Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/07/07-НД НИЙТЛЭГДСЭН

Чех улсаас дөрвөн тахь авчирч, Ховдод нутагшууллаа

ГХЯ
2015 оны 7 сарын 7
iKon.MN
Зураг зураг

БНЧУ-ын Хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд Прага хотын Амьтны хүрээлэнгийн санаачилгаар хэрэгжиж буй "Монголд Тахь эргэн нутагшуулах, хамгаалах" төслийн хүрээнд энэ сарын 6-нд Ховд аймаг дахь Тахийн талд дөрвөн тахийг (гүү) унаган байгальд нь тавилаа.

Ингэхдээ тахийг Кбелийн тусгай нислэгийн онгоцны буудлаас Чехийн зэвсэгт хүчний КАСА агаарын хөлгөөр Ховд аймгийн Булган сумд авчирсан байна. Ээлжит тахиудыг үдэх арга хэмжээний хүрээнд, Прага хотын Кбелийн тусгай нислэгийн онгоцны буудалд хэвлэлийн бага хурал зохион байгуулагдсан бөгөөд энэхүү хуралд төслийн хэрэгжүүлэгч байгууллагуудын болон ЭСЯ-ны төлөөлөл оролцжээ.

БНЧУ-ын засгийн газрын Хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд Прага хотын Амьтны хүрээлэнгийн санаачилгаар 2011 оноос хэрэгжиж буй "Монголд Тахь эргэн нутагшуулах, хамгаалах" төслийн хүрээнд Монгол Улсын Хомын тал болон Тахийн талд нийт 19 тахийг унаган байгальд нь тавиад байна.

Хэвлэлийн бага хурлын үеэр Прага хотын амьтны хүрээлэнгийн захирал ноён М.Бобек Чехийн засгийн газрын Хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж буй “Монголд Тахь эргэн нутагшуулах, хамгаалах” төслийн талаар товч мэдээлэл хийсэн бөгөөд энэхүү арга хэмжээнд ЭСЯ-ыг төлөөлөн оролцсон худалдаа, эдийн засгийн асуудал эрхэлсэн ажилтан Д.Өнөбилэгт ховордож үгүй болоод байсан тахийг Монголын уугуул нутагт нь хүргэж, эргэж нутагшуулахад олон жил их хөрөнгө мөнгө, хүч чармайлт гаргаж буй тус амьтны хүрээлэнгийн нийт ажилтнууд, ачиж тээвэрлэж алс холын Ази тивд хүргэж ирсэн Чехийн цэрэг, иргэний бусад байгууллагуудад болон Чехийн олон нийтэд ЭСЯ-ны нийт хамт олны нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлсэн аж.