Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/07/06-НД НИЙТЛЭГДСЭН

БҮГДЭЭРЭЭ ХЭЛЭЛЦВЭЛ БУРУУГҮЙ

Үндэсний шуудан сонин
2015 оны 7 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Монгол мөрөөдлийн эрэлд: Цуврал №4

ҮШ” сонин бас нэгэн цуврал эхлүүлж байна. “Монгол мөрөөдлийн эрэлд” нэртэй энэхүү цувралыг “ҮШ” сонины эдийн засгийн тоймч Д.Мөнхчимэг, “Гэрэг” сэтгүүлийн орлогч эрхлэгч, “БАЛДОРЖ” шагналт сэтгүүлч Ж.Тэгшжаргал нар хөтөлнө.

Хүний хөгжлийн боломжийн потенциал, газрын хэвлий дорх хэн ч атаархам их хэмжээний эрдэнэс баялаг, гео эдийн засгийн бусдад тэр бүр тохиогоод байдаггүй боломж, нэг хүнд ногдох хэмжээгээр дэлхийд дээгүүрт ордог өргөн уудам газар нутаг, үржил шимтэй эрүүл онгон хөрс шороо, үеийн үед монголчуудыг тэжээн тэтгэсээр ирсэн эрдэнэт мал сүрэг гээд Монгол оронд хөгжин дэгжих асар өргөн боломж бий. Азийн бар, чоно болох мөрөөдлөөр сүүлийн хорин хэдэн жил амьсгалав. Нэг хэсэг хугацаанд эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийд тэргүүлж гайхуулсан ч өсөлт улам уруудан буурсаар байна. Мөрөөдөл маань мөрөөдөл чигээрээ л байсаар. Мөрөөдөл гэдэг бол зүгээр л хүсэн санаашрахын нэр биш, зорилго эрмэлзэл, түүндээ хүрэх үйл ажил билээ. Монгол мөрөөдөл биелэхгүй байгаагийн шалтгаан нь юу вэ? Энэ асуултын хариуг энэхүү цуврал нийтлэлээр хайх болно.

Эрхэм уншигч Та бүхэн манай сэтгүүлчдийн бичсэн нийтлэлийг нягтлан уншиж, санал бодлоо ирүүлээрэй. Монгол мөрөөдөл биелэхэд хүн бүхний идэвх оролцоо, эрмэлзэл тэмүүлэл чухал билээ. 

 

БҮГДЭЭРЭЭ ХЭЛЭЛЦВЭЛ БУРУУГҮЙ

“Хятад хүний мөрөөдөл хамаагүй юм бол энэ чинь яаж Хятад мөрөөдөл болох юм бэ?”. Си Зиньпин даргын тунхагласан Хятад мөрөөдөлд 34 настай Ван Хай Юань ийм хариу барьжээ. Тэрбээр ингэж бодож буй ганц хүн биш гэдгийг хоёр жилийн өмнө урд хөршийн нийгмийн сүлжээний хамгийн том цахим хуудас болох “Weibo”-д өрнөсөн ширүүн хэлэлцүүлэг харуулсан юм. “Энэ Хятад мөрөөдөл юм бол би мөрөөдөхгүй байсан нь дээр юм байна”, “Байгаа оноогүй бодлого. Хятад хүн мөрөөдөлгүй бол Хятад гүрэн хүчирхэг байж чадахгүй”, “Энэ чинь хятад хүний биш Хятадын Засгийн газрын л мөрөөдөл байна ш дээ” мэтийн сэтгэгдэл 300 сая хэрэглэгчтэй “Weibo”-гоор хөвөрч байжээ. Энэ нь явсаар дэлхий нийтийн чихэнд хүрч,  “Forbes” сэтгүүлд “Хятад хүмүүс мөрөөдлөө өөрсдөө тодорхойлох хэрэгтэй” гэх нийтлэл гарсан байв. Си Зиньпиний Хятад мөрөөдлийг дэлхий даяар шагшиж, Америк мөрөөдлөөс хойших хамгийн нөлөө бүхий хөгжлийн бодлого хэмээн бахдаж байхад иргэд нь яагаад ийм онцгүй хүлээж авав аа? 

