Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/07/04-НД НИЙТЛЭГДСЭН

МАЙКЛ МЭТИССЭН: Гурван сая атлаа 53 орны лидерүүдийг цуглуулах гэж байгаа нь бахархал

Т.Энхбат, Өнөөдөр сонин
2015 оны 7 сарын 4
ӨНӨӨДӨР
Зураг зураг

Европын холбооны гадаад харилцааны албаны АСЕМ-ийн асуудал хариуцсан ерөнхий зөвлөх Майкл Мэтиссэнээр ахлуулсан Европын холбооны төлөөлөгчид өнгөрсөн өдрүүдэд манай улсад айлчлав.

Тэд 2016 оны долдугаар сарын 15-16-нд манайд зохион байгуулах АСЕМ-ийн дээд хэмжээний 11 дэх удаагийн уулзалтын бэлтгэл ажилтай танилцах, зөвлөгөө өгөхөөр иржээ. Мөн уулзалтыг амжилттай зохион байгуулахад Европын холбооноос Монгол Улсад үзүүлэх тусламжийг тодорхойлох зорилго тээсэн байна. Төлөөлөгчдийн ахлагч Майкл Мэтиссэн өчигдөр Гадаад хэргийн яамны “Зөвшилцөл” танхимд хэвлэлийн бага хурал хийж, айлчлал болон АСЕМ-ийн зохион байгуулалтын талаар мэдээлэл өглөө.

АСЕМ-ийн уулзалтыг анх 1996 онд Тайландын Бангкок хотод зохион байгуулахад 26 орон оролцож байлаа. 

Тэд АСЕМ-ийн бэлтгэл ажлын талаар Гадаад хэргийн яамны холбогдох газрууд, АСЕМ-ийг зохион байгуулах Үндэсний зөвлөлийн ажлын хэсгүүд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын холбогдох албаны хүмүүстэй ажлын уулзалт хийж, АСЕМ-ийн хотхон, “Шангри-Ла” зочид буудалтай танилцжээ.

АСЕМ-ийн уулзалтыг анх 1996 онд Тайландын Бангкок хотод зохион байгуулахад 26 орон оролцож байлаа. Ирэх жил АСЕМ-ийн уулзалтын 20 жилийн ой болно.


Хэвлэлийн бага хурлын үеэр Майкл Мэтиссэн Брюсселиэс Монгол руу хөдлөхийн өмнө хөлөө бэртээж, тэргэнцэр дээр сууж ирснээ тайлбарлаад “АСЕМ-ийн уулзалтад Европын 32 орон оролцдог. Тиймээс энэ уулзалтыг Европын холбоо онцгой анхаардаг” гэсэн юм. Ингээд тэрбээр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.

-Монгол Улсад ирэх жилийн зургадугаар сард улс төрийн сонгууль болно. АСЕМ-аас нэлээд өмнө юм уу, дараа нь сонгуулиа хийж болоогүй юм уу гэсэн санал бодолтой хүмүүс бий. Шинээр сонгогдсон хүмүүс учраа олохгүй байх болов уу гэсэн болгоомжлол байна. Энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?

-Бид сонгууль ирэх оны зургадугаар сард болно гэж ойлгож байгаа. Европын холбоо 28 гишүүн улстай. Тэдгээрт маш олон сонгууль болж байдаг. Үүний хажуугаар дээд хэмжээний уулзалт олныг зохион байгуулж байсан. Тиймээс сонгууль бэрхшээл учруулахгүй гэж үзэж байна.

Монголын тал сонгууль АСЕМ-д ямар нэг сөрөг нөлөө үзүүлэхгүй байх тал дээр сайн ажиллаж байгаа. Харин ч бидэнд ардчилсан сонгууль болоод удаагүй байгаа нутагт ирнэ гэдэг сонирхолтой санагдаж байна. Өгөөжтэй байх болов уу.

-2014 онд Миланд болсон АСЕМ-ийн чуулга уулзалтыг хэрхэн дүгнэж байгаа вэ?

-Миланд маш сайхан уулзалт хийсэн. Хятадын Ерөнхий сайд, ОХУ, Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч гээд улс орнуудын төрийн тэргүүнүүд бараг бүгд ирсэн. Хоёр өдөр болсон уулзалтаар нэлээд чухал асуудал ярилцаж чадсан. Зарим хүн Европ, Азийн хооронд ярих асуудал бага байдаг гэдэг. Хоёр тивийн хороонд ярилцах асуудал маш олон болсоор байна гэж бид үздэг.Үүнийг Миланы уулзалтын үеэр хөндсөн.

АСЕМ-ийн уулзалт улс төр, эдийн засаг, урлаг гэсэн гурван салбар хуралдаантай. Чиглэл чиглэлээрээ яаж хамтарч ажиллах тухайгаа ярьдаг.

АСЕМ-ийн уулзалт улс төр, эдийн засаг, урлаг гэсэн гурван салбар хуралдаантай. 

