Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/07/02-НД НИЙТЛЭГДСЭН

Европын Холбоо АСЕМ-н зохион байгуулалтад хамтран ажиллахаа илэрхийллээ

Г.Номин, iKon.mn
2015 оны 7 сарын 2
www.ikon.mn
Зураг зураг

АСЕМ-ийн Дээд түвшний 11 дэх удаагийн уулзалт 2016 оны долоодугаар сард Монгол Улсад зохиогдохтой холбогдуулан бэлтгэл ажлын явцтай танилцах, зөвлөгөө өгөх, уулзалтыг амжилттай зохион байгуулахад Европын Холбооны зүгээс Монгол Улсад үзүүлэх тусламжийн асуудлуудыг тодорхойлох зэрэг олон асуудлыг хэлэлцэхээр ноён Майкл Мэтиссоноор ахлуулсан Европын Холбооны төлөөлөгчид зургаадугаар сарын 29-нөөс энэ сарын 2-ны хооронд Монгол Улсад ажлын айлчлал хийжээ.

Тус ажлын хэсэг өнөөдөр айлчлалын үр дүнг дүгнэсэн хэвлэлийн бага хурал хийлээ.

Айлчлалын явцад төлөөлөгчид АСЕМ-ийн бэлтгэл ажлын талаар Гадаад Хэргийн Яамны холбогдох газрууд, АСЕМ-ийг зохион байгуулах Үндэсний Зөвлөлийн ажлын хэсгүүд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Нийслэлийн засаг даргын Тамгын газрын холбогдох албаны хүмүүстэй ажлын уулзалт хийж АСЕМ-ын хотхон, Шангри-Ла зочид буудалтай танилцжээ.
 

Европын холбооны гадаад харилцааны албаны АСЕМ-н асуудал хариуцсан ерөнхий зөвлөх Майкл Метиссэн Ирэх жил АСЕМ-н уулзалтын 20 жилийн ой тохиож байгаа гэдгээрээ их онцлог. Мөн 2016 оны уулзалтаар ирэх 10 жилд АСЕМ ямар байх вэ гэдгийг тодорхойлно гэж үзэж байгаа учраас Европын холбооны зүгээс их ач холбогдол өгч байна.

Айлчлалын хүрээнд бид хурал, ёслол, орчуулга, техник технологи гээд  зохион байгуулалтын ажлуудыг хариуцаж буй бүх ажлын хэсэгтэй чухал уулзалтуудыг хийлээ. Дээрх зохион байгуулалтын чиглэлээр мэргэшсэн манай ажилтнууд айлчлалын бүрэлдэхүүнд багтсан.

Ажлын хэсгийн уулзалтуудын явцад техникийн талаар олон шинэ санал санаачилгууд гарсан. Бид айлчлалын үр дүн, болон бэлтгэл ажлын талаар мэдээллээ Европын холбооны гадаад харилцааны албанд танилцуулаад ямар асуудал дээр хэрхэн дэмжлэг үзүүлж болохоо хэлэлцэх юм. 

Миний зүгээс техникийн туслалцаа үзүүлж болох байх гэж бодож байна" гэлээ.

Тус ажлын хэсэг нь маш олон тооны дээд хэмжээний уулзалтуудыг тогтмол зохион байгуулж байдаг арвин туршлагатай. Тиймээс АСЕМ-н уулзалт болон ирэх жил Улаанбаатарт тэмдэглэн өнгөрүүлэх АСЕМ-ийн 20 жилийн ойн баярын арга хэмжээг өндөр түвшинд зохион байгуулахад Европын Холбоо өөрийн туршлагаасаа хуваалцан Монголын талтай нягт хамтран ажиллахаа илэрхийлж байлаа.