Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/07/07-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Цогтбаатар: АН-ыг шинэчлэх шаардлага тулгарлаа

Р.Оюун
2015 оны 7 сарын 7
Зууны мэдээ
Зураг зураг

Төрийн өмчийн хорооны дарга асан, АН-ын гүйцэтгэх зөвлөл, ҮЗХ-ны гишүүн Д.Цогтбаатар өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм. Энэ үеэр түүнтэй ярилцлаа.

-Сүүлийн үед улс төрийн намууд доторх  фракц, бүлэглэлүүд улс орны хөгжил, төрийн албанд ажиллахад саад болж байгаа гэсэн шүүмжлэл өрнөж байгаа. Энэ талаар таны байр суурийг сонирхоё? 

-Би АН-ын анхны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, ҮЗХ-ны гишүүнээр тасралтгүй 10 жил ажилласан. Улс төрийн намын тухай болон Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулж байгааг дэмжиж байна.

Албан тушаал авахын төлөө тэмцэлддэг.

Монголын нийгэмд улс төрийн намуудын фракцийн асуудал улс орны хөгжил, төрийн ажилд тогтвортой ажиллахад саад болж байгаа нь үнэн.

Үүнд би хувь хүнийхээ үүднээс шүүмжлэлтэй ханддаг. Өөрөөр хэлбэл, энэ фракцийн үйл ажиллагаа даамжирч зөвхөн албан тушаалын хэнээрхэлд орсон. Албан тушаал авахын төлөө тэмцэлддэг. Ялангуяа, залуучуудыг фракцийн үйл ажиллагаанд татан оролцуулснаар зөвхөн цүнх үүрсэн, ямар нэгэн  үйл ажиллагааг дэмжиж алга ташдаг гишүүд  болгосон нь сүүлийн үед ажиглагдаж байна.

Дэлхийн парламентын фракцийн систем сонгодог утгаараа манайд өрнөж байгаагаас өөр юм. Тухайлбал, ногоон хөгжил, дэлхийн дулаарал, цөмийн зэвсгийн эсрэг, уул уурхай байгаль экологи зэрэг салбарын бодлогыг бодлогын төвшинд дэвшүүлэн тавьж, эсэргүүцлээ тайван замаар жагсаал, цуглаанаар илэрхийлдэг.

Гэтэл манайд фракцийн үйл ажиллагаа зөвхөн нэг хэсэг хүнийг дагасан байдлаар явагдаж байна. Монголын ард түмэн ардчиллын ололт, дутагдлыг туулж  өнгөрүүлээд 25 жил боллоо. Ард түмний хүсэл зоригоор АН-ыг бид өөрсдөө бүтээсэн. Одоо АН-ыг шинэчлэх шаардлага тулгараад байна.

-Таныг намынхаа фракцаас гарч байгаа гэсэн. Энэ үнэн үү?

-АН-ын дарга З.Энхболд фракцгүй нам байхыг уриалсан. Би фракцаас илүү намын бодлогыг дэмждэг. Миний бие АН-ын “Алтангадас” фракцид харьяалагддаг байсан. Тиймээс энэ фракцаас гарахаа албан ёсоор мэдэгдэж байна. Миний бие хувь хүний хувьд Монголын түүхэнд анх удаа төрийн албанаас татгалзах үйл хэргийг хэрэгжүүлж байсан. Энэ нь 2008 оны Их хурлын сонгуулийн хуульд орсон байгаа.

Миний хийж байгаа алхам бол Монголын нийгэмд ялангуяа, улс төрийн үйл ажиллагаанд шинэлэг өөрчлөлтийг авчрах болно гэдэгт эргэлзэхгүй байна. Өнөөдөр миний фракцаас гарч байгаа нь “Алтангадас” фракцийн гишүүд, хамт олонтой ямар ч холбоогүй. Харин түүнийг удирдаж байгаа Н.Алтанхуягтай холбоотой. Энэ миний зүгээс гаргаж байгаа шийдвэр тул хамт олноосоо  албан ёсоор уучлалт хүссэн, бүгдтэй нь ярьсан.

