Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/07/03-НД НИЙТЛЭГДСЭН

Сэтгүүлчийг гүтгэсэн зүйл ангиар яллах заалт эрүүгийн хуулиас хасагдлаа

Э.Дулам
2015 оны 7 сарын 3
Монголын мэдээ
Зураг зураг

УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Прокурорын байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэн батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг байнгын хорооны анхны хэлэлцүүлгээр баталсан юм. Долдугаар сарын 1-нд УИХ-ын гишүүн Д.Ганбатын өргөн мэдүүлсэн уг хууль ногоон гэрлээр шууд батлагдлаа гэхэд болно. 

Хуулийн төсөлд прокурорын байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг баталсан УИХ-ын 1993 оны 59 дүгээр тогтоолыг гарснаас хойш хугацаанд нийт долоон удаа нэмэлт, өөрчлөлт орсон байна. Тогтоолын нэгдүгээр хавсралтад прокурорын газрын нэрийг Дархан хот, Эрдэнэт хот, Чойр хот дахь прокурорын газар, прокурорын газрын байрших газрын нэрийг Цэцэрлэг хот, Өлгий хот, Булган хот гэм мэтээр заасан нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн агуулга, зохицуулалттай зөрчилдөж байгаа ажээ. 

Түүнчлэн өнгөрсөн сарын 19-ний өдөр батлагдаж, мөн энэ сарын 1-нээс дагаж мөрдөх Шүүх байгуулах тухай хууль /Шинэчилсэн найруулга/-тай зарим прокурорын газрын нутаг дэвсгэрийн харьяаллыг уялдуулах шаардлага үүсч байгаа аж. Тиймээс энэхүү хуулийн төслийг боловсруулж өргөн мэдүүлсэн юм.

Харин тогтоолын төсөл батлагдсанаар прокурорын байгууллагын зохион байгуулалт нь Шүүх байгуулах тухай хуультай уялдуулан нийцэж байгаа юм. Мөн эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг нэг мөр хангуулах, эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны хэвийн явуулах нөхцөл бүрдэж байгаа гэв.

Мөн энэ өдөр Эрүүгийн хууль болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-дахь МАН-ын бүлэг баялаг бүтээгчид, хувийн хэвшлийнхэнд 48 зүйл, заалтаар хариуцлага хүлээлгэх гэж байгааг дэмжихгүй гэсэн үндэслэлээр завсарлага авч байсан.

Харин ажлын хэсгийн төвшинд ярилцсаны үндсэн эрэл зургийг дээр хариуцлага хүлээлгэх зүйл, заалт болон торгуулийн хэмжээг бууруулъя гэсэн МАН-ын бүлгийн санал дэмжигдсэн байна. 

Эрүүгийн хууль болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 

Энэ талаар МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт чуулганы нэгдсэн хуралдааны үеэр байр сууриа илэрхийлсэн юм.

Тэрбээр "Эрүүгийн хуулийн төсөлд тусгаснаар 10,000-6,666,000 тооцооны нэгжтэй тэнцэх мөнгөөр хуулийн этгээдийг торгоно гэж тусгасан байна. 6,666,000 тооцооны нэгж гэдэг нь 13 тэрбум төгрөгтэй тэнцэж байгаа. Үүнийг бид ажлын хэсэг дээр ярьж байж торгох ялын  дээд хэмжээг 800 сая төгрөг байлгая. 20 дахин ялгаатай байгаа торгуулийн интервалыг ойртуулья гэж ярилцсан. Мөн 48 зүйл, заалтаар хуулийн этгээдэд торгууль ногдуулж, хариуцлага хүлээлгэхийг 23 болгож цөөрүүлье гэж ажлын хэсэг дээр ярьсан. Тийм болохоор хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийн үед энэ зүйл, заалтыг өөрчилж оруулж ирье гэдэг байдлаар протоколд тусгуулах нь зүйтэй” хэмээсэн юм.

Ингээд энэ өдөр анхны хэлэлцүүлгийн шатанд нам эвслийн бүлэг гишүүдээс гарсан 100 гаруй зарчмын зөрүүтэй санал хураалаа.

Гишүүд хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө хууль бус үйл ажиллагаа авуулсан хүнд оногдуулсан ялыг хуулийн этгээдэд давхардуулан оногдуулахгүй байх нь зүйтэй гэдэг дээр санал нэгдсэн юм. Өөрөөр хэлбэл, давхардуулж ял оноохгүй, ял халдаан хэрэглэхгүй гэж тогтсон юм. Харин зорчих эрхийг хязгаарлах гэдэг шийтгэлийн талаар гишүүд тодруулан асууж байлаа.

Ажлын хэсгийн гишүүдийн тайлбарласнаар, энэ нь гадаад руу зорчих эрхийг хязгаарлахтай хамааралгүй ажээ. Харин гэмт хэрэг үйлдсэн хүний тодорхой газраар явах, тодорхой байгууллага руу нэвтрэхийг хориглон, зорчих газрыг тодорхой заах тухай шийтгэл юм байна.

Тухайлбал, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн этгээдийг хохирогчийн ажил руу нэвтрэх, оршин суугаа газар руу нь ойртохыг хориглох ажээ. Үүнээс гадна энэ хууль тусгаад байсан сэтгүүлчийг бусдыг "гүтгэсэн" зүйл ангиар эрүүгийн хуулиар шийтгэх, хорих заалтыг Эрүүгийн хуулийн төслөөс хасах санал УИХ-аар дэмжигдлээ.

Энэ мэт 100 гаруй зарчмын зөрүүтэй саналаар санал хурааж дэмжсэн юм. Харин үүний дараа намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллын талаар хэлэлцсэн юм. Гишүүдийн хувьд өчигдөр өргөн мэдүүлсэн хууль өнөөдөр батлагдаж байхад жилийн өмнө өргөн мэдүүлсэн хуулийг хэлэлцэхгүй дарж байгаад дургүйцлээ илэрхийлж байлаа.

Зураг