Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/07/07-НД НИЙТЛЭГДСЭН

Эхлээд Хятадыг гүйцье

Үндэсний шуудан сонин
2015 оны 7 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Монгол мөрөөдлийн эрэлд: Цуврал №5

“ҮШ” сонин бас нэгэн цуврал эхлүүлж байна. “Монгол мөрөөдлийн эрэлд” нэртэй энэхүү цувралыг “ҮШ” сонины эдийн засгийн тоймч Д.Мөнхчимэг, “Гэрэг” сэтгүүлийн орлогч эрхлэгч, “БАЛДОРЖ” шагналт сэтгүүлч Ж.Тэгшжаргал нар хөтөлнө.

Хүний хөгжлийн боломжийн потенциал, газрын хэвлий дорх хэн ч атаархам их хэмжээний эрдэнэс баялаг, гео эдийн засгийн бусдад тэр бүр тохиогоод байдаггүй боломж, нэг хүнд ногдох хэмжээгээр дэлхийд дээгүүрт ордог өргөн уудам газар нутаг, үржил шимтэй эрүүл онгон хөрс шороо, үеийн үед монголчуудыг тэжээн тэтгэсээр ирсэн эрдэнэт мал сүрэг гээд Монгол оронд хөгжин дэгжих асар өргөн боломж бий. Азийн бар, чоно болох мөрөөдлөөр сүүлийн хорин хэдэн жил амьсгалав. Нэг хэсэг хугацаанд эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийд тэргүүлж гайхуулсан ч өсөлт улам уруудан буурсаар байна. Мөрөөдөл маань мөрөөдөл чигээрээ л байсаар. Мөрөөдөл гэдэг бол зүгээр л хүсэн санаашрахын нэр биш, зорилго эрмэлзэл, түүндээ хүрэх үйл ажил билээ. Монгол мөрөөдөл биелэхгүй байгаагийн шалтгаан нь юу вэ? Энэ асуултын хариуг энэхүү цуврал нийтлэлээр хайх болно.

Эрхэм уншигч Та бүхэн манай сэтгүүлчдийн бичсэн нийтлэлийг нягтлан уншиж, санал бодлоо ирүүлээрэй. Монгол мөрөөдөл биелэхэд хүн бүхний идэвх оролцоо, эрмэлзэл тэмүүлэл чухал билээ. 

 

Эхлээд Хятадыг гүйцье 

Орос, монгол, хятад гурваар эхэлдэг онигоог ерээд онд мөн ч их ярьдаг байж билээ. Хувь тавилангийн азаар ч юм уу эзээр ч юм уу таарч, хэдэн зууны турш хөрш зэргэлдээ оршихдоо эвлэлдэн нэгдэж, эрслэн зөрөлдөж, нэг нэгийнхээ эрхшээлд орж, гарч явсан элдвийн түүх бидэнд бий. Тэгээд мөн л хувь тавилангийн эрхээр ерээд онд гурвуул нэгэн гараан дээр ирсэн билээ.

ЗХУ задран унаж, Монгол орон ардчилал, чөлөөт зах зээлд шилжиж, Хятад улс ходоод хоосон олон зуун сая хүнээ яая гэж байв. Тэр үетэй харьцуулахад байдал хавьгүй дээрдсэн тухай бид энүүхэндээ ярьж, санаагаа амраадаг билээ. Картын бараа авах гээд дэлгүүрийн үүдэнд дугаарлан зогсож байсан тэр өдрүүдтэй харьцуулахад өнөөдөр хамаагүй сайхан байгаа нь үнэн. Гэхдээ нэг л гараанаас эхэлсэн хоёр хөрш маань биднээс хавьгүй хурдан урагшилж, хөгжлийн тэс өөр шатанд хүрснийг анзаарахгүй байж болно гэж үү?

 

ДНБ биш ХХИ

Эдийн засгийн хэмжээгээр дэлхийд хоёрдугаарт орох Хятад, эхний аравт багтах Оростой өөрсдийгөө зүйрлэж яахин болох гэж Та бодож байж мэднэ. Хүн амын тоогоор ч харьцуулшгүй гурван орон гэдэг нь үнэн. Гэхдээ энэ бүхнийг түр мартаад, ХҮН гэдэг ганц хэмжүүрээр харвал орос, монгол, хятад гурав ерээд онд нэг нэгээсээ илүү гарах зүйлгүй, нэг л түвшинд байсан учраас онигоонд хүртэл эн зэрэгцэж явдаг байсан биз ээ.

Угаасаа ДНБ гэх ганц хэмжүүрээр улс орны хөгжлийг тодорхойлох нь учир дутагдалтайг хүн төрөлхтөн мэдчихээд буй. Асар том эдийн засагтай оронд амьдарч буй хүн аз жаргалтай байж чадахгүй байх тохиолдол элбэг шүү дээ.