-“Алтангадас” фракц анх ямар зорилгоор байгуулагдаж байв? 

-Хүмүүс янз бүрээр хэлдэг, ярьдаг. Тэгвэл “Алтангадас” анх байгуулагдахдаа АН-аа хамгаалах гэж байгуулагдсан юм шүү. Тэр үүргээ ч  биелүүлсэн. Тухайн үед М.Энхсайхан, “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат нар хоёр талаасаа 200 хүн бүрдүүлсэн эвсэл байгуулж, УИХ-ыг  өөрийн хүмүүсээр бүрдүүлэх, улс төрд том фракц бий болгохыг зорьж байсан юм.

Түүний эсрэг “Алтан гадас” фракц зогссон. Мөн төрийн 10 бодлогыг дэвшүүлж, долоо хоногийн Пүрэв гараг бүр мэдээлэл солилцдог хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулдаг байсан. Олон хүн, гишүүд цуглардаг байлаа. Гэтэл энэ бүхэн өнөөдөр өөрчлөгдөж нэг хүний дарангуйлалд шилжсэн нь харамсалтай.

-Та фракцаасаа гарснаар улс төрийн байр суурь алдагдах вий гэсэн болгоомжлол байгаа байх?

-Өнөөдөр заавал албан тушаалд очсоноороо хүчтэй байна, улс төрийн амьдралд хүчтэй оролцож байна гэсэн сэтгэлгээг өөрчлөх цаг болсон. Гэхдээ намууд дотор намын дээд байгууллагууд  гэж бий. Тухайлбал, АН-д Үндэсний зөвлөлдөх хороо, МАН-д Бага хурал гэж байдаг.

Энэ Үндэсний зөвлөлдөх хорооны гүйцэтгэх зөвлөлийн бүрэлдэхүүнд би ажиллаж байсан. Анхны гүйцэтгэх зөвлөлийн гишүүнээр тасралтгүй таван жил ажилласан.

Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн жил бүр өөрчлөгддөг.

Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн жил бүр өөрчлөгддөг. Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүн өмнөх хууль, дүрмээрээ татаасаар гуравны нэг нь өөрчлөгддөг тогтолцоо явж байсан. Энэ тогтолцоог Н.Алтанхуяг намын дарга байх  үедээ  үгүй хийсэн. Ардчиллын үнэт зүйлс алга болж байна.  Ардчиллынхан бид нам дотроо ардчиллынхаа юмыг өөрчлөөд явна гэдэг нэг дарга нь Ерөнхий сайд ч юм уу намын дарга нь бүх л албан тушаалыг мэддэг ийм тогтолцоонд орсон. Үүнийг өөрчлөх хэрэгтэй.

Гэхдээ улс төрийн нөлөө дуусахгүй. Би Монголын улс төрийн хэлмэгдэгсдийн холбооны тэргүүнээр ажиллаж ирсэн. Улс төрд насан туршдаа байна гэсэн үг. Тиймээс улс төрийн амьдралд бидний нөлөө  хэзээ ч зогсохгүй. Цаашид АН-д нэг л фракц байх ёстой. Энэ сэтгэлгээг би анх Төрийн өмчийн хорооны даргаар  томилогдохдоо хэлж байсан. Тухайн үед надаас аль намын,  аль фракцийн хүн бэ гэж асууж байсан. Би АН-ыг нэг фракц байхыг хүсдэг. Тиймээс АН нэг фракц гэдэг асуудлаар өнөөдрийг хүртэл хандаж байгаа.

-Фракцийн томилгоо­гоор ямар нэгэн  албан тушаалд очиж дарга боллоо гэхэд фракцийнхаа үүрэг, даалгаврыг хэрэгжүүлэх том ажил байдаг байх. Энэ талаар тайлбарлахгүй юу?

-Энэ үнэн. Тухайлбал, фракцаасаа болсон бол фракцийнхаа үйл ажиллагааг дэмжинэ. Энэ нь цаашид Монголын улс төрд гамшиг авчирч байна.

