Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/07/03-НД НИЙТЛЭГДСЭН

Нэг ээж өөрийнхөөсөө гадна дөрвөн хүүхэд хараад цалин авдаг болно

А.Төгөлдөр, iKon.mn
2015 оны 7 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Б.Бямба-Очир

УИХ дахь Эмэгтэй гишүүдийн бүлгээс өчигдөр батлагдсан Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн талаар мэдээлэл хийлээ. Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль батлагдсанаар 2016 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс үйлчилж эхлэх юм.

Уг хуулийн талаар УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл “Энэ хууль батлагдсаанр Монгол Улсын иргэн хүүхэд харах үйлчилгээг хэрэгжүүлэх боломжтой болж байна. Аж ахуйн нэгжүүд хүүхэд харах ямар нэгэн байгууллага байгуулах юм бол тэр нь одоогийн мөрдөгдөж байгаа цэцэрлэгийн стандарт бүхий боловсролын байгуулага байна. Хүүхэд харах үйлчилгээ бол цэцэрлэгтэй өрсөлдөхүйц хэмжээний боловсролын байгууллага биш юм. Гэхдээ гэртээ түгжигдээд байгаа хүүхдүүдийг эзэнгүй орхихгүйн тулд харж хамгаалах аюулгүй байдлыг нь хангах зорилготой. Монгол Улсын нэг иргэн таваас илүүгүй хүүхэд харна, гурван хүүхэд харагч нийлээд 15 хүүхэд харах боломжтой.  Энэ тохиолдолд хүүхэд харах үйлчилгээний байранд 15-аас ихгүй хүүхэд байна. 

Нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг, хилийн цэрэг, уул уурхайн байгууллага зэрэг улирлын чанартай ажиллаж амьдардаг хүмүүст зориулаад явуулын хүүхэд харах үйлчилгээ бий болгох заалт оруулсан байгаа. Явуулын үйлчилгээг төв суурин газарт ялангуяа хотод явуулахыг хориглосон. 

Хүүхэд харах үйлчилгээний ерөнхий стандартыг Засгийн газар батална. Хүүхэд харагч нь тусгай сургалтад хамрагдаж сертификат авсан байна. Сургалтыг ХАХНХЯ-наас зохион байгуулна. 

Хүүхэд харах сургалтад хамрагдсан Монгол Улсын иргэн аймаг, дүүргийнхээ Засаг даргынхаа зөвшөөрлийг авахаар тусгасан байгаа. 
Санхүүжилтийн тухайд Засгийн газар өөрийн төсөв хөрөнгөд багтаагаад тухайн жилд хэдэн хүүхэд харах үйлчилгээг санхүүжүүлж чадах вэ гэдэг тоогоо товолно. Энэ товолсон тоогоо орон нутгуудад квотолж зохион байгуулна. 

Хүүхэд харах үйлчилгээнд хүүхдийн аюулгүй байдал, эрүүл өсөж торних, зөв хооллох, унтаж амрах, тоглох үйлчилгээнүүдийг заавал оруулсан байх ёстой. Мөн бие засах газар, гал тогоо нь тусдаа байх ёстой гэсэн шаардлагууд тавьж байгаа. 

Түүнчлэн хүүхэд харах үйлчилгээ эрхэлж байгаа байранд өөр төрлийн үйлчилгээ явуулахыг хориглоно. Өөрөөр хэлбэл тухайн иргэн өөрийн амьдардаг гэртээ хүүхэд харах үйлчилгээг эрхэлж болохгүй гэсэн үг. 

Хэрэв орон сууц, гэрт зохион байгуулах бол тусдаа талбайтай байна. Тэр тусдаа талбайд нь хүүхэд асруулж хамгаалуулна. 
Дээрх мэдээллийг өгсөний дараа эмэгтэй гишүүд сэтгүүлчдийн асуултад хариулсан юм. 

-Орон байрны талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу. Сонгинохайрхан дүүрэгт жишээ болгоод хүүхэд харах үйлчилгээний байр барьсан байгаа. Түүн шиг байр байх ёстой гэсэн үг үү?

С.Одонтуяа: -Орон сууцанд амьдардаг иргэд хүүхэд харах үйлчилгээг явуулахдаа өөрийнхөө амьдарч буй хэсгээс тусдаа талбай бий болгоно. Нэг өрөө орон сууц байсан ч харах хүүхдэдээ зориулаад тусдаа талбай бэлтгэсэн байх ёстой. Өөрийнхөө гал тогоо, унтаж амардаг хэсэгтээ цуг байна гэсэн үг биш юм. Тусдаа байр, талбай бэлдэнэ. 

Д.Эрдэнэчимэг гишүүний санаачилж байгуулсан хүүхэд харах үйлчилгээний байр бол байж болно. Иргэд тусдаа байр түрээслээд эсвэл өөрийнхөө эзэмшлийн тусдаа байранд энэ үйлчилгээг эрхэлж болох юм. Гэхдээ нэг хүн 3-5 хүүхэд харна, гурван хүн нийлээд харж байгаа хүүхдийн тоо 15-аас хэтрэхгүй байна. 

