УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны зургадугаар сарын 23-ны хуралдаанаар бэлгийн замын халдварт өвчний өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний талаар хаалттай хуралдаж байхтай зэрэгцэн манай сурвалжлах баг Монголын дорнод хязгаарыг зорилоо.
Улсынх нь баялаг болсон хүн ард яр өвчиндөө баригдчихаад байхад УИХ хаалттай хуралдаж сүржигнэхээсээ урьтаад мэдээллээ ил тод зарлавал яасан юм бэ. Ингэж гэмээ нь хүмүүс нэгийг бодож, хоёрыг тунгаах бус уу. Ямартай ч бидний цувралаар хүргэж буй “Улаан тарианы үе эргэн ирлээ” нийтлэл шийдвэр гаргагчдын сонорт хүрч эхэлсэнд таатай байна. Энэ талаарх УИХ-ын шийдвэр, салбарын яам ямар бодлого баримталж ажиллах талаар бид эргэн мэдээлэх тул энэ асуудлыг ингээд орхиё.
Дорнод аймаг бэлгийн замын халдварт өвчний тархалтаараа сүүлийн арван жил улсдаа “толгой цохиж”, нөхөн үржихүйн насны 10 мянган хүн тутмынх нь 70 гаруй хувь нь тэмбүүтэй гэх статистик бий. 10 жил ингэж цоллуулж буй хэрнээ яагаад өвчтэй хүмүүсээ эмчилдэггүй, бас тэдэнтэй тэмцдэггүй юм бол. Яагаад, яагаад гэх асуултын хариултыг хайхаар, учир шалтгааныг нь тодруулахаар тус аймгийн зүг хүлгийн жолоо залсан нь энэ.
Автобусаар 13 цаг давхисаар 22.00 цаг өнгөрч байхад Хэрлэн суманд ирэв. (Үндсэн хуулийн дагуу 1994 оны долдугаар сарын 1-нээс Чойбалсан хотыг ийн нэрийдэж буй). Эндхийн зочид буудлууд нь хүн олонтой, ажлын өдрүүдэд ч өрөө олдох нь ховор аж. Үнэ хөлс нь ч тэнгэрт “хадчихсан” юм билээ.
Дорнод аймаг Улаанбаатар хотоос 655 км алслагдсан, 13 сумтай, 75 мянга орчим хүн амтай зах хязгаар нутаг. Төвдөө 45 мянган хүн ажиллаж, амьдардаг юм байна. Тэдний 80 орчим хувь нь нөхөн үржихүйн насныхан аж. Хэрлэн суманд Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Өрхийн эрүүл мэндийн гурван төв, хоёр салбар ажилладаг.
Манайд бэлгийн замаар дамжих халдварт өвчин сүүлийн 10 жил улс, аймгуудын дунджаас хоёроос, гурав дахин өндөр байгаа.
“Манайд бэлгийн замаар дамжих халдварт өвчин сүүлийн 10 жил улс, аймгуудын дунджаас хоёроос, гурав дахин өндөр байгаа. Нууж хаагаад байх зүйлгүй ээ” гэсээр аймгийн Эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга Р.Уранчимэг биднийг угтав. Тэрбээр “Бид 2013-2015 онд бэлгийн замын халдварт өвчин, тэр дундаа тэмбүүтэй түлхүү тэмцэж байна.
Эл өвчнийг устгах зорилт тавин, ЗДТГ-таа энэ талаар санал оруулж, 2013 онд Орон нутгийн хөгжлийн сангаас 20 сая төгрөг гаргуулж, зөвхөн тэмбүүтэй хүмүүсийг илрүүлж, эмчилсэн. Нийт 14,306 хүн үзэхэд 777-гоос нь яр өвчин илэрсний 165 нь шинээр өвчин авсан байсан. Төсөв хүрэлцэхгүй байсан учраас өвчтэй хүмүүсээс мөнгө гаргуулж, 118-ийг нь эмчилсэн.
Бэлгийн замын халдварт өвчнийг илрүүлэх үзлэг хийнэ гэвэл хүмүүс тийм ч дуртай оролцохгүй. Тиймээс бид аянаа “Эрүүл цус” гэж нэрлээд ЗДТГ-ын ажилтнууд, төрийн алба хаагчдыг эхлээд үзлэг, шинжилгээнд хамруулж, олон нийтийг уриалахад хүмүүс дуртай байсан шүү. Энэ ажлыг ганц жил зохион байгуулаад үр дүнд хүрэхгүй нь ойлгомжтой. Тав, арван жил ийм компанид ажил өрнүүлж гэмээнэ энэ муухай өвчнөөс бүрэн ангижирна” гэж ярив.
