Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/07/06-НД НИЙТЛЭГДСЭН

Зуны амралтаараа уншихыг санал болгож буй 13 ном

МОНСУДАР
2015 оны 7 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Дэлгэр зуны улирал айлчлан ирж буй тул хүн бүр дор бүрнээ амралтаа хэрхэн өнгөрүүлэхээ тунгааж буй гэхэд хилсдэхгүй биз ээ. Зуны амралт бол зөвхөн айраг цагаан дээр гарч, амралт сувилал, лагерь бараадан, хөдөөгүүр зугаалах үе бус ном унших тааламжит цагийг авчирдгаараа нэн таатай.

Халуун нар төөнөсөн өдрүүдэд гэр, зуслангийн байшин, майхны сүүдэрт сайн ном бариад хэвтэхээс илүү сайхан амралт бий гэж үү. Гоё ном уншихад сэтгэл сэргэдэг төдийгүй хамгийн сайхан амралт болдог. 

Тийм ч учраас энэ зун ямар ном уншихаа хараахан төлөвлөж амжаагүй байгаа эрхэм уншигчдадаа зориулан энэ зун уншвал зохих номуудыг цувралаар санал болгож байна.

Ф.М.Достоевский, “Маанаг”

 

Ф.М.Достоевский шиг их ишлэгдэж, хойч үедээ зөвхөн уран зохиол төдийгүй урлаг, философи, сэтгэлзүйн гээд олон салбарт өөрийн нөлөөгөө үлдээсэн зохиолч үгүй. Магад хойшид ч төрөхгүй буй за. Түүний “Гэм зэм”, “Карамазовын хөвүүд”, “Маанаг” номыг уран бүтээлийн гурван ноён оргил нь гэж тооцдог агаад энэ дундаас Достоевскийн уран бүтээлдээ баримталдаг зарчмууд нь бүрэн дүүрэн шингэж, үйл явдлаа гайхалтай эзэгнэдэг чадвар нь жинхэнэ ёсоор харагдсан хосгүй роман бол "Идиот" буюу “Маанаг” юм.

Уг зохиолын бүх баатрууд нь өөрийн гэсэн үзэл бодол, үнэт зүйлтэй, мэдээж түүгээрээ орчин тойронтойгоо байтугай зарим нь өөрөө өөртэйгээ ч тэрсэлдэнэ... Бодоод үзэхэд миний ч, таны ч амьдралд тийм хүмүүс олон тааралддаг. Зарим нь намайг ойлгохгүй, заримыг нь би ойлгохгүй… Үүнээс үүдээд амьдрал тэр чигээрээ ойлголцол, үл ойлголцлын эргүүлэг ч юм шиг.

Зохиолын төгсгөлд хувиа хичээсэн ертөнцийн солиорол ялан дийлж буй мэт боловч уг зохиолыг тийм ч пессимистээр харах хэрэггүй юм. Мышкин хүмүүний зүрхэнд сайхан сэтгэлийн очийг асааж өгсөн, өөрийнх нь оюуны мөхөл бусдыг нойрноос нь сэрээсэн гэж хэлж болно. Хүмүүст идеал руу тэмүүлэх хүсэл эрмэлзлийг тэр дуудсан, тийм зүйл үгүйгээр хүн төрөлхтөн яахсан билээ. Яах аргагүй өнөөдрийн сэдэв.

Уг романыг “Монсудар” хэвлэлийн газраас эрхлэн гаргасан агаад уг бүтээлийн орчуулган дээр онцгой анхаарал тавин ажилласан төдийгүй үйл явдалтай нь уялдуулан 49 зураг бүтээн шигтгэж өгснөөрөө тун онцлог, даацтай бүтээл болсон гэдгийг онцлон тэмдэглэмээр байна.

Мариа Карла Прэттэ, “Урлагийг ойлгох”

 

Соёлт хүн бүрийн уншвал зохилтой, тэр дундаа энэ зуныхаа амралтаа Европоор аялж, Луврын музей, Барселоны Ариун гэр бүлийн сүм, Миланы уран барилга зэрэг урлаг, соёлын үнэт бүтээлүүдтэй танилцаж өнгөрүүлэх гэж буй бол бүр зайлшгүй аяны богцондоо багтаах шаардлагатай нэгэн номыг танилцуулъя. Энэ бол Италийн урлаг судлаач Мариа Карла Прэттэгийн “Урлагийг ойлгох” ном.