Урд хөршийн дарга маш няхуур байж, алсын хараатай, бодит бас хүчирхэг мөрөөдөл бий болгосон ч нэг л зүйлийг мартжээ. Тэр бол мэдээж ХҮН. Бүхэл бүтэн гүрний урт хугацааны хөгжлийн бодлогыг гаргаж байж иргэдийнхээ санал, хүсэл, мөрөөдлийг багтаахгүй, үл ойшоож яахин болох. Гэвч урд хөршийн эрх баригчдад үл ойшоох үндэслэл бий.

Нэгд, БНХАУ бол ардчилсан улс биш. Хоёрт, 1.3 тэрбум давсан хүн амтай энэ их гүрэн хүн бүрийн санаанд нийцэх бодлого гаргана гэвэл үлгэрийн далай болно. Харин бид тэднээс тэс өөр. Монгол Улс маань гуравхан сая хүнтэй, ардчилсан тогтолцоотой учраас иргэдийнхээ санал, хүсэл, эрмэлзлийг судалж, шингээж байж л бодит амьдрал дээр хэрэгжих бодлого, Монгол мөрөөдлөө өлгийдөн авах билээ. 

 

ТӨРИЙН ТАРХИ

Маргаашийг өнөөдрөөс илүү болгоход монгол хүн бүрийг уриалан дуудах Монгол мөрөөдлийг зөвхөн ухаалаг төр л бүтээж чадна. Гэтэл төрийн ухаан хаана байж болох вэ гэдэг асуулт урган гарч ирэх нь гарцаагүй. Үүнийг бичиглэгч бидний үзэж буйгаар төрийн ухаан буюу тархи нь судалгааны байгууллагууд юм. Тиймээс ч улс орон бүр судалгааны салбартаа ихээхэн мөнгө зарцуулж, судалгаанд суурилсан бодлого боловсруулахад анхаарч ирсэн биз ээ. Монголчууд ч үүний ач холбогдлыг мэдэрч, ойлгож эхэлсэн байна. 

Хэдэн жилийн өмнө Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс сонирхолтой санал асуулга явуулжээ. “Төрийн бодлого, шийдвэрүүд судалгааны үндэслэлтэй байх нь хэр чухал вэ?” хэмээн асуухад төрийн албан хаагчид 10-аас 9.6 оноо өгч, “асар чухал” хэмээн хариулсан байна. Гэтэл “Өнөөгийн байдлаар төрийн бодлого, шийдвэрүүд судалгаанд суурилан гарч чадаж байна уу?” гэж асуухад ердөө 4.7 оноогоор үнэлжээ. Өөрөөр хэлбэл, төрийн бодлого, шийдвэрүүдийг төрийн тархи буюу судалгааны байгууллагууд биш, харин улстөрчид, сайд нар маань хувийн эрх ашиг, үзэл бодлынхоо дагуу тодорхойлдог байх нь. Тиймээс ч төрийн бодлого, шийдвэрүүд бодит амьдрал дээр хэрэгжиж чаддаггүй ажээ. Үндэсний хөгжлийн цогц бодлогыг баталж, хэрэгжүүлээд долоон жил болоход стратегийн 105 зорилтын ердөө ганц хувь нь хэрэгжсэнд гайхах зүйлгүй юм. Энэхүү баримт бичгийг судлаачид биш, улстөрчид боловсруулсан учраас тэр.

