Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/07/03-НД НИЙТЛЭГДСЭН

Цуур хөгжмийн гайхамшгийг ирээдүй хойчид өвлүүлэх "МОНГОЛ ЦУУР" төсөл эхэллээ

Д.Эрдэнэцэцэг, iKon.mn
2015 оны 7 сарын 3
iKon.MN

Хан-Уул дүүргийн Соёлын ордонд өнөөдөр “Монгол цуур” төслийн нээлт боллоо. Энэхүү төслийг үндэсний ууган үйлдвэрлэгч АПУ хувьцаат компани санаачилсан бөгөөд энэ сарын 3-наас ирэх арваннэгдүгээр сарын 6-н хүртэл хэрэгжүүлэх юм байна.

Төслийн хамтран гүйцэтгэгчээр Хан-Уул дүүргийн ЗДТГ, тус дүүргийн Соёлын ордон ажиллах бөгөөд 2,000 гаруй сурагч, оюутныг цуур хөгжмийн сургалтад хамруулах аж.


“Монгол цуур” төслийн нээлтийн арга хэмжээнд АПУ компанийн Үйл ажиллагаа хариуцсан захирал Г.Энхбилэг, дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг, дүүргийн ИХТөлөөлөгчид болоод цуур хөгжим сурах хүсэлтэй хүүхэд багачууд тэдний эцэг эх хүрэлцэн ирсэн байлаа.

АПУ компанийн Үйл ажиллагаа хариуцсан захирал Г.Энхбилэг

Энэ үеэр АПУ компанийн Үйл ажиллагаа хариуцсан захирал Г.Эрдэнэбилэг,

-ЮНЕСКО 2009 онд яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет өвийн дэлхийн жагсаалтад монгол цуур хөгжмийг бүртгэсэн. Учир нь Монгол Алтайн Урианхайн цуур хөгжим, цуурдах урлаг нь мөхөж мартагдах хэмжээнд хүрсэн билээ.

Иймээс бид “Монгол цуур” төслийг хэрэгжүүлэхээр боллоо. Энэхүү төслийг хэрэгжүүлсэнээр цуур хөгжмийг ирээдүй хойч үедээ танин мэдүүлэх, цуур хөгжим суудлаачдыг идэвхжүүлэх зорилготой юм. Төсөл маань амжилттай хэрэгжинэ гэдэгт ихээхэн найдаж байна. Энэхүү төсөлд Хан-Уул дүүргийн 2,000 гаруй сурагч, оюутан хамрагдана гэлээ.

"Монгол цуур" төслийн багш Н.Санжаадорж

“Монгол цуур” төслийн нээлтэд ардын урлагийн “Жонон” хамтлаг уран бүтээлээ толилуулсан бөгөөд төслийн багш Н.Санжаадорж тус хамтлагтай хамтран цуур хөмжмийн уламжлалт татлага татаж, ирсэн зочдод сонирхуулав.

Н.Санжаадорж багшийн хэлсэнээр, цуур хөгжим нь 2,000 жилийн түүхтэй бөгөөд монгол цуур нь гурван нүхтэй гэдгээрээ ихээхэн онцлогтой гэнэ. Гарах аялгууны хувьд зэрлэг ан амьтан, гол горхи, салхины чимээ шиг ажээ.

ЦУУР ХӨГЖМӨӨС БҮДҮҮН, НАРИЙН, ЦАНГИНАСАН ГЭЭД МАШ ГОЁ АЯЛГУУ ГАРДАГ


“Монгол цуур” төслийн нээлтэд 114 дүгээр сургуулийн 7а ангийн сурагч А.Билгүүндалай, 7 дугаар сургуулийн 7г ангийн сурагч Т.Тэлмүүн нар ирсэн байв. Тэдэнтэй цөөн хором ярилцлаа.

-Та хоёр цуур хөгжмийн талаар хэр их мэдэх вэ?

-“Монгол цуур” төслөөс өмнө тийм ч сайн мэддэггүй байсан. Харин энэ төсөлд хамрагдаж эхлээд цуур хөгжим тоглож сурахаар шийдээд байна. 

-Цуур хөгжим тоглож сурахад хэр хүндрэлтэй байна вэ?

-Нэлээд их авъяас шаардагдах шинжтэй. Амаараа үлээдэг болохоор хүч их шаардана. Бид уг нь морин хуурын дугуйланд явдаг. Энэ хөгжим морин хуураас тэс өөр юм байна гээд л яриад сууж байлаа.

-Цуур хөгжмөөс гарах аялгуу үнэхээр өвөрмөц юм байна. Та нарт хэр их таалагдаж байна даа. Цаашид энэ хөгжмөөрөө хичээллэнэ гэж бодож байна уу?

-Аялгуу, эгшиг нь яг л хөдөө нутаг шиг санагдсан. Бүдүүн, нарийн, цангинасан гээд нэг л тийм гоё дуу, аяллгуу гардаг. Цуур хөгжмөөр цаашид ч хичээллэх болно. Маш их таалагдаж байгаа. 

"МОНГОЛ ЦУУР" төслийн нээлт