Мона Лизаг юуг эгнэшгүй сайхан болгоно вэ?

Урлагийн бүтээл ер нь хэрхэн бүтдэг вэ?

Сэргэн мандалтын үе гэж чухам юу вэ?

Эдгээрт болон урлагийг тойрсон тоо томшгүй олон асуултад “Урлагийг ойлгох” ном дэлгэрэнгүй, мэргэжлийн, ойлгомжтой хариулт өгөх болно. Урлагийн бүтээл хэрхэн бүтдэг, цаашлаад хэрэглээг голчилсон бэлгэ тэмдэг, урлагийн сэдэв зэргээс авхуулаад өнгөний үүргийн тухай хүртэл бүхий л ойлголтыг багтаасан уг ном нь мянга гаруй бүтээлийн нарийн зураглалтай бөгөөд үүн дотроо уран барилга, уран баримал, уран зургийн хамгийн сор бүтээлүүдийг нээн харуулах сонирхолтой, гайхалтай аялалд таныг хөтөлж, урлагийн түүхэн үе, хэв маяг, мөчүүдэд замчлах, өргөн цар хүрээг хамарсан бүтээл юм.

Балар эртний чулуун зэвсгийн үеийн Ласкогийн агуйн зургаас Фрэнк О.Жеригийн орчин үеийн урлагийн Гуггэнхайм музей хүртэлх хүн төрөлхтний бүхий л уран бүтээлч чанарыг багтааж, түүх, хэв маяг, он цагийн хэлхээсийг тусгасан тул таны аяллын хамгийн сайн хөтөч байх болно гэдэгт итгээрэй.

Эрих Фромм, "Хайрлах урлаг"

 

Уншигч та бүхэн номын нэрнээс хайр дурлалд хэрхэн одтой байх вэ, гэсэн гарын авлага ном хэмээн ойлгож байвал эндүүрэл. Уг номоос “Хайр гэдэг бол хэн дуртай нь эзэмшиж чадахуйц сэтгэлийн эмоц биш юм” хэмээх ишлэлийг уншаад магад олон хүн гайхаж, эгдүүцэж байж мэднэ.

Үнэхээр ч олонх хүмүүс хайрыг “бүх хүнд төрөлхөөс заяагддаг зүйл, хэн нэгэнд татагдан дурлаж, хайр нь бүтэлгүйтэх нь жам ёсных” гэж боддог. Өөрөөр хэлбэл хайр дурлалын эмоцыг сэтгэлдээ тээх чадвар хэн бүхэнд байдаг учир хэн ч бусдыг хайрлаж чадна, тиймээс түүний тухай тусгайлан суралцах шаардлага байхгүй гэж мэтгэх хүмүүс дийлэнх олонх буй заа...

Харин Германы сэтгэлзүйч, социологич, философич Эрих Фромм үүнийг буруу гэдгийг 1956 онд хэвлүүлсэн өөрийн “Хайрлах урлаг” номоороо анх илэрхийлсэн бөгөөд уг бүтээлдээ хайрыг зүгээр нэг гэнэт учирч, өөрөө цааш хөгжин цэцэглэдэг жам ёсны үйл явдал биш гэдгийг анхааруулж, хайранд зөв сайн суралцаж чадвал хүнийг жинхэнэ ёсоор хайрлаж болно, хэрэв хайрлах урлагт суралцаагүй бол тэр жинхэнэ хайр биш гээд үүнийгээ олон жишээ болон онол дээр тулгуурлан батлан харуулжээ.

Тэрбээр энэхүү бүтээлээ туурвих болсон шалтгаан нь өнөөгийн нийгэмд хүн бүр “биет эд зүйл”-ийн араас ухаан жолоогүй хөөцөлдөн, “хайр” гэгч зүйлээс улам холдон, хөндийрсөөр буйг анзаарсантай холбоотой.