Сүүлдээ намуудтай өрсөлдөхөөс илүү фракцуудаа хооронд нь өрсөлдүүлж бие, биеэ нөгөө сөрөг намынхаа хүмүүсээс илүү үзэн яддаг. Үзэн ядсанаараа тухайн хүнээ, цаашилбал  ямар нэгэн байдлаар бусдын амьдралыг хүнд байдалд оруулж байна. Би олон сайхан залуусыг улс төрийн амьдралд өсгөж бойжуулсан. Тэднийхээ  цаашдын улс төрийн амьдралыг  зөв гольдролд оруулах ёстой.

Фракцийн дүрмээр фракцийн асуудлыг шийддэг асуудал Монголын нийгэмд, аль ч намд байгаагүй. Өнөөдөр үүнийг өөрчлөхийн тулд фракцаасаа гарах ёстой. Фракцийг манай Ардчилсан намын дарга зоригтой дуугарч фракцгүй больё гэсэн. Хувь хүний хувьд би АН нэг фракц гэдэг утгаараа Төрийн өмчийн хорооны дарга байхдаа хандаж хэлж байсан.

Үүгээрээ хэн нэгэнд таалагдаагүйг үгүйсгэхгүй. Бид заавал нэг фракцийн гэхээсээ илүү нам өнөөдөр ялсан юм бол намынхаа бодлогыг төрд хэрэгжүүлэх энэ улс төрийн соёл, ёс суртахуунаар хүмүүсээ явуулах ёстой. Тиймээс фракц гэхээсээ илүү намынхаа буюу үндэснийхээ эрх ашгийг дээдэлж, асуудлыг шийдэж байснаараа би өнөөдөр албан тушаалаасаа хөөгдсөн асуудал байгаа.

-Сүүлийн үед “Алтан­гадас”  фракц улс төрийн үйл ажиллагаанаас урвасан залуучуудаар дүүрлээ. 25 жилийн түүхтэй АН-ын ойн баярын хуралд зориудаар эсэргүүцэл үзүүлэх арга хэмжээг хэрэгжүүллээ гэж байна. Үүнийг тодруулахгүй юу?

-Би энэ залуучуудын ихэнхийг нь мэднэ. Энэ залуучууд Сонгино­хайрхан дүүргийн намд байсан. Эдгээр залуус улс төрийн үйл ажиллагаагаа дандаа буруутгаж байсан. Нэг фракцд очоод нөгөө фракц руу шилждэг. Болохгүй болохоор нөгөөдөх рүүгээ очдог. Албан тушаал амлавал нөгөө фракц руу очдог ийм залуучууд байсан. Ихэнх нь намаа шинэчилье гэсэн сэтгэлгээ байна.

Энэ сэтгэлгээн дээр тоглож байна уу гэсэн хувь хүний бодол бий. Тиймээс энэ залуучуудын ард нь мэдээж “Алтангадас”  фракц байгаа гэдгийг дотор нь байсан хүний хувьд зоригтой хэлж байна. Энэ фракцд сайхан залуучууд, ахмадууд, эмэгтэйчүүд байгаа.

Бид олон жил хамт ажилласан. Хамт олноосоо уучлалт хүссэн. Гэхдээ улс төрийн үйл ажиллагааг толгойлж байгаа Н.Алтанхуяг нөлөөлж байна. Түүнээс Н.Алтанхуяг гэдэг хувь хүнийг олон жил хамт улс төр хийж байсны хувьд сайн мэдэж байгаа. Хувь хүнийхээ хувьд сайн хүн. Үйл ажиллагааг сайн удирдаж чадна.

Ганцхан өөрийнх нь явуулж байгаа гэр бүл шиг улс төрийн үйл ажиллагаанд  Ардчилсан нам хутгалдчихлаа. Яагаад бид Үндэсний зөвлөлдөх хороо, дунд шатны нам дээрээ шударгаар ярьж болохгүй байгаа юм бэ. Нээлттэй нам учраас бидэнд ярих боломж байгаа. Яагаад заавал 25 жилийнхээ баярын үйл явдлыг ярьж байгаа юм. Энэ бол бидний улс төрийн амьдралд гутамшиг авчирч байна.

Зураг