Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/07/07-НД НИЙТЛЭГДСЭН

"БОХИРЫГ ТУУЛ ГОЛД шууд цутгаж байсан. Гэхдээ..."

Д.Эрдэнэцэцэг, iKon.mn
2015 оны 7 сарын 7
iKon.MN
Туул гол. 2015.07.06

Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламж ачааллаа дийлэхээ больсноос Туул гол ихээр бохирдох болсон. Тэр ч бүү хэл “Голын усыг хүнс, ахуй, үйлдвэрлэлийн гээд ямар ч зориулалтаар ашиглах боломжгүй” гэж НМХГ-аас мэдээлж байсан удаатай.

Харамсалтай нь дээрх асуудлыг шийдэж амжаагүй байтал Туулыг бохирдуулагч хоёрдогч эх үүсвэрээр Налайх дүүрэг нэрлэгдэх болов.

Өөрөөр хэлбэл, Налайх дүүргийн цэвэрлэх байгууламж зогсонги байдалд орсноор бохироо Туул гол руу шууд цутгаж байна гэх мэдээлэл цахим орчинд түгээд байна.

Иймд газар дээрх нөхцөл байдал ямар байгааг тодруулахаар манай сурвалжлах хэсэг Налайхыг зориод ирлээ.


ГОРОДОК ТОСГОНЫ БОХИРЫГ ТУУЛ ГОЛД ШУУД ЦУТГАЖ БАЙСНЫГ ЗОГСООСОН

Налайх дүүргийн цэвэрлэх байгууламжийг “Чандмань Налайх” компани хариуцдаг аж. Тус компанийн захирал Г.Чулуунбатаас зарим зүйлийг тодрууллаа.

“Чандмань Налайх” компанийн захирал Г.Чулуунбат

-Налайх дүүрэг бохироо ямар ч шүүлтүүргүйгээр Туул голд шууд цутгаж байна гэсэн мэдээлэл цацагдаад байна. Энэ үнэн үү?

- Яг өнөөдрийн байдлаар сонин хэвлэл, телевиз, сайтад бичээд байгаа шиг бохирыг Туул гол руу шууд цутгасан асуудал байхгүй байгаа.

Цэвэрлэх байгууламжийн тухайд 1976 онд барьсан, 60 хувийн цэвэрлэгээ хийдэг, механик байгууламж  юм. Ашиглалтад орсноос хойших 40 жилд нэг ч удаа их засвар хийгээгүй. Мэдээж урсгал засвар бол тодорхой хэмжээнд явагдаж байсан.

Сүүлийн жилүүдэд цэвэрлэх байгууламжийн цэвэрлэгээний хувь 60-аас доошилж, 50 хувь руу орсон. Энэ нь юутай холбоотой вэ гэхээр,

Нэгд, Налайх дүүрэг өргөжиж, тэлсэн

Хоёрт, эд ангиуд нь цуурснаас гадагш ус алдаж эхэлсэн.

Налайх дүүрэг нь өдгөө 33 мянган хүн амтай бөгөөд цэвэрлэх байгууламжийг хамгийн дээд тал нь 10 мянган хүнээр тооцоолж барьжээ.

Тиймээс бид Налайх дүүргийн бохирыг Туул-1 коллектор руу холбоё гэсэн саналыг 2000 онд Нийслэлд тавьж, холбох шугам сүлжээний ажлыг 2007 онд хийсэн юм.

“Чандмань Налайх” компанийн ахлах инженер Д.Жанлав гуай цэвэрлэх байгууламжийн дэргэд 
Яг өнөөдрийн байдлаар Налайх дүүргийн цэвэрлэх байгууламж зогсонги байдалтай байгаа нь үнэн. Гэхдээ түрүүний хэлсэнчлэн бид бохироо Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламжийн Налайх дахь Туул-1 коллектор руу холбосон байгаа.

Холболтыг өнгөрсөн зургаадугаар сарын 20-нд хийсэн.