Хүн төрөлхтний хамгийн түрүүнд суралцах ёстой зүйл бол ХАЙР, тиймээс та энэ зуны амралтаараа заавал “Хайрлах урлагт”-т суралцаарай.

Харүки Мүраками, "1Q84"

 

Дэлхийн постмодерн уран зохиолын гол төлөөлөгч Харүки Мүракамигийн 1Q84 гурамсан романы эхний хоёр дэвтэр анх уншигчдад хүрж байхад орчуулагч О.Жаргалсайхан "Дэлхийн утга зохиолын түүхэнд тэсрэлт хийсэн энэ бүтээл Монгол уншигчдын оюунаа хэрхэн буух нь тун сонин байна.

Дархлаа султай хүнд вакцин тарихаар дагжин чичирдэг шиг байх уу, сэтгэл зүрхнийх нь мухарт унтарсан галыг өдөөн турхирах уу, аль эсвэл харанхуйн мананд төөрөх мэт чив чимээгүй уусан алга болох уу гэдэг сонирхолтой санагдаж байна" хэмээн өгүүлж байсан юм.

Ямартай ч 1Q84 роман уншигчдын дунд бестселлэр болсон агаад уран зохиолын хорхойтнууд өөр хоорондоо халуун дулаан яриа өрнүүлэх гол сэдэв болж, төгсгөлийн дэвтрийг олон уншигч тэсэн ядан хүлээж байсан билээ. Тэгвэл гурамсан романы төгсгөлийн дэвтэр хэвлэгдсэн нь таны амралтыг амттай болгох нь дамжиггүй.

Зохиолч уг бүтээлийнхээ санааг 1995 онд Токио хотын метронд хорт хий тавьж олон хүний амь насыг сүйтгэсэн “Ум шинри кёо” шашны байгууллагын өдүүлсэн гэмт хэргийн бодит түүхээс авсан бөгөөд өөрт нь маш ихээр нөлөөлсөн кино, хөгжим, утга зохиолоос иш татаж, зохиолдоо шигтгэж өгснөөр уншихад энгийн ойлгомжтой хэрнээ аялгуу хэмнэл сайтай, нарийн мэдрэмж, төсөөлөхүй дагуулсан онцлог бүтээл болж чаджээ.

"Гал мөсний дуун цуврал"

 

“Хаан ширээний тоглоомд чи ялах юм уу, үхнэ”

Та хаа нэгтэйгээс “Ямар ч кино эх зохиолоо гүйцдэггүй” юм гэсэн үгийг олж сонссон байж магадгүй. Үүнийг нотлоход тун түвэггүй. Хэрэв та “HBO” сувгийн “Хаан ширээний тоглоом” хэмээх киног шимтэн үздэг бол IMDB сайтаас 9,5 үнэлгээг авч, хамгийн шилдэг цуврал киноны нэг хэмээн өргөмжлөгдөн дэлхий даяар шуугиулж буй уг бүтээлийн эх зохиол болох Ж.Р.Р.Мартины “Гал мөсний дуун” хэмээх цувралыг уншаад дээрх үгтэй бүрэн дүүрэн санал нийлэх болно.

Орчин үеийн зөгнөлт зохиолын түвшинг нэг шат ахиулсан “Гал мөсний дуун” цувралын “Хаан ширээний тоглоом”, “Хаадын хагарал”, “Илдний шуурга I”, “Илдний шуурга II” эхний гурван ботийг “Монсудар” хэвлэлийн газар албан ёсны эрхтэйгээр орчуулан та бүхэнд хүргэж буй юм.

Дашрамд анхааруулахад уг номыг нэгэнт барьсан бол та дуусан дуустлаа өөр юуг ч хийхийг үл хүсэх тул амралтаа авсан үедээ уншихыг зөвлөж байна.

"Дарс амтлах бяцхан хөтөч"

 

Та амралт, зугаалгаараа найз нөхөдтэйгөө ил галын дэргэд яриа хөөрөө өрнүүлэн сайн дарсыг таашаан уух хүсэлтэй байна уу? Гэвч бид өөртөө ямар дарс таалагдахаа мэдэхгүй, дарсыг хэрхэн сонговол зохистой гэдгийг мэддэггүй.

