Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/07/07-НД НИЙТЛЭГДСЭН

Та Бээжинд хэдэн төгрөгөөр байр худалдаж авах вэ?

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2015 оны 7 сарын 7
iKon.MN
Зураг зураг

“Бээжинд залуу хүмүүс байр авахад их хүндрэлтэй болсон” хэмээн тус улсын аялал жуулчлалын байгууллагад ажилладаг нэгэн залуу тайлбарлаж байсан юм.

Учир нь энд байрны үнэ сүүлийн арваад жилийн хугацаанд 10 дахин өсжээ.

Тухайлбал 2000 оны эхэн үед нэг метр кв нь 3-4 мянган юань байсан байр өнөөдөр 30-40 мянган юанийн үнэтэй болжээ.

Үүнийг төгрөгт шилжүүлбэл нэг метр квадратын үнэ ойролцоогоор 9-10 сая. Гэхдээ дундаж болон хямд байрны үнэ ийм байгаа гэдгийг онцлох хэрэгтэй.

Бээжин бол эдийн засаг, хүн ам нь хурдацтай өсч буй том хот. Тиймдээ ч Хятадын орон нутгийн иргэд болон тус хотын иргэд энд төвхнөхийг илүүд үздэг.

Гэсэн хэдий ч сүүлийн жилүүдэд шинээр төгссөн оюутнууд Бээжинд үлдэхийг хүсэхээ байсан хэмээв.

Учрыг тодруултал Бээжинд үлдвэл байр авч, хангалуун амьдрахад хэцүү бөгөөд тэр мөнгөөрөө орон нутаг руу явж илүү хямд байр худалдаж аваад, тааламжтай нөхцөл бүхий ажил хийх нь чухал гэж тайлбарласан юм.

Одоо жаахан тоо бодоцгооё.

Энд дундаж байр 100 м.кв хэмжээтэй байдаг. Хятад хүмүүсийн хувьд гурван өрөө байрыг илүүд үздэг бөгөөд амьдрахад хамгийн тохиромжтой хэмжээ гэнэ.

Тэгэхээр нэг м.кв нь 30 мянган юанийн үнэтэй 100 метр квадрат байр авахад 3 сая юань /940 гаруй сая төгрөг/ хэрэгтэй.

БНХАУ-ын төрийн албаны дундаж ажилтан жилийн 100 мянган юанийн цалин авдаг. Ингээд бодохоор 30 жил юу ч идэж, уухгүй, мөнгө үрэхгүй амьдарвал 100 м.кв гурван өрөө байрны мөнгө цуглуулна хэмээн тэд хошигнон тайлбарлаж байв.

Тэд яг л Монголчууд шиг байрны зээлээ 20-30 жил төлдөг ажээ.

Тэд яг л Монголчууд шиг байрны зээлээ 20-30 жил төлдөг ажээ

Залуу хосуудад 800 мянган юань хүртэлх хэмжээтэй орон сууцны зээл авах боломж олгодог боловч хүрэлцдэггүй байна. Иймээс хэрэв залуу хосууд тусдаа гарахаар бол тэдэнд хоёр гэрийн эцэг эх, эмээ өвөө нар нь нийлж байр авч өгөх болсон.

Байр авна гэдэг хувь хүний бус гэр бүлийн хичээл зүтгэл шаардах асуудал гэдгийг хэлж байв. Ихэнх Хятад айлууд нэг хүүхэдтэй байдаг тул гэр бүлийнхэн нь байгаа бүхнээ зориулдаг аж.

Гэхдээ сая хамгийн боломжийн хямд үнэтэй байрны талаар бичсэнийг санаарай. Бээжингийн хоёрдугаар тойрог дотор буюу хотын төвтэй ойролцоох хэсгээр байрны үнэ нэг м.кв нь 70 мянган юаньд хүрнэ. Энд мөн л байр сүүлийн арван жилээс арав дахин өндөр үнэтэй болсон байна.

Орон сууцны үнэ өссөн шалтгаан нь эрэлт бөгөөд БНХАУ-ын газар газраас ирсэн мөнгөтэй, чинээлэг хүмүүс Бээжинд орон сууц ихээр худалдан авах болсонтой холбоотой аж.

Орон сууцны зээлд хамрагдсан иргэдийг “Орон сууцны боолууд” хэмээн хошигнож хэлдэг байна. Учир нь тэд маш олон жилийг зээлээ дарахын тулд зарцуулдаг аж. Харин орон сууц дамлан зардаг хүмүүсийг “Орон сууцны хорхой” гэж хочилдог ажээ.

Ямартай ч урд хөршийн нийслэлд амьдардаг залуусын хувьд орон сууц авахад ийм асуудалтай тулгардаг байна.

Үндсэн асуултдаа хариулбал та Бээжин хотод дундаж зэрэглэлийн гурван өрөө байр авахыг тулд нэг тэрбум орчим төгрөг зарцуулах юм байна.