 “Өөрийн гэсэн судалгааны байгууллагуудын судалгаанд тулгуурлаж бодлого боловсруулах нь өнөө маргаашийн эрх ашиг, хэсэг бүлгийн явцуу сонирхлоор бус, улс орны эрх ашигт нийцүүлж ажиллах суурь нөхцөл юм” хэмээн Үндэсний хөгжлийн хүрээлэнгийн захирал Б.Энхбайгаль “Ухаалаг төр ба судалгаанд суурилсан бодлого” нийтлэлдээ бичжээ (Энэ тухай news.mn цахим хуудаснаас уншина уу). Герман улсад л гэхэд бодлогын судалгааны 135 хүрээлэн байдаг бөгөөд томоохон хүрээлэнгүүд нь бүгд төрөөс санхүүждэг тухай тэрбээр тэмдэглэсэн байна. Тэгвэл АНУ-д энэ чиглэлээр 1500 орчим хүрээлэн ажилладгийн нэлээдийг Засгийн газар нь санхүүжүүлдгийг Б.Энхбайгаль нийтлэлдээ онцолжээ.

Чинээлэг орнуудын клуб хэмээн олны танил болсон Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын гишүүн орнууд 2013 онд судалгаа, шинжилгээний ажилд ДНБ-ийхээ 2.4 хувийг зарцуулсан байгаа юм. Үүнээс Израил хамгийн их буюу ДНБ-ийхээ 4.2 хувь, БНСУ 4.1, Япон З.5 хувьтай дүйцэх хөрөнгийг гаргажээ. Гэтэл Монгол Улсад энэ үзүүлэлт ДНБ-ий 0.2 хувьд хүрэхтэй, үгүйтэй байгаа нь хэтэрхий чамлалтай. Сүүлийн 10 жилийн хугацаанд төсвийн зарлага 10 дахин тэлсэн байтал төрөөс өөрийн тархийг тэжээх тал дээр анхаарч чадаагүй байна. Сайн мэдээ гэвэл, үүнийг үл харгалзан үндэсний судалгааны байгууллагууд чадавхжиж, судлаачид маань чадваржсан байгаа юм.

Тухайлбал, УИХ-ын захиалгаар Үндэсний хөгжлийн хүрээлэнгээс “Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлого, 2015-2040” төслийг боловсруулахдаа асар их судалгаа хийсэн тухай өмнөх нийтлэлдээ бичсэн билээ. Тэд энэ ажилдаа бүх яамдын төлөөллийг оролцуулснаар өргөн цар хүрээг хамарсан байна. Мөн Үндэсний хөгжлийн цогц бодлого яагаад хэрэгжиж чадаагүйд үнэлэлт, дүгнэлт хийснээрээ өмнөх алдаагаа давтахгүй байх нөхцөлийг бүрдүүлжээ. Энэ удаад Монголын алсын харааг тодорхойлохдоо дотоод нөхцөл байдал, нөөц боломждоо шинжилгээ хийсний зэрэгцээ гадаад орчин, түүнээс хамаарах эрсдэл зэргийг ч нарийн тооцоолсон байна. Ингэхдээ 150 гаруй уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулж, олон талын саналыг тусгаснаа Б.Энхбайгаль тайлбарласан юм. Үүний зэрэгцээ Арабын нэгдсэн Эмират, Израил, Индонези, Катар, Уганда, Танзани зэрэг баян, ядуу янз бүрийн орны хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичгүүдийг харьцуулан судалснаар бусдын алдаа, онооноос сургамж авч чаджээ. Гэвч одоогоор нэг л чухал хэсгээ мартчихаад байгааг сануулах юун.

 

ХҮНИЙ ТАРХИ

Хөгжлийн урт хугацааны бодлого нь хүн рүүгээ чиглэсэн, хүн бүрт хүртээмжтэй байх шаардлагатайг Б.Энхбайгаль тэмдэглэсэн юм. Тиймээс ч судлаачид маань монгол хүний амьдрал, амьжиргааг дээшлүүлэх арга замыг дээд зэргээр эрэлхийлжээ.  “Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлого, 2015-2040” төсөлд ердөө таван үндсэн чиглэл тусгасны хоёр нь хүн рүүгээ шууд хандсан гэхэд болно. Тодруулбал, нэгдүгээр чиглэлд “Монгол хүнийг хөгжүүлж, өндөр мэргэшсэн ажиллах хүчтэй болж, бүтээх чадавхыг өсгөнө” гэсэн бол тавдугаар чиглэлд “Хөгжлийн гол хөдөлгөгч хүч болох дундаж давхаргыг өргөжүүлж, нийт иргэдийн аюулгүй орчинд эрүүл энх, сайн сайхан аж төрөх нөхцөл боломжийг дээшлүүлэх” гэж заажээ. Энэхүү төслийг УИХ-ын гишүүдэд танилцуулж, тэдний дунд таван ч удаа хэлэлцүүлэг хийж амжсан боловч энгийн иргэдэд мэдээлэл хүрэхгүй байгаа нь харамсалтай. Монгол хүнийг хэрхэн сэтгэл хангалуун, аз жаргалтай амьдруулах тухай эрэл эзнээ тойрон эргэлдээд байх шиг. 

