Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/07/01-НД НИЙТЛЭГДСЭН

Өнөөдрөөс эхлэн албан бичгийг