Тиймээс ч Нобелийн шагналт эдийн засагч Амартъя Сэн 1990 онд Хүний хөгжлийн индекс (ХХИ) гээчийг боловсруулсныг НҮБ ашиглан жил бүр тайлан гаргадаг болсноор улс орнуудын хөгжлийн жинхэнэ нүүр царай тодроод ирсэн буюу. 2014 оны ХХИ-ээс үзэхэд, Норвеги тэргүүлсэн бол хойд хөрш 57, урд хөрш 91 дүгээр байрт жагсжээ.

Харин Монгол Улс маань тээр хойно буюу 187 орноос 103 дугаарт эрэмбэлэгдсэн байна. 20 гаруй жилийн өмнө нэг л гараанаас эхэлсэн орос, хятад хоёр өнөөдөр бидний өмнө оржээ. “The Economist” сэтгүүлд бичсэнээр Хятад улс 1990-2012 оны хооронд хүний хөгжлийн индексээ хамгийн ихээр дээшлүүлсэн хоёр орны нэг болжээ. Ингэхэд нь тус улсын эдийн засгийн огцом өсөлт гол нөлөө үзүүлсэн нь гарцаагүй боловч ДНБ-ий өндөр өсөлтийг үл харгалзан хүнээ хөгжүүлж чадаагүй орон ч цөөнгүй байдаг аж. Монгол Улсын эдийн засаг сүүлийн 20 жилд 12 дахин нэмэгдсэн байтал монгол хүн тэгтлээ тэнгэрт хадсан хөгжилд хүрч чадсангүй.

Тодруулбал, 2000 онд манай ХХИ 0.580 байсан бол эдүгээ 0.698 болжээ. Энэхүү индексийг тооцоолохдоо эрүүл мэнд, боловсрол, нэг хүн ногдох үндэсний нийт орлого (ҮНО) гэсэн гурван үзүүлэлтийг авч үздэг аж. ДНБ-өсөхийн хэрээр хүн амын орлого ч автоматаар өсөх нь тодорхой. Харин эрүүл мэнд, боловсролын салбартаа анхаарч чадаагүй учраас л Монгол Улс маань хөгжлөөрөө холоо хоцорсон ажээ. Гэхдээ сэтгэлээр унахад эрт байна. 

 

Аз жаргалд хүрэх зам

Баян байна гэдэг аз жаргалтай байхын шинж мөн үү? “Жинхэнэ аз жаргал зөвхөн санхүүгийн хөрөнгөөс биш, нийгмийн хөрөнгөөс шалтгаална” хэмээн Колумбын их сургуулийн “Earth Institute”-ын захирал Жеффри Сакс тайлбарлажээ. Тэрбээр Лондоны Эдийн засгийн сургуулийн Ричард Лаярд, Британийн Колумбын их сургуулийн Жон Хелливелл нарын хамт “Дэлхийн аз жаргалын тайлан”-г гурав дахь удаагаа эрхлэн гаргасан байна. Энэхүү судалгаанд 158 орныг хамруулснаас Швейцарь, Исланд, Дани, Норвеги, Канад эхний таван байрыг эзэлжээ. Манай хойд хөрш 64-т жагссан бол урд хөрш 84 дүгээр байрыг эзэлж, харин бид тээр хойгуур 100 дугаарт орсон байх юм. Мозамбик, Албани, Босниа ба Герцеговина, Лесото, Доминиканы БНУ, Лаос, Свазиланд, Грек, Ливан, Унгар зэрэг улс бидэнтэй ойролцоо оноо авсан байгаа юм.

“Хүн бол нийгмийн амьтан” хэмээн Аристотель хэлснийг Жеффри Сакс сануулаад, хүн аз жаргалтай байх, эсэхэд нийгмийн хөгжил чухал нөлөөтэйг онцолжээ. Тиймээс ч орлогын тэгш бус байдал харьцангуй бага, нийгмийн халамж, үйлчилгээ сайтай Скандинавын орнууд “аз жаргалын жагсаалт”-ыг тэргүүлсэн байтал АНУ 15 дугаар байрт эрэмбэлэгдсэн болов уу. Үүнээс үзэхэд, монголчуудыг аз жаргалтай болгох зам нь гагцхүү нийгмийн болоод хүний хөгжил юм. Бид энэ тал дээр хэнээс үлгэр дуурайл авч болох вэ?
XIX зуунд өвчин, зовлон, ядууралд нэрвэгдсэн байсан жижигхэн Норвеги эдүгээ ХХИ-ээр дэлхийд тэргүүлж байгаа нь сонирхол татна. Норвеги, Монголын хооронд ижил, төстэй зүйл бишгүй бийг сануулах нь зүйтэй болов уу. Тухайлбал, тус улс манай нэгэн адил хүн ам цөөтэй (5.1 сая хүнтэй), жижиг зах зээлтэй учраас экспортод гол анхаарлаа хандуулдаг. Тэгээд экспортын орлогынхоо бараг талыг нь ашигт малтмалаас буюу нефть, хийн салбараасаа олдог байна. Гэхдээ тэр орлогоо монголчууд шиг хэрэггүй зүйлд үрж дуусдаггүй, хүнээ хөгжүүлэхэд зарцуулдаг учраас амжилтад хүрчээ. Эдүгээ норвеги хүн монгол хүнээс 14 жилээр урт насалж, 7.5 дахин өндөр орлоготой амьдарч байгаа юм. 

