Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/07/07-НД НИЙТЛЭГДСЭН

Иргэд өөрсдөө санаачилсан хамгийн анхны бүтээн байгуулалт хийгдэж байна

Монголын мэдээ
2015 оны 7 сарын 7
Монголын мэдээ
Зураг зураг

Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны иргэдийн бүлгээс санаачлан дүүргийн Засаг даргын Тамгын газар, БНСУ-ын “Шинэ тосгон” ТББ хамтран 65 сая төгрөгийн төсөвтэй 3.8 км зам тавих ажил эхэлсэн байна. 20 дугаар хороо буюу Гачууртын Шар хоолойн хөндий иргэдийн хамгийн их зорчдог хөдөлгөөн ихтэй зам. Тиймээс хорооны иргэдийн санаачилгаар Гачууртын автобусны эцсийн буудлаас Шар хоолойн ам хүртэл замыг сайжруулсан шороон зам болгох ажлыг зургадугаар сарын 20-нд эхлүүлсэн байна. Өчигдрийн байдлаар 1.4 км зам тавигдаад байгаа бөгөөд үлдсэн 2.4 км замын шороог түрэх, дагтаршуулах ажил хийгдэж байгаа аж. Энэ талаар холбогдох албаны хүмүүсээс цөөн асуултад хариулт авлаа.

Х.Цэдэнбал: Иргэд өөрсдөө бүтээн байгуулалт хийж чаддаг юм

/20 дугаар хорооны Засаг дарга/ 

-Иргэд өөрсдөө санаачлаад сайжруулсан зам тавьж байна.  Энэхүү замыг засахад хэчнээн төгрөгийн төсөв орсон бэ?

-Энэ зам нь чулуу, хонхор хотгор ихтэйн улмаас машины эвдрэл их гардаг байсан. Энэ замаар  зорчдог бүхий л хүмүүс ямар байсныг нь сайн мэднэ. Харин 20 дугаар хорооны ард иргэд өөрсдөө санаачлан, амьдардаг газрынхаа замыг засахаар шийдсэн нь энэ.

Өнгөрсөн жил иргэд сургуу­лийн­хаа спорт заалыг өөрс­дийн­хөө санаачилгаар, хүмүү­сээс цуглуулсан хандиваар ян­зал­сан. Энэ ажил зам засах сэдэл болж өгсөн гэхэд болно. Дээрээс нь энэ замыг засах анхны хөдөлгөгч хүч нь БНСУ-ын “Шинэ тосгон” хөдөлгөөнийхөн. Тэд 30 сая  вонныг энэ замын засварт хан­див болгож өгсөн. Харин ир­гэд 25 сая төгрөгийг өөрсдөө хан­дивын данс нээн хураасан юм. 

-Танай хороонд хэчнээн айл байгаа вэ. Нэг өрхөөс хэдэн төгрөг  хураан авсан бол?

-700 өрх айл байгаа. Үүнээс 200 өрх зундаа ирж очиж, нааш цааш явцгаадаг. Ер нь нэг айлаас 50 мянган  төгрөг гэж тогтсон. Энэ дагуу   айлууд өгөөд байгаа. Гэхдээ зарим иргэд хонь, ямаа, ажилчдад ээлжээр хоол авч өгөх, нөгөө хэсэг нь өөрсдөө гар бие оролцон ажиллаж байна.

Мөн өөрсдийнхөө машин унаагаар тусалж,  аль болох сайхан замтай болохын төлөө ажиллацгааж байгаа. Ийм том бүтээн байгуулалтын ажлыг өөрсдөө хийж болдог юм гэдгийг харуулж байгаа юм. Олон төрлийн тусламжууд ирж байгаа.

Бид өвөл энэ ажлаа төлөвлөхдөө дүүрэгтээ индүү, автогридер гэх мэт тоног төхөөрөмж авсан. Дүүргийн техник энэ замыг янзлахад ямар ч төлөөс төлбөргүйгээр ажиллаж байгаа.

-Өмнө нь иргэд өөрс­дийнхөө цуглуулсан ханди­ваар зам засч байсан тохиолдол байгаа юу?

-Байгаагүй. Улсаас тендэр зарлаад, компаниуд өөрсдөө зам янзалдаг байсан болохоор тийм зүйл байхгүй. Энэ бол иргэд өөрсдөө зам засч, тавьж  байгаа хамгийн анхны бүтээн байгуулалт юм. Иргэд өөрсдөө бүтээн байгуулалт хийж, зассан  зам дээрээ саад тотгоргүй явах болох нь.

Л.Төрмөнх: Бид  юуг ч хийж чадна

/20 дугаар хорооны иргэн/

-Зам засварлах бүтээн байгуулалтын ажил таньд ямар санагдав?

 -Маш их таалагдаж байгаа. Өөрсдөө бүгдийг хийж байгаа. Бид энэ замаар үргэлж явдаг. Тийм  учраас сайхан замтай болчихвол бидэнд л хэрэгтэй. Энэ замаар зорчиход машин маш их эвдэрдэг байсан. Тиймээс  бүтээн байгуулалт хийж байгаа нь сайхан санагдаж байна.

Наадмаас өмнө замыг засч дуусна гэсэн болохоор иргэд бид өөрсдөөсөө шалтгаалах зүйлсийг хийж гүйцэтгэсээр байгаа. Бид хийж чадна гэвэл юуг ч бүтээж чадах юм байна гэсэн итгэл төрж эхэлсэн. 

-Иргэд энэ бүтээн бай­гуулалтанд хандив өгөхөд хэр зэрэг оролцож, ойлгож байна вэ?

-Зарим нь эхлээд нийслэлээс гарсан төсөв дээр биднээс нэмж хандив авлаа гэж ойлгож байсан. Сүүлдээ ойлгосон л доо.

Зураг