Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/07/07-НД НИЙТЛЭГДСЭН

Хуушуурыг дэлхийн брэнд болгоё

Б.Болор
2015 оны 7 сарын 7
Монголын мэдээ
Зураг зураг

Монголчууд бидний хамгийн түгээмэл хоолны нэг нь хуушуур юм. Гэхдээ бидний дунд, “хуушуур” гэдэг үг нь хятад хэлнээс монгол хэлэнд нэвтэрсэн үг учраас энэ нь хятад хоол гэх ойлголт нэлээд тархжээ. Гэвч “хуушуур” гэдэг үгийн талаар бодох юм бий.

Зарим судлаачид энэ үгийг угтаа “бүдүүлэг, зэрлэгүүд” буюу “ху” нарын хоол хүнс гэсэн утгатай хятад үг гэж тайлбарладаг. Өөрөөр хэлбэл, “хуушуур” нь хятадуудын хувьд, харь улсын хүнсэнд оноож өгсөн нэршил гэнэ. Нэгэнт тийм юм бол тэр харь улс нь Монгол байж яагаад болохгүй гэж. Аливаа зүйлсийн гарал үүслийг нэр нь тогтоогоод өгчихдөг ёс бий.  Ингэж нотлох сэжүүр ч байна. 

Хуушуурыг урьд халуудай гэж нэрлэж байсан тухай баримт бий. Харин нэлээд сүүлд хятадуудыг дуурайн хуушуур гэж нэрлэсэн гэх.

Монголчууд хуушуур, бууз пирошки гурвыг ерөнхийдөө нэг төрлийн битүү хоол гэж үздэг. Ингэхдээ пирошкиг оросынх, хуушуур, буузыг хятадынх гэж тайлбарлах гээд байдаг нь буруу юм. Хятадууд хуушуурыг харь хоол гэж тооцдог талаар дээр дурьдсан. 

Тэгвэл үндэсний цөөнх болсон хэдэн ястныг эс тооцвол оросууд мөн бууз, хуушуур, пирошкиг татар монголчууд анх оруулж ирсэн гэж ярьж, бичдэг юм байна. Бууз гэдэг нь бооц гэсэн үгнээс гаралтай нэршил гэж үздэг эрдэмтэд бий. Харин мантууг мантайх гэсэн үгнээс гаралтай гэж үзсэн байна.

Туркүүд буузыг мант гэдэг бол хазарууд мөн адил байна. Солонгост буузыг манду гэдэг. Ингэхээр мантуу гэдэг нь монгол үг гэдгийг баталчих л юм бол бусад нь сүүлдсэн гэдэг тодорхой болно. Хуушуурыг ч адил, монголчууд хятадын нэршлийг хэрэглэж дадахаасаа өмнө хэрхэн нэрлэдэг байсныг бат нот тогтоож чадвал хандах зүг өөрөө тогтох мэт. Энэ дэлхий дээр хуушууртай төстэй хоол хийж иддэг улс орон олон байна. 

Монголоос гадна Төв Ази, Кавказ, Европын үндэстнүүдэд түгээмэл бөгөөд цаашилбал энэтхэг, малайзчууд ч хийж иддэг байна. Тэр ч байтугай тив ондоо Канад, Америк, Өмнөд Африкт хүртэл хэлбэр дүрсээ өөрчилсөн л болохоос яахын аргагүй хуушуур маягийн хоол байх ажээ.

Хуушуурыг түрэг хэлэнд “чебурек”, “бөрек”, энэтхэг зүгийн хэлэнд “пури”, “бүүри”, испани хэлэнд “эмпанда” гэх мэтээр янз бүр нэрлэж заншжээ. Үүнээс үзэхэд бид хуушуурыг хятад хоол бус, харин өөрийн үндэсний хоол гэж нэрлэн хэрэглэж занших нь зүйтэй мэт. Язгуурын нэрийг олчихоод, түүгээрээ цаашид нэрлэж занших асуудалд ч эрдэмтэн мэргэд анхаарлаа хандуулахад буруудахгүй болов уу. 

Учир юун гэвээс, хуушуурыг монголоор овоглон цаашид дэлхийн брэнд болгох боломж байна. Та бүхэн санаж байгаа бол “Хаан хүнс сүлжээ” компани монгол малын махаар хийсэн хөлдөөсөн бууз, банш БНХАУ-д экспортлох болж, экспортын гэрчилгээ авсан. Хуушуур бол маш энгийн, хаана ч ямар ч байдлаар хэрэглэх бүрэн боломжтой гэдгээрээ буузтай адил мөртлөө дэлхийд илүү танигдсан гэдгээрээ давуу талтай. Дэлхийн жуулчид Монголд наадам тааруулж ирэхийг хичээдэг. Өөрөөр хэлбэл, наадам үзэхийг хүсдэг. Харин наадмыг хуушуураас салгаж ойлгох аргагүй. Энэ утгаараа Монголд баяр наадмын үеэр ирсэн бүх жуулчин хуушуур заавал амталж үзсэн байдаг. 

Энд, тэнд явж байхад жуулчдын ярих нь манай хуушуурыг дажгүй, амттай гэх юм билээ. Мал, махны стандартаа дээшлүүлээд дэлхийн стандартад оччих юм бол экспортын бас нэгэн эх сурвалж болж болох юм шүү. Дэлхий даяар хуушуурын гуанз нээх сүйхээтэй монгол бизнесмэн гараад ирвэл бүр ч янзтай. 

Хоол хийх соёл, уламжлалаараа дэлхийд алдартай Хятад, Солонгосууд хаа сайгүй хоолны газар нээж, түүгээрээ дамжуулан асар их валютыг улсдаа оруулж байдаг. Манайхан ч тэднээс дутах нь юу билээ. Бид энэ жил эх орондоо анх удаа “Хуушуурын фестиваль” зохион байгуулж байна. Цаашлаад олон улсад сурталчилж чадвал дэлхийн аль ч ард түмэнд гологдохгүй түгээмэл хоол болох боломжтой юм шүү, хуушуур.

Зураг