Дараа жил нь буюу 2014 онд тэд “Эрүүл цус” аянаа үргэлжлүүлэх гэсэн боловч ЗДТГ Төсөв байхгүй” гэсэн шалтгаанаар мөнгө гаргаж өгөөгүй аж. Тиймээс тус газрынхан төрийн албан хаагчдаас 1,000, ажилгүй хүмүүсээс 500, уул уурхайн компаниудын ажилчдаас 5,000 төгрөг хандиваар цуглуулж, цөөн хэдэн оношлууруудаа ашиглан, “Эрүүл цус-2” аянаа эхлүүлжээ. Ингээд нийт 18,842 хүнийг үзлэг, шинжилгээнд хамруулахад 1,237 хүнээс тэмбүү илэрсний 192 нь мөн шинээр халдвар авсан нь оношлогджээ.
Тэдний 148-ыг нь эмчилсэн гэнэ. “Энэ ажил нэлээд ахицтай явж байтал сүүлийн гурван жил тэмбүүтэй хүүхэд төрөх болсон. Ийм хүүхдүүд амьдрах чадваргүй, зарим нь амьгүй, олонх нь дутуу төрдөг. Үүнийг хайхрахгүй орхиж хэрхэвч болохгүй. Тиймээс 2015 онд ЗДТГ-таа дахин санал тавьж, төсөл бичсэний дүнд бидэнд 17.7 сая төгрөг өгсөн. Энэ мөнгөөрөө өнгөрсөн тавдугаар сараас “Эрүүл цус-3” аянаа эхлүүлээд ажил ид явж байна.
Тус газрынхан энэ аянаа наанадаж таван жил хийх шаардлагатай гэж үзэн 138 сая төгрөгийн санхүүжилт бүхий төсөл бичиж, аймгийн ИТХ-ын Бодлогын хороонд өгчихсөн байгаа аж. ИТХ шаардлагатай хөрөнгө баталж өгнө гэж найдаж байгаа. ЗДТГ, ИТХ биднийг дэмжиж, эрүүл мэндийн байгууллагынхан энэ өвчинтэй тэмцэж байна” гэж холбогдох мэргэжилтнүүд ярина лээ. Таны ертөнцийг өөрчилнө.
Дорнодод бэлгийн замын халдварт өвчтэй хүмүүс яагаад ийм олон байдаг юм бол? Бусад аймгаа бодвол уг нь нийгэм, эдийн засаг, газар зүйн байрлалын хувьд өвөрмөц онцлогтой. Урагшаа БНХАУ, хойшоо ОХУ-тай хиллэдэг.
Хилийн олон боомт байдгаас газрын тос олборлох, хайх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн долоон компани тэнд бий. Хамгийн томыг нь дурдвал, Монголын газрын тосны бүтээгдэхүүний экспортын 90 орчим хувийг дангаараа олборлож буй “Петро Чайна дачин Тамсаг”-ийг хүмүүс андахгүй биз ээ.
Тус компанид гэхэд 5,000 орчим хүн ажилладаг. Олонх нь түр оршин суугчид буюу ирж, буцдаг “нүүдлийн шувууд”.
Уул уурхайн компаниудын ажилчдын олонх нь нөхөн үржихүйн насны ганц бие хүмүүс байдаг гэнэ.
Тэдний 2,000 гаруй нь хятад иргэн аж. Аймгийн эрүүл мэндийн байгууллагынхан тэнд ажилладаг 5,000 битгий хэл монгол ажилчдынхаа ч эрүүл мэндийг үзэж, шинжилж, хянадаггүй. Тэгэх эрхгүй учраас асуудал ямар байх нь ойлгомжтой биз ээ.
Тус аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн “Петро Чайна дачин Тамсагийн ажилчид орон нутгаас эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ огт авдаггүй.
Үзлэг, шинжилгээгээ Улаанбаатар хотод хийлгэдэг. Энэ жил Эрүүл мэндийн газрынхан “Та нар манай нутагт үйл ажиллагаа явуулж буй учраас эндээсээ эрүүл мэндийн тусламж авах ёстой” гэж албадах нь холгүй байж 800 гаруй монгол ажилчнаа шинжилгээнд хамруулсан. Цаашид тэнд ажиллаж буй хүн бүрийг аймгийнхаа эмнэлгийн хяналтад авна” гэж хэлэв.
Уул уурхайн компаниудын ажилчдын олонх нь нөхөн үржихүйн насны ганц бие хүмүүс байдаг гэнэ. Тэд cap, жилээр соёлт ертөнцөөс алслагдан амьдардаг тул нутгийн охид, бүсгүйчүүдтэй холбоо сүлбээ тогтоодог байна. Биеэ үнэлэгчид “Тамсаг” руу очдог, тэднийг зуучилж, аваачдаг бүлэг этгээд ч бий гэх. Түүнчлэн цөөнгүй хятад иргэн монгол эмэгтэйтэй ханилан суух бодолтой байдаг тухай олны яриа үнэний ортой гэнэ шүү. Дээрээс нь ОХУ руу визгүй, БНХАУ руу чөлөөтэй орж, гардаг учраас гадаадын иргэд нүүдлийн шувууд шиг ирж, буцдаг бололтой.