Ер нь соёл иргэншлийн хөгжлийн нэг хэмжүүр хэрэглэж буй хоол хүнс юм. Тэгвэл газрын шим, нарны гэрлийн илч дулааныг шингээсэн байдаг дарс хэмээх гайхамшигт умдааныг өдгөөгөөс 6 мянган жилийн тэртээ хэрэглэж эхэлсэн гэж үздэг байна. Персийн яруу найрагч Омар Хайям “Дуулим энэ орчлонд хүн болж төрснөөс хойш
Дурлал, дарс хоёргүйгээр насыг элээвэл нүгэлтэй”

хэмээн шүлэглэсэн бол нэгэн их хүмүүн “Дарс бол бурхны бүтээл” гэж шагширсан нь бий. Дарс бол зөвхөн амтат умдаан төдий биш гэдгийг орчин үеийн анагаах ухаан дарсны зүй зохистой хэрэглээ нь хүний эрүүл мэндэд нэн тустай гэдгийг нотолсноос харж болно.

Харамсалтай нь соёлт хүн төрөлхтөн эртнээс хэрэглэж ирсэн дарсны тухай ойлголт монголчууд бидэнд хомс. Харин “Монсудар” хэвлэлийн газрын албан ёсны эрхтэйгээр орчуулан гаргаж буй “Дарс амтлах бяцхан хөтөч” номыг уншсанаар ердийн дарс сонирхогчоос дарсны мэргэжилтэн болтол хөгжих боломж хүн бүрийн өмнө нээгдлээ.

Уг номд дарстай холбоотой бүхий л соёл, хэрэглээ, танин мэдэхүйг багтааснаараа онцлог бөгөөд дарс исгэгч гол усан үзмүүдийн төрөл, түүгээр ямар дарс исгэдэг, тэрхүү дарсны амт, үнэр, онцлог шинж чанартай танилцахаас гадна танд дарсыг амт, үнэрээр ялгах, дарсны шошго, өнгөөс дарсны чанарыг таних, хундагаа хэрхэн зөв сонгох, хоолтойгоо дарс хэрхэн зохицуулах вэ зэрэг дарсны хэрэглээний нарийн соёлыг бүгдийг дэлгэрэнгүй өгүүлжээ.

Та дарсны урлагт суралцмаар байна уу? Тэгвэл “Дарс амтлах бяцхан хөтөч” ном таны хамгийн төгс багш байх болно.

“Жимс, ногоо тарих бяцхан хөтөч"

 

Зуслангийн газар, хашаа байшиндаа өөрийн гараар жимс, ногоо тарьж, үр шимийг нь хүртэнэ гэдэг юутай ч зүйрлэшгүй сайхан амралт билээ. Чухам энэхүү зорилгод нийцэх ном бол “Жимс ногоо тарих” бяцхан хөтөч агаад газраа хагалах, мод бут суулгах, тайралт хийх, ургацаа хураах тухай дэлгэрэнгүй өгүүлж, зургаар харуулсан агаад дээрх ажлын явцад алдаа гаргахаас сэргийлэн алхам алхмаар зааварчлан тайлбарласнаараа нэн өгөөжтэй болжээ.

Энэ ном зөвлөгөө, санамжаар дүүрэн бөгөөд түүнчлэн таны хичээл зүтгэл буруудвал хэрхэн засахад туслах тул удахгүй та өөрөө жимс, ногоо тарьж ургуулах ажлын улам амтанд орох болно. Уг ном нь "Эхлэлээ тавь", "Мэдлэгээ хөгжүүл", "Чадвараа төгөлдөржүүл" гэсэн үндсэн 3 бүлэгтэй. Бүлгүүдийг нэг бүрчлэн төлөвлөж бичсэн бөгөөд эдгээр нь танд шинэ ур чадвар, арга технологи эзэмшихэд тусална.

Таныг энэхүү номыг уншсаны дараа танай зуслан, хашаа байшинг зуны халуунаас сүүдэрлэх гоёмсог, үр өгөөжтэй мод удахгүй сүглийн ургана гэдэгт итгэж байна.