-Танай дүүргийн Үйлдвэр үйлчилгээний хэлтсийнхэн шинэ цэвэрлэх байгууламж туршиж байгаа гэсэн мэдээллийг өгсөн. Энэ цэвэрлэх байгууламж яг хаана байршилтай, хэр том байгууламж вэ?

-Энэхүү цэвэрлэх байгууламж Налайх дүүргийн төвтэй ямар ч холбоогүй л дээ. Дүүргийн төвөөс 10 орчим км-т байрлах Городок тосгоны цэвэрлэх байгууламж юм. Уг цэвэрлэх байгууламжийг Оросууд Монголын цэргийн ангид хүлээлгэж өгсөн байдаг. Харин цэргийн анги ашиглаж байгаад манай дүүрэгт хүлээлгэж өгөхдөө эвдрэлийн байдалтай өгсөн. Иймээс Городок тосгоны бохир жижиг цөөрмөөр дамжаад Туул гол руу шууд хаягддаг байсан.

Бид энэ байдлыг зогсоохын тулд Нийслэлийн хөрөнгөөс санхүүжилт гаргуулж концессын гэрээгээр цэвэрлэх байгууламж барьж, өнгөрсөн зургаадугаар сарын 29-нөөс туршиж эхэлсэн байгаа. Наадмын дараа бүрэн ашиглалтад оруулчихна.

Өөрөөр хэлбэл, Городок тосгоны бохирыг Туул голд шууд цутгадаг байсныг зогсоочихсон гэсэн үг.

-Тус цэвэрлэх байгууламж бохирыг хэдэн хувь цэвэршүүлж чадах вэ?

-99 хувь цэвэршүүлнэ. 

-Тэрбээр ийн хариулсан юм.


БОХИРЫГ ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ РУУ ДАМЖУУЛДАГ ТУУЛ-1 КОЛЛЕКТОРТ БӨГЛӨРӨЛ ҮҮССЭНЭЭС БОХИРОО ИЛ ХАЯХАД ХҮРСЭН УДААТАЙ

Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламжийн Налайх дахь Туул-1 коллектор

Налайх дүүргийн цэвэрлэх байгууламжийг хариуцсан “Чандмань Налайх” компанийн ахлах инженер Д.Жанлав гуай нөхцөл байдал ямар байгааг газар дээр нь очиж харуулсан юм.

Биднийг очих үед цэвэрлэх байгууламжийг бүрэн зогсоосон байсан бөгөөд бохирыг Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламжийн Налайх дахь Туул-1 коллектор руу шилжүүлсэн байв.

Гэвч энэхүү коллектор,

  • Зургаадугаар сарын 22,
  • Зургаадугаар сарын 29,
  • Долоодугаар сарын 1-нд тус тус бөглөрч, дүүргийнхээ цэвэрлэх байгууламжийн аваарын хаалтыг нээн бохирыг ил хаяхад хүрсэн гэнэ. Улмаар энэхүү бохир нь цэвэрлэх байгууламжийн дэргэдүүр урсах жижиг горхи руу орж, Туул руу цутгагджээ.

Д.Жанлав инженерийн хэлж байгаагаар Япон улсын мэргэжилтнүүд Налайх дүүргийн хүндхэн нөхцөл байдалтай газар дээр нь ирж танилцаад "Цэвэрлэх байгууламж барьж өгөх боломжтой" гэсэн байна. Гэвч энэ асуудлыг хоёр улсын Засгийн газар хэзээ хэлэлцэх нь тодорхойгүй байгаа аж.

Налайх дүүргийн цэвэрлэх байгууламжийн аваарын хаалт
Налайх дүүргийн цэвэрлэх байгууламжийн хажуугаар урсдаг горхи
Налайх дүүргийн цэвэрлэх байгууламжийн хажуугаар урсдаг горхи
Туул гол. 2015.07.06