Түүнээс гадна эндхийн гурван их, дээд сургуульд 3,000 гаруй оюутан сурч байна. Иймээс бэлгийн замын халдварт өвчин их байгаа гэж эмч нар хэлсэн. Хоёрдугаарт аймгийн төвд үйл ажиллагаа явуулж байсан таван том үйлдвэр зах зээлийн “шуурганд” үүдээ барьж, Дархан, Эрдэнэтийн дараа ордог гурав дахь том хот Чойбалсанд ажилгүй хүн олширсноос амьжиргааны түвшин нь дагаад урууджээ.
Тус аймгийн нийт хүн амд хөдөлмөрийн насныхан жин дарж байгаа ч 2013 оноос ажил эрхлэлтийн түвшин нь буурсаар 2014 онд 473 хувьд хүрч Өдгөө аймгийн хэмжээнд эрэгтэйчүүдийн 11.4, эмэгтэйчүүдийн 10.1 хувь нь ажилгүй байгаа юм байна. Тэднийг боловсролын түвшнээр нь авч үзвэл бүрэн дунд боловсролтой 27.1, МСҮГ төгссөн 27,суурь боловсролтой ажилгүй иргэд 25.4 хувийг эзэлж буй аж. Ажилгүй иргэдийн олонх нь 20-34 насныхан байгаагаас бүртгэлтэй ажилгүйчүүд 50.7 хувь гэсэн судалгаа харлаа.
Тэгсэн хэрнээ тэд Ажиллах хүч гадаадад гаргах, авах тухай хуулийн дагуу Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвөөс 2014 онд 3,009 хятад иргэн ажиллуулах зөвшөөрөл авчээ. Гэтэл аймагт өдгөө бүртгэлтэй хэрнээ ажилгүй 2,500 гаруй хүн байх.
Үүнийгээ “Гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд үйл ажиллагаагаа түр болон бүрэн зогсоосон, түүхий тос болон бусад ашигт малтмал олборлодог компаниуд гадаадаас ажиллах хүч оруулж ирсэн нь ажилгүй иргэдийн тоог нэмэхэд хүргэсэн” гэж холбогдох мэргэжилтнүүд тайлбарлав.
Ажилгүйдлээ дагаад архидалт ихсэж, зарим нь амь зуулгатайгаа үлдэхийн тулд баар, зочид буудлууд нээн ажиллуулснаар аймгийн төвд хүнсний дэлгүүрээсээ олон цэнгээний газартай болжээ. Эдгээр газар биеэ үнэлэх, архидах, бэлгийн замын халдварт өвчин тархах гол объект болж буйг аймгийн Цагдаа, Мэргэжлийн хяналтын газрынхан хэлж байна. Зочид буудлуудад бэлгэвч тараадаг ч хэрэглэж байгаа, эсэхийг хэн ч хянах боломжгүй аж.
Аймгийн хэмжээнд архидан согтуурах, биеэ үнэлэх байдал ямар байгааг лавлахаар Цагдаагийн газрыг зорилоо. Олон нийттэй харилцах ахлах байцаагч, хошууч Д.Ариунсанаа “Биеэ үнэлэгчдийг үзлэг, шинжилгээнд хамруулаад эхний удаа сануулга өгөөд явуулна.
Удаа дараа ийм үйлдэл гаргасныг нь хуулийн дагуу баривчилдаг байсан.
Аймагт “100 хувь бэлгэвч хэрэглэх хөтөлбөр” (2004 оноос) хэрэгжүүлж эхэлснээс хойш тэднийг саатуулахаа бүрмөсөн зогсоосон.
Архи, согтууруулах ундаа хэрэглэж буй хүний олонх нь бэлгийн замын ямар нэгэн халдварт өвчтэй байдаг.
7-30 хоногийн хугацаатай баривчлаад явуулчихдаг хууль эрх зүйн орчинтой болохоор ямар ч үр дүнгүй. Тэднийг баривчлах тусам улам дайжин, далд хэлбэрээр биеэ үнэлж, өвчин тараахад гол нөлөөлж байсан учраас энэ алхам нь зөв ч байж мэдэх. Тиймээс биеэ үнэл-дэг бүртгэлтэй хүмүүсээ тогтмол шинжилгээнд хамруулж, бэлгэвч хэрэглэх дадалд сургах ажлыг түлхүү хийж байна. Ийм 110 хүн албан ёсоор бүртгэлтэй байдаг.