"Бялуу, нарийн боов хийх бяцхан хөтөч"

 

Цэвэр агаар, шинэхэн нарийн боовны үнэргүйгээр зуны амралт юу сан билээ?. Тэгвэл “Бялуу нарийн боов хийх” ном таны хамгийн ойрын туслах болно. Уг ном танд хэрхэн хөвсийлгөж хутгах, шигшихийг тод харуулж, таны өөртөө итгэх итгэл болон ур чадвараа сайжруулахад тусална. Энд гайхамшигтай жорууд, бүх аргыг тодорхой тайлбарласан бөгөөд хэрэв ямар нэг алдаа гарсан тохиолдолд зөвлөгөө, санамж болон тусламж таны гар дор бэлхэн байна.

Иймд танд гэртээ нарийн боов урлах хүсэл эрмэлзлэл өөрийн эрхгүй ундарна. Та нарийн боов, жигнэмэг хийж сурахдаа гурван үе шатыг дамжин суралцах бөгөөд энгийн бялуунаас авхуулаад артизан талх хийж сурах хүртэлх олон аргыг хамарсан байгаа.

Жор бүр хялбараас хүнд рүү шилжиж, таны ур чадварыг хөгжүүлэх тул та урамшиж, туршлага хуримтлуулснаар шинэ санаа зорилготой болно. Өөрийн зуслан, гэртээ айлчлан ирсэн найз нөхдөө өөрийн гараар барьсан шинэхэн талхаар дайлаарай.

Лев Толстой, "Иван Ильичийн үхэл"

 

Модны навчис сэрчигнэхээс өөр аниргүйд аливааг тунгаах хамгийн тохиромжтой мөч. Тэгвэл хүн бүхнийг эргэцүүлэхэд хүргэх нэгэн сонгодог бүтээлийг та амралтаараа уншаад үзээрэй. Оросын алдарт зохиолч Лев Толстойн “Иван Ильичийн үхэл” хэмээх энэхүү тууж нь шүүхийн танхимын тэргүүлэгч гишүүн Иван Ильич онош нь тодорхойгүй өвчинд нэрвэгдэн, зовж тарчлан хэвтэхдээ өнгөрүүлсэн амьдралынхаа тухай эргэцүүлэн бодож буй тухай өгүүлнэ.

Өнгөцхөн харахад түүний амьдралд харамсах зүйл үгүй мэт. Тэр шүүхийн байгууллагад цалин сайтай, өндөр албан тушаал хашиж, алдар нэртэй хүмүүсээр хүрээлүүлж, бусдын л адил гэр бүлийн амьдрал зохион тансаг сайхан байшинд амьдарч, хэний ч хувь заяаг шийдэж чадах эрх мэдэл өөрт нь байгааг бодон баясаж, амьдралдаа сэтгэл хангалуун явдаг байлаа. Гэтэл үхэл гэгч хаалгыг нь тогшиход энэ бүхэн цөм ямар ч утга учиргүй болон хувирах нь тэр.

Тэрбээр үхэлтэй тэмцэх гурван сарын хугацаандаа эхлээд түүнээс айн зугатаж, дараа нь нүүр тулан уулзаж, эцэст нь хүлээн зөвшөөрөхдөө өөрийг нь бүчин хүрээлсэн худал хуурмаг бүхнийг анх удаагаа нэвт шувт харж, туулж өнгөрүүлсэн амьдралдаа харамсавч нэгэнт оройтжээ.

Иван Ильичийг нас нөгчсөн тухай сонсоод түүнийг жинхэнэ андын ёсоор хайрладаг байсан гэх ажлын найз нөхөд нь уй гашуу болохоосоо урьтаж түүний албан тушаалд хэн томилогдох бол хэмээн бодож буй нь, насаараа ханилсан эхнэр нь түүний эд хөрөнгөнөөс өөрт нь юу оногдож болох тухай санааширч байгаагаас үзэхэд “үхэл” гэгч хүний мөн чанарыг тодоос тод харуулдгийн илрэл буюу.