Өмнөх уулзалтын үеэр танай Ерөнхийлөгч болон бусад орны тэргүүнүүд уур амьсгалын өөрчлөлт, терроризм, хөгжил зэрэг тулгамдаж буй асуудлыг хэлэлцсэн. Мөн уулзалтаар хэлэлцсэн маш чухал асуудал бол Ази, Европын холбоосыг сайжруулах тухай байв. Холбоос гэдэг нь дэд бүтэц, зам харилцаанаас гадна хүмүүс хоорондын харилцааг хөгжүүлэх юм. Жишээ нь, оюутан солилцоо, аялал жуулчлал зэргээ хөгжүүлж, хүмүүс хоорондын харилцааг нэмэгдүүлэх талаар ярилцсан.

АСЕМ-ийг зохион байгуулж буй орон ямар асуудал хэлэлцэх, эсэхэд гол үүрэг рольтой оролцдог. Ирэх уулзалтаар хэлэлцэх гол сэдэв АСЕМ-ийн ирээдүйн тухай байх болов уу. АСЕМ дараагийн 10 жилд ямар байх вэ гэх мэт асуудлыг хөндөнө. Парламент, залуучууд, иргэний нийгмийнхнийг оролцуулаад АСЕМ ямар байх ёстойг тодорхойлох ёстой.

-Монгол Улс АСЕМ-ийг зохион байгуулахад Европын холбоо ямар тусламж үзүүлэх вэ?

-Дараа жилийн АСЕМ-ийн уулзалтыг амжилттай болгох тал дээр Европын холбоо туршлагаа хуваалцаж, техникийн туслалцаа үзүүлнэ.

Бид маш олон дээд хэмжээний уулзалт зохион байгуулсан туршлагатай. Зохион байгуулахаас гадна даргалж байсан. Бид орчуулга, хурлын зохион байгуулалтыг хэрхэн хийдэг туршлагаа хуваалцана.

-Монгол Улс АСЕМ-ийн уулзалтыг зохион байгуулахад юуг анхаарах шаардлагатай гэж та бодож байна вэ. Тухайлбал, иргэдийн зүгээс ямар хувь нэмэр оруулж болох вэ?

-Монгол Улс гурван сая хүн амтай мөртлөө 53 орны лидерүүдийг нэг дор цуглуулах хурлыг зохион байгуулж байгаадаа бахархах ёстой гэдгийн юун түрүүнд хэлье. Дэлхийн нийт хүн амын 60 хувийг эзэлдэг улсуудын төлөөллийн цуглуулах гэж байна шүү дээ. Миний ойлгож байгаагаар энэ бол Монгол Улсад анх удаа болж буй дээд хэмжээний уулзалт. Тиймээс уулзалтыг амжилттай болгоход хүн бүрийн тус дэм хэрэгтэй. АСЕМ цаашдаа яах вэ гэдгийг хэлэлцэнэ гэж түрүүн хэлсэн. Үүнд тал бүрийн санал санаачилга чухал.

Монгол Улсын иргэд АСЕМ гэдэг байгууллага цаашид ямар байх ёстой талаарх санал бодлоо өөр өөрийн сувгаар дамжуулан Засгийн газартаа ч юм уу, Ерөнхийлөгчийн Тамгын газарт хүргүүлэх хэрэгтэй. Саналаа нэмэрлэх нь том оролцоо болно. Парламент хоорондын, бизнесийн, иргэний нийгмийн гэсэн гурван салбар хуралдаан болно.

Салбар хуралдаан бүрт чиглүүлж, саналаа өгөх боломжтой. Мэдээж АСЕМ том уулзалт. Замын түгжрэлээс өгсүүлээд монголчуудад нэлээд сорилт тулгарна. Техникийн сорилтыг шийдэхэд аль аль талдаа анхаарах шаардлага бий. Уулзалтыг наадмын дараахан хийх учраас олон хүн амарчихсан байх болов уу. Уулзалт хийхээр сонгосон өдөр хоногуудаас өгсүүлээд техникийн сорилтуудаа шийдвэрлэж байна гэж ойлгосон.

Гурван салбар хуралдаанаас гадна Ази-Европын сангаас залуучуудын уулзалтыг зохион байгуулна. АСЕМ-ийн ирээдүйн талаар ярих учраас залуучуудын оролцоо маш чухал юм. Монголд 53 орны төлөөлөгч дагалдах хүмүүс, хэвлэл мэдээллийнхэнтэй хамт ирнэ. Дээд хэмжээний уулзалтыг сурвалжлахаар 1,000 орчим сэтгүүлч ирнэ.

Миланд ийм тооны сэтгүүлч ирж байсан. 1,000 сэтгүүлч Монголын тухай мэдээ дамжуулж сурталчилна. Энэ чуулга уулзалт бол Монголыг дэлхийд таниулах боломж юм. 1,000 сэтгүүлчийг ажлын нөхцөл, техникийн бололцоогоор хангах нь маш том ажил байдаг. Мөн хооллох гэж том асуудал бий. Бид “Сэтгүүлчдэд муугаар хандвал муу арга хэмжээ болдог” гэж ярьдаг. Тиймээс үүнийг хэвлэл мэдээлэл хариуцсан хүмүүст дуулгасан.

Зураг