Мөн хил дамнан биеэ үнэлдэг 30 гаруй хүн бий. Хасагдаж, нэмэгдээд л байгаа. Тэмбүү аймгийн хэмжээнд хаалга “балбах” түвшинд ирсний нэг шалтгаан нь архидалттай холбоотой. 2014 онд Эрүүл мэндийн газар манайд хүсэлт тавьснаар цагдаагийн байгууллагад эрүүлжүүлж, саатуулагдаж буй хүмүүсээс 10-аад хоногийн хугацаанд бэлгийн замын халдварт өвчнийг илрүүлэх шинжилгээ хийсэн юм. 400 гаруй хүний олонх нь тэмбүү, бэлгийн замын бусад халдвартай гэж гарсан.
Аймгийн Цагдаагийн газар өдгөө “Зочид буудал” нэгдсэн арга хэмжээ зохион байгуулж, буудлуудад шалгалт хийж буй гэнэ. Хувь хүн зочид буудал ажиллуулж, стандартын шаардлага хангахгүй орон сууцны өрөөнүүдэд ийм үйлчилгээ эрхэлж, хүмүүс тэнд нь бүлэглэн архидаж, биеэ үнэлж, мөрийтэй тоглох нь ихсэж байгаа учраас тэд Мэргэжлийн хяналтын газартайгаа хамтраад энэ ажлыг хийж байгаа аж. Аймгийн хэмжээнд архидан согтуурахтай тэмцэх өчнөөн ажил хийж байгаа ч буурахгүй байгааг тэд учирлаж байсан.
“Архи, согтууруулах ундаа хэрэглэж буй хүний олонх нь бэлгийн замын ямар нэгэн халдварт өвчтэй байдаг. Ялангуяа эмэгтэйчүүд. Өөрийгөө удирдан жолоодох чадваргүй болтлоо архи ууж буй хүн юун бэлгэвч хэрэглэх билээ, ойлгомжтой” гэж хошууч Д.Ариунсанаа хэлэв.
Алс хязгаар Дорнод нутагт байдал ийм байна. Дэд бүтэц, соёл урлаг, гадаад харилцаа нь бусад аймгийг бодвол илүү хөгжсөн нь тэднийг ийн буруу зүйл рүү татан оруулахад хүргэв үү. Эрүүл мэндийн байгууллагууд нь төсөвтөө боогдоод яст мэлхийн хурдаар ажиллах зуур тэмбүүтэй хүмүүсийнх нь тоо гэрлийн хурдаар нэмэгдэж байна. Жилдээ 70-100 гаруй жирэмсэн эх ийм өвчтэй нь оношлогдож, сүүлийн гурван жилд 10 гаруй хүүхэд тэмбүүтэй төрсөн байх юм. 2015 он гарсаар хоёр ч хүүхэд ийм оноштой төрснийг Эрүүл мэндийн газар бүртгэжээ.
2013, 2014 онд “Эрүүл цус” аяны хүрээнд ерөнхий боловсролын сурагчдыг үзлэгт хамруулахад нэг сургуулиас 1-2, заримаас нь 7-8 хүүхэд тэмбүүтэй гарчээ. Аймгийн хэмжээнд 15 сургуульд 13 мянга гаруй сурагч сурч буйгаас жилд дунджаар 50 га-руй нь ийм өвчин тусдаг гэж дуулаад чихэндээ ч итгэсэнгүй.
“Бэлгийн замын халдварт өвчний үзлэг хангалттай хийж чадахгүй явсаар энэ өвчнийг толгой “дээрээ” гаргачихсан. Одоо дийлдэхээ болилоо. Урьдчилан сэргийлэх үзлэг жил бүр хийдэг байсан бол ингэтлээ жолоогоо алдахгүй байсан” гэж эмч нар халаглаж байна. Эрүүл мэндийн салбарынхан сүүлийн гурван жил эл өвчинтэй тэмцээгүй биш тэмцсэн. Үзүүлэлт нь буурахгүй байгаа нь хүмүүс өвчнөө бүрэн эмчлүүлдэггүй, дахин тусаж байгаатай холбоотой гэнэ.
Тиймээс иргэдийн идэвх санаачилга, мэргэжлийн хяналт, цагдаагийн байгууллага гээд салбар хоорондын хамтын ажиллагаа маш чухал гэдгийг хэлж байлаа.
Ямартай ч тэд өнөө жил үзлэг, шинжилгээнд огт хамрагдаагүй хүмүүсээ эхний ээлжинд үзэх аж. Эцэст нь хэлэхэд эрчүүд нь жудагтай, хүүхнүүд нь журамтай байсан бол монголчууд энэ өвчинд ингэтлээ хэмлүүлэхгүй байсан биз ээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!