэрийг УИХ-д оруулахгүй

Гэрэл зургийг Б.Бямба-Очир /mpa.mn/
  • УИХ-д суудалтай бүх намууд хамтран гэрээ байгуулж Засгийн газар байгуулагдсан. Ерөнхий сайдын хувьд Засгийн газар хамтран байгуулсан намууд гэрээнийхээ дагуу үг хэлээ ололцоод, цаашаа явах асуудлаа ярих ёстой
  • Парламентад суудалтай улс төрийн намуудын харилцаа нэг утгаар илэрхийлэгдэж, цаашаа хэрхэх вэ гэдэг нэгдсэн нэг ойлголтод хүрэхэд Ерөнхий сайд өөрөөсөө шалтгаалах ажлуудыг хийж яваа
  • Парламентад суудалтай намуудын асуудал эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад Ерөнхий сайд кабинетынхаа аль нэг хэсгийг УИХ руу оруулах асуудлыг огт дэмжихгүй
  • Зургаан сайдыг Ерөнхий сайд оруулж ирэн хэлэлцүүлнэ гэдэг асуудлыг дэмжихгүй байгаа Ерөнхийлөгчийн байр суурийг ойлгож байна. 

​М.Энхсайхан: Засгийн газрын хувь заяаг Ерөнхий сайд шийдэх ёстой 

Гэрэл зургийг Б.Бямба-Очир /mpa.mn/
 
  • АН-ын шийдвэрээр Засгийн газрын хувь заяаг шийднэ гэдэг Үндсэн хууль зөрчиж байгаа хэрэг
  • Ерөнхийлөгчийн хэлж байгаатай бүрэн санал нийлж байна. 
  • АН хариуцлагын хүндийг үүрч байгаа. Энэ утгаараа ажлаа цааш нь урагштай явуулъя гэдэг үүднээс өөрөө парламентад суудалтай бүх намуудыг Засгийн газрыг хамтран байгуулъя гэж урьсан. 
  • Хэрвээ Засгийн газрын хувь заяаг шийдэх ёстой бол энэ 100 хувь Ерөнхий сайд шийдэх асуудал болохоос намд хамаагүй