Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/07/03-НД НИЙТЛЭГДСЭН

Дугаарын хязгаарлалтыг бүрмөсөн цуцлая

Э.Туул
2015 оны 7 сарын 3
Монголын мэдээ
Зураг зураг

Нэг саяас дээш иргэнтэй хотыг мега хот хэмээдэг. Тэгвэл манай улсын нийслэл хүн амын өсөлтөөрөө аль хэдийнэ мега хотын дайнд хүрсэн. Гэвч их хотын хүн амын огцом өсөлт, тэлэлтийг дагаад дэд бүтцийн хүрэлцээ хангамж дутагдаж, дөрвөн уулын дундаа шавсаар түгжрэл гэдэг нь дээд цэгтээ очжээ.

Өнгөрсөн сонгуулиар гарч ирсэн нийслэлийн удирдлагууд ажлаа хүлээж авсан даруйдаа янз бүрийн зохицуулалт хийж, зарим нь ч иргэдийн таашаалд нийцсэн. Улаанбаатар хотын автозамын ачааллыг бууруулах үүднээс автомашины улсын дугаарын сүүлийн оронгоос шалтгаалж долоо хоногийн аль нэг өдөр зорчихыг хязгаарласан.

Анх дугаарын хязгаарлалтыг хийхдээ “Гудамж” төслийн хийж буй ажлыг дуустал түр хүлээчих хэмээн хийж байсан бол өнөөдрийг хүртэл дугаарын хязгаарлалт үйлчилсээр л байна. Хэдхэн сар тэсчих гэж байсан өнөөх захирамж нь хэдэн жилийнх болж, нийслэлчүүд ч үүнд нь хэдийнэ дасчээ. 

Гэтэл сүүлийн үед нийслэлийн удирдлагууд маань замын хөдөлгөөний нөхцөл байдалтай уялдуулан хотын төвийн хэсэгт тэгш, сондгойгоор хязгаарлах эсэх асуудлыг гаргаж, зургадугаар сарын 15-наас хэрэгжүүлэхээр төлөвлөж эхэлсэн.

Харин иргэдийн эсэргүүцэл хүчтэй байж, нэг өдөр машинаа “амрааж” байхад нэмэх гэлээ, нийтийн тээврийн автобуснууд нь эвдэрхий, өөлж хэлсэн хүнд “өмхий жорлон” шиг гэж шүүмжилсээр энэ зохицуулалтын хэрэгжилтийг хугацааны хувьд хойшлуулж, харин зах, худалдааны төвийн худалдаа эхлэх, тарах цагийг шинээр зохицуулахаар шийдвэрлүүлж чадсан. Нэг үеэ бодвол нийслэлийн удирдлагууд ард түмнийхээ үгийг сонсдог болоод байгаа юм. Энэ мэдээ ч жолооч нарын магнайг тэнийлгэсэн гэхэд хилсдэхгүй. 

Тэгвэл тэднийг баярлуулах бас нэгэн баяртай мэдээ бол наймдугаар сараас дугаарын хязгаарлалтыг бүрмөсөн цуцлах болсон явдал юм. Гэхдээ энэ бол яг шийдэгдчихсэн асуудал биш.

Ерөнхийдөө нийслэлийн удирдлагуудын дунд яригдаж байгаа төдий. Гэхдээ шийдэх боломжгүй зүйл ч биш. Учир нь сүүлийн хоёр жилд олны уур бухимдлыг бараад байсан нийтийн тээврийн салбарт нэлээдгүй өөрчлөлт хийсэн нь дугаарын хязгаарлалтыг цуцлахад нөлөөлсөн гэхэд болно. Бүр тодруулбал, энэ сараас нийтийн тээврийн шинэчлэл албан ёсоор эхэлж байгаа юм. 

Иргэд "U money" гэх картыг автобусны буудлын ойролцоох 450 цэгээс худалдаж, аваад үйлчлүүлэх эрхтэй болно

Ингэснээр иргэд автобусанд бэлэн мөнгөөр үйлчлүүлэх бус, цахим карт ашиглаж хөнгөлөлт эдлэх боломж бүрдэнэ. Ухаалаг системд шилжиж байгаа нь энэ.

Нийтийн тээврийн шинэчлэлийн хүрээнд нийт 1,170 автобусанд цахим машиныг суулгахаар төлөвлөсөн бөгөөд тун удахгүй энэ ажил дуусах юм билээ. Иргэд "U money" гэх картыг автобусны буудлын ойролцоох 450 цэгээс худалдаж, аваад үйлчлүүлэх эрхтэй болно. Цахим карт нь таван төрөлтэй байна. Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, оюутан сурагч, энгийн иргэдэд зориулсан төрөл бий. 

Иргэд картаа мартсан тохиолдолд бэлэн мөнгөө зориулалтын саванд хийж автобусаар зорчих юм гэсэн. Бас ч гэж урт, ухаалаг автобус оруулж ирж байгаа нь нийтийн тээврээр үйлчлүүлэх иргэдийн тоог нэмэгдүүлнэ хэмээн албаныхан үзэж байгаа юм билээ. Энэ бүхэн нөлөөлөөд сүүлийн хоёр жил амжилттай хэрэгжсэн дугаарын хязгаарлалтыг бүрмөсөн цуцалж магадгүй нь. 

Үүл дарга хүртэл “Хоёр жилийн хугацаанд нийтийн тээвэрт хийгдэж буй ажил амжилттай байгаа учраас дугаарын хязгаарлалтыг бүрмөсөн цуцлах нь зөв гэж үзэж байгаа” гэдгээ хэлсэн байна билээ.

Мөн “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд жолооч нарыг замын хөдөлгөөнд соёлтой оролцуулах талаар нэлээд анхаарсны хүчинд манайхан ч бас тэгтлээ зам дээрээ түгжрээд, хэрэлдэж муудалцахаа больсон байна билээ.

Тэгэхээр нийслэлийн удирдлагууд минь дугаарын хязгаарлалтыг бүрмөсөн зогсоож, нийслэлчүүдээ машинаа унах боломжоор нь хангаж өгье. Одоо туршилтаа зогсооё.

Зураг