Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/07/07-НД НИЙТЛЭГДСЭН

41 оронд суух Элчин сайд, Ерөнхий консулууд Улаанбаатар хотноо зөвлөлдөж байна

Б.УЧРАЛ, iKon.mn
2015 оны 7 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нарын зөвлөгөөн хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр төлөөлөгчид яам, агентлаг, нийслэл, аймаг орон нутаг, МҮХАҮТ, МАОЭНХ, барилга, ноос ноолуур, хүнс зэрэг салбарын төлөөлөлтэй хоёр талын уулзалт зохион байгууллаа.

Мөн Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхсан юм. Түүнчлэн арьс ширний үйлдвэрлэлийн цогцолбор үйл ажиллагаатай танилцлаа.

Харин зөвлөгөөний гурав дахь өдөр буюу 07-р сарын 08-ны өдөр ДТГ-ын тэргүүн нар хоёр хэсэгт хуваагдаж, нэг хэсэг нь Оюу толгой, Таван толгойд ажиллах бол нөгөө хэсэг нь Дархан, Эрдэнэт хоттой танилцах юм.

Зөвлөгөөний эхний өдөр “Гадаад харилцааны тухай хууль”-ийн төсөл боловсруулах ажлын явц, “Дипломат албаны тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулах ажлын явцын танилцуулга, Гадаад харилцааны нэгдсэн зохицуулалт, Гадаад хэргийн яамны бодлого , үйл ажиллагааны чиглэл, Гурван талт уулзалт, Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр зэрэг олон сэдвийн хүрээнд ярилцав.

Мөн Гадаад сурталчилгааны бодлого, Монгол Улсыг гадаадад сурталчилах хөтөлбөр, АСЕМ-ын 11-р дээд түвшиний уулзалт, НҮБ-ын хүний эрхийн зөвлөлийн сонгууль-2015 , Хилийн чанад дахь иргэдийн эрх ашиг сэдвийн хүрээнд танилцуулга хийж, санал бодлоо солилцсон билээ.

Монгол Улсаас гадаадын 46 оронд Дипломат төлөөлөгчдийн газар, байнгын болон суурин төлөөлөгчийн газар үйл ажиллагаагаа явуулж, иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж буй. Эндээс нийт 41 оронд суух Элчин сайд хийгээд Ерөнхий консулууд Улаанбаатар хотноо ирээд байна.