Нөгөөтэйгүүр хүн хэрхэн, яаж амьдарсныг түүнийг нас барсных нь дараа хүмүүс хэрхэн хандаж байгаагаас харж болох ажээ. Эгэл жирийн нэг хүний эгэл жирийн амьдрал, эгэл жирийн үхлээр бүхий л хүн төрөлхтний бодит үнэнийг илчлэн харуулсан энэхүү зохиол танд өөрийгөө юуны төлөө, хэрхэн амьдарч байгаагаа эргэцүүлэн бодож, эцсийн эцэст Иван Ильич шиг үхлийн босгон дээр ирээд л ямар ч утга учиргүй амьдарснаа ухаарч, амаа барин гаслахгүйн тулд явж буй зам мөрөө яг одоо эргэн харж, сайтар тунгаан бодох хэрэгтэйг сануулах буй за.

Алекс Фергусон, "Миний намтар"

 

"Түүх уншсанаас намтар унш! Учир нь намтар бол онол биш туулсан бодит амьдрал юм" гэж нэгэн суутан хэлсэн байдаг. Тэр тусмаа гоц ухаантай, сод авьяастай хүмүүсийн намтар бол өнөөгийн бидний амьдралд үлгэр дуурайлал болж, сайн сайхан амьдралын зүг чигт заагч болж өгдөг билээ.

Бид өнөөдөр чухам ийм үлгэр дуурайллаар гачигдаж байна. Тийм ч учраас танд Английн Премьер лиг төдийгүй, дэлхийн хөлбөмбөгийн түүхэнд хамгийн аугаа дасгалжуулагч хэмээн өргөмжлөгдсөн Сэр Алекс Фергусоны “Миний намтар” танд номыг санал болгоё.

Түүхэн үйл явдлаар дүүрэн, үзэл бодлоо ил цагаанаар илэрхийлсэн Сэр Алекс Фергусоны намтар Глазго хотын Гован хэмээх усан онгоц үйлдвэрлэдэг дүүргээс эхлэх бөгөөд Абердин клубийг урьд өмнө үзэгдэж харагдаагүй амжилтад хүргэж, хэрхэн Манчестер Юнайтедад ялгуусан 27 жилийг авчирсан тухайгаа өгүүлж, үзэгч түмэнд тэр бүр ил болдоггүй хөлбөмбөгийн ертөнцийн хөшигний ардах нууц буюу хувцас солих өрөөний уур амьсгал, тоглогчдын солилцоо хэрхэн явагддаг, тактикийн тулаан, сэтгэлзүйн дайралт, менежрүүдийн сөргөлдөөн зэргийг ил гаргаж, өөрийн алдаа оноо, амжилтын нууцаа уншигчидтайгаа илэн далангүй хуваалцжээ.

"Угсаатны зүй"

 

Та Монголынхоо үзэсгэлэнт байгалиар аялах гэж байгаа бол Монгол улсын ШУА-ын Түүхийн хүрээлэнгээс хэвлүүлсэн “Монгол улсын угсаатны зүй” цуврал бүтээлийг үүргэвчиндээ багтаахаа мартуузай. Олон жилийн судалгаан дээр үндэслэн монгол угсаатан бүрэлдсэн ба монгол улсад амьдарч буй 10 гаруй угсаатны бүлэг буюу ястны гарал үүсэл, нутагшил, аж ахуй зэргээс улбаатай нутгийн онцлогт зохицон төлөвшсөн биет болон биет бус соёлын талаар дэлгэрэнгүй өгүүлсэн нь таныг зөвхөн байгалийн сайханг үзээд өнгөрөх бус олон мянган жилийн түүхэн уламжлалтай, дахин давтагдашгүй өвөрмөц соёл ахуй ялангуяа байгаль орчинтойгоо зохицон амьдрах эерэг харилцаанаас үүдэлтэй монголчуудын сэтгэлгээ, итгэл бишрэл, ёс заншил, мэдлэг ухаан болон байгаль эхээ дээдлэх зэргээрээ бусад ард түмний соёлоос ялгагдаж, үүгээрээ хүн төрөлхтний түүхэнд оруулсан хувь нэмэр нь тодорхойлогддог болохыг ухаарах болно.