Монголчууд “эрүүл биед саруул ухаан оршино” гэж ярьдаг боловч биелүүлдэггүй ажээ. Засгийн газар маань эрүүл мэндийн салбартаа ДНБ-ийхээ ердөө таван хувьтай тэнцэх хэмжээний мөнгө зарцуулж байхад бид дуугүй л хараад суудаг. Гэтэл норвегичууд энэ чиглэлд ДНБ-ийхээ есөн хувийг буюу 50 орчим тэрбум ам.доллар зарцуулдаг ажээ. Монгол Улсын нийт эдийн засгаас дөрөв дахин их хөрөнгө гаргаж байгаа учраас норвеги хүний бие эрүүл, ухаан саруул байхгүй яах билээ? Үүний зэрэгцээ, монголчууд боловсролын салбартаа ДНБ-ийхээ 5.5 хувьтай тэнцэх хөрөнгө зарцуулж байгаа бол Норвеги улсад энэ үзүүлэлт долоон хувьтай дүйцдэг байна. Гэхдээ Норвегийн эдийн засаг Монголынхоос даруй 42 дахин том гэдгийг бодолцох учиртай. 

Монгол Улсын гурван иргэн тутмын нэг нь насанд хүрээгүй хүүхэд. Монголын ирээдүй эд байх учраас урт хугацааны хөгжлийн бодлогын суурь цэгийг холоос биш эндээс хайх учиртай. Эдүгээ хагас саяд дөхөж очоод буй ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын тоо 10 жилийн дараа 50 хувиар нэмэгдэх тооцоо бий. Гэтэл дунд сургуулиудаар шагайж үзвэл сурагчийн ширээнээ гурвуул тохой нийлүүлж, нэг ангид 40-50 хүүхэд шахцалдаж байгаа дүр зураг тодроод ирэх вий. Ийм байхад боловсролын чанарын тухай яриа инээдэм болж хувирна. 

 

Эцэст нь

Монгол бол залуусын орон. Хүн амын дундаж нас 27. Энэ бол бидний хамгийн том баялаг, хөгжлийн хамгийн гол түлхүүр билээ. Байгууллагуудаар орохоор нусаа хацартаа наасан “жаалууд” дүүрэн сууцгаах юм гэж санаашрах хүмүүстэй олон таарч байлаа. Шинэ цус сэлбэгдэж, залуусын алхааны хурдаар хөгжил эрчлэх нь дээ гэж бэлгэшээгээд үзвэл юуны буруу. Зууны турш ажин түжин байсан Улаанбаатар хүний хөлөөр хахаж байна гэх. Түгжрэл ихсэв, хөдөлгөөн удаашрав гэцгээж байна. Үүнийг жам ёсоор гэвэл өрөөсгөл байж мэдэх. Шинэ цагийн, шинэ Монголын хурдтай дүйцэхгүй байгаа нь л хүмүүсийг бухимдуулж байгаагаас биш, урьд үүнээс хурдан байсан нь хөшиж царцчихлаа гэвэл хилс. Тайвуухан алхаж, тэр хэрээр налайсаар царцаж орхисон хөгжил одоо биднээс хурдан гүйхийг шаардаж байгаа нь тэр. Тэгж байж бид хүссэндээ хүрнэ, хөгжил рүү бид улам илүү дөтөлнө. 

Өнөө маргаашгүй дэлхийн №1 эдийн засаг болох гээд явж буй Хятад улсыг ХХИ-ээр гүйцэж, түрүүлэхэд ердөө 12 алхам хэрэгтэй байна. Дундаж наслалт, нэг хүнд ногдох ҮНО-оор хятад хүн монгол хүнээс илүү байгаа ч боловсролын хувьд бид тэдний өмнө оржээ.

Орос боловсролын системийг олон жил тууштай дагасан учраас боловсролын үзүүлэлтүүд бидний давуу тал болдог. Социализмын буянаар хүн бүр бичиг үсэг тайлагдсаны нөлөө энэ биз. Тиймээс бид давуу талаа ашиглаад, сул талаа нөхөж чадвал урд хөршөөс илүү гарах амархан юм. Тэгвэл бид 2020 он гэхэд хүний хөгжлөөр БНХАУ-ыг, 2040 он гэхэд оросыг гүйцэж, улмаар Норвегийн ойролцоо очих тухай Монгол мөрөөдлийнхөө голд шигтгэх хэрэгтэй ажээ. 

 

Үргэлжлэлийг маргааш хүлээн авна уу

Өгүүллийг: Ж.Тэгшжаргал, Д.Мөнхчимэг