Ингэж  хязгаарласнаар бид хүүхэд харах үйлчилгээг төрийн болон хувийн цэцэрлэгээс зааглаж өгөхийг зорьсон юм. Энэ бол хооронд нь өрсөлдүүлэхгүй байх хоёр өөр үйлчилгээ юм.  Хүүхдийн тоо үүнээс их болбол аж ахуйн нэгж байгуулаад хувийн цэцэрлэг нээх эрх нь нээлттэй. 

Гэр хороололд амьдардаг хүмүүсийн хувьд хүүхэд харах үйлчилгээг өөрийн амьдарч буй гэртээ зохион байгуулж болохгүй. Харин хашаандаа тусдаа гэр бариад, 3-5 айл нийлээд хүүхэд харах үйлчилгээг явуулж болно

-Ийм үйлчилгээ авч байгаа эцэг эхчүүд хүүхдийг нь харж байгаа хүмүүст ямар журмаар төлбөрийг нь төлөх вэ?

-Хүүхдийн хувьсах зардлыг улсаас өгнө. Үүнийг бид санхүүгийн дэмжлэг гэж хуулиндаа тусгасан байгаа. Эцэг эхтэй нь тохирсоны үндсэн дээр тухайн эцэг эхчүүд хүүхдийнхээ хоолны мөнгө болон багшийнх нь цалин дээр хэдэн төгрөг нэмж өгөх эрх нь нээлттэй байгаа. Харин дээд хязгаарыг нь Засгийн газраас батална. 

Мөн улсаас санхүүжилт авахгүйгээр яг энэ стандартынх нь дагуу улсын хяналтан доор энэ үйлчилгээг эрхлэх хүсэлтэй иргэд байгаа. Үүнийг хуулинд нээлттэйгээр тусгаж өгсөн. Хүүхэд харах үйлчилгээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд нас харгалзахгүй гэж заасан. 

-Нэг хүүхдэд ногдох хувьсан зардал хэд байх вэ?

Д.Оюунхорол: -Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулиар нэг хүүхдэд ногдох хувьсах зардлыг улсын цэцэрлэгийнхтэй адилхан байхаар шийдвэрлэсэн. Цэцэрлэгийн хүрэлцээ, хангамжийг төр шийдэж чадахгүй байгаа учраас  энэ асуудлыг шийдэх мөн тодорхой ажлын байруудыг бий болгох үүднээс хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг санаачилсан юм. Энэ хууль батлагдсанаар маш олон хүүхэд гэртээ цоожлуулдаг бус цэцэрлэгт хамрагдах боломж бүрдэж байна. 

Хамгийн гол нь энэ хууль батлагдахад хөдөө орон нутаг тэр дундаа багийн иргэд хамгийн ихээр баярлаж байгаа. Яагаад гэвэл аймаг, суманд л цэцэрлэг байдгаас бус багт энэ төрлийн үйлчилгээ огт байдаггүй. 

-Хүүхдэд зориулсан талбай нь ямар хэмжээтэй байх вэ. Тэдээс тэдэн метр квадрат байна гэсэн тодорхой тоо байна уу?

-Их хурал дээр батлагдсан хуулийн журмыг Засгийн газар баталдаг. Тиймээс УИХ-ын чуулганаар Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг баталлаа. Харин дагаж мөрдөх журмыг нь одоо Засгийн газар батална. 

Л.Эрдэнэчимэг: Хүүхэд харах үйлчилгээг практик дээр хэрхэн хэрэгжүүлэх вэ гэдгийг Сонгонохайрхан дүүрэгт бид туршсан. Тус дүүргийн иргэдийн 80 хувь нь гэр хороололд амьдардаг. Ер нь хаана цэцэрлэг дутмаг байна вэ гэвэл гэр хороолол шүү дээ. Тиймээс хүүхэд харах үйлчилгээг гэр хороололд яаж зохион байгуулах вэ гэдгийг тус дүүрэгт жишиг төв байгуулан туршсан юм.

Өөрсдөө хүүхэдтэй гурван ээж тус бүр өөрийн хүүхдээс гадна дөрвөн хүүхэд аваад гэр хороолол дунд байдаг айлын байшинг сарын 300 мянган төгрөгөөр түрээслэсэн. Ингээд бүх зардлаа тооцоход нэг хүүхдэд сард 170 мянган төгрөг ногдохоор тооцоо гарсан. Үүнд гурван ээж тус бүрийн цалин болох 400 мянган төгрөг, хүүхдийн хоол, ус цахилгааны төлбөр, түрээс зэрэг бүгд багтсан. 

Өнөөдөр улсаас нэг хүүхдийн хувьсан зардалд 116 мянган төгрөг өгдөг. Хэрэв улсаас ийм хэмжээний мөнгийг хүүхэд харах үйлчилгээ эрхэлж байгаа иргэнд өгчих юм бол эцэг эхчүүдээс хамгийн багадаа 50-60 мянган төгрөгийн зардал гарах юм. Орон сууц юм уу, гэр түрээслээд үйл ажиллагаа явуулахад нэг хүүхэд  ногдох талбайн хэмжээг 2 метр квадратаас багагүй байх ёстой гэж Засгийн газраас гаргах журманд оруулна. Одоо мөрдөгдөж байгаа стандартаар цэцэрлэгийн нэг хүүхдэд 5 метр квадрат талбай ногдож байгаа. Улсын цэцэрлэг бол энэ стандартаа барьж чадахгүй байгаа.  

Эх сурвалж: www.mongolnews.mn