Уг гурван боть бол монголчуудын угсаа соёлыг нэгтгэн дүгнэсэн анхны судалгаа төдийгүй монгол нүүдэлчдийн аж байдал, ахуй амьдралдаа мөрдлөг болгож ирсэн хэв заншил, өв уламжлалын тухайд түлхүү анхаарч, холбогдох эх хэрэглэгдэхүүнийг эрдэм шинжилгээний эргэлтэд оруулах чиглэлийг баримталснаа тэмдэглэхийн зэрэгцээгээр монголчууд төдийгүй гадаадын судлаачдад монгол угсаатны соёлын үнэ цэнийг ойлгуулж , Монгол улсыг сурталчлан таниулахад чухал хэрэгсэл мөн гэж үзэж байна. Ялангуяа залуу үед эх орноороо, өвөг дээдсээрээ, өв соёлоороо бахархах үзэл бодлыг төлөвшүүлэх болон өөрийн өвөрмөц ёс заншлаа олж мэдэхэд энэ бүтээл зохих нөлөө үзүүлэх болно.

"Монголчууд" (зурагт түүх)

 

Мөн танд Монголчууд зурагт түүх хэмээх түүхэн гэрэл зургаар баяжуулсан түүхийн номыг санал болгож байна. Түүх гэхээр нэгэн хэвийн уйтгартай, хэзээ ч цээжлэхээргүй он дараалал байгаа гэж бодох хэрэггүй.

Та уг цувралын нэгдүгээр боть болох Монголчууд XX зууны эхэнд номноос монголчууд бид 100 гаруй жилийн өмнө хэрхэн амьдарч байв гэдгийг гэрэл зургаар дамжуулан харж болохоос гадна улс төр, нийгмийн байдал хэрхэн өөрчлөгдсөн бэ гэдэгтэй танилцаарай. Цувралын хоёрдугаар боть Монголчууд XVII-XX зууны эхэн үе номноос монголчууд бидний манжийн эрхшээлийн үе гэж нэрлэдэг 200 гаруй жилийн түүхтэй танилцаж, ховор нандин түүхийн дурсгалууд, архивийн баримт материал, гэрэл зургуудаар дамжуулан тухайн цаг үед очих сонирхолтой аялалд гараарай. Уг цувралын дараагийн боть болох Монголчууд 1924-1959 онд ном тун удахгүй хэвлэгдэн гарах гэж байна.

Гэрэл зураг сонирхогчдод

 

Амралтаараа гадаад улс орон болон монгол орныхоо байгалийн үзэсгэлэнт газраар тойрон аялах гэж буй хүн бүр камер авч яван түүхэн дурсгалт газар, байгалийн сайханг буулгахыг хүсдэг. Гэвч бид өөрсдийн хүссэн шигээ тийм чанартай зураг буулгах нь тун ховор.

Энэ бол зөвхөн мэдрэмж, төсөөлөл дутсанаас бус өөрийн камер, техник хэрэгслийн хүчин чадлыг бүрэн дүүрэн ашиглаж чадахгүйгээс үүсдэг асуудал билээ. Тэгвэл “Гэрэл зураг сонирхогчдод зориулсан гарын авлага” номыг ашигласнаар таны зургийн аппарат юу хийж чадах болон түүнийг хэрхэн ашиглахыг тайлбарласан тул анхан шатны гэрэл зураг сонирхогчдод маш сайн нөхөр болж чадна.

Уг номын зорилго нь танд дижитал гэрэл зургийн талаар өргөн хүрээний мэдлэгийг олгох билээ. Уран сэтгэмжээ ашиглан өөрөө шийдвэр гаргаж зураг авах нь хэр таатай болохыг та мэдрэх бөгөөд зургаа хүссэнээрээ өөрчилж болох боломжийг танд олгох болно. Энд энгийн фокуслахаас эхлэн нүд булаам тусгай эффектүүдийг хэрхэн бий болгохыг алхам алхмаар дэлгэрэнгүй тайлбарласан болно. Мөн олон объект болон нөхцөл байдалд тухайн техникийг хэрхэн ашиглаж болох тухай олон зөвлөгөөг оруулсан байна.