Хөгжлийн урт хугацааны бодлого нь хүн рүүгээ чиглэсэн, хүн бүрт хүртээмжтэй байх шаардлагатай

Өнгөрсөн хавар болсон Монголын эдийн засгийн форумын “Монгол Улсын алсын хараа” сэдэвт хэлэлцүүлгийн үеэр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт урт хугацааны хөгжлийн бодлого зайлшгүй шаардлагатайг хэлснийхээ дараа “Гэхдээ үүнийг олон хүн яриад гаргаж ирнэ гэдэгт би эргэлзэж байна. Харин маш хүчтэй лидер, түүний баг боловсруулж гаргах ёстой” гэж байв. Бид хэрвээ Хятад шиг тэрбум давсан хүнтэй, социалист улсад байсан бол түүний хэлсэн зөв болох байсан болов уу. Гэтэл монголчууд бид гурван саяулахнаа шүү дээ. Үүнийг өөнтөгч нүдээр харвал хүн ам цөөтэй, сул дорой, зах зээл багатай болж таарна. Нөгөө талаас, нэг тэрбум хүнийг нэг санаанд зангидах, гурван сая хүн нэг зүгт тэмүүлэхийн хооронд асар их ялгаа бий. Өргөн уудам газар нутаг, асар их байгалийн баялаг, арвин мал сүрэгтэй гурван сая монгол хүн санал бодлоо нэгтгэж, нэг мөрөөдөлтэй болж байж л амжилтад хүрэх бус уу?
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг засгийн эрхийг авсныхаа дараахан эдийн засгийн хүндрэлийг давах тал дээр иргэдийнхээ саналыг авч байсан. Бид цөөхүүлээ учраас Засгийн газрын тэргүүндээ мессеж илгээчхэж болдгийг тэгэхэд мэдэж авсан. Чухал бодлого, шийдвэр гаргахдаа олон нийтийн саналыг тусгадаг ийм тогтолцоог шууд ардчилал гэдэг бөгөөд манайх шиг цөөн хүн амтай Швейцарь туйлын амжилттай хэрэгжүүлж ирсэн байдаг. Энэ улс нийтийн тээврийн үнийг нэмэх, эсэхээс эхлээд татварын хэмжээг өөрчлөхдөө ч иргэдийнхээ саналыг даруйд нь авч, бодлогодоо шингээдэг тухай бид ханатлаа сонсдог шүү дээ. Хүн ам багатай Скандинавын орнууд ч ийм замаар бодлого, шийдвэрээ гаргадаг учраас л хүн амьдрахад хамгийн таатай газар болж чадсан билээ. 

Эцэст нь, Хятадын замаар замнавал хөгжлийн урт хугацааны бодлого маань монгол хүний биш, Монголын төрийн мөрөөдөл л болж хувирах нь. Энэ маань хүн бүрийн тархинд шингэж, хүсэл тэмүүллийг нь бадрааж гэмээнэ Монгол мөрөөдөл болж чадахыг энэхүү цувралын өмнөх нийтлэлүүдэд ч бичсэн. Үүний тулд мэдээж хэрэг иргэдийнхээ санал, хүсэлтийг хамгийн түрүүнд авах хэрэгтэй биз ээ. Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй гэдэг дээ. 

Үргэлжлэлийг маргааш хүлээн авна уу

Өгүүллийг: Ж.Тэгшжаргал, Д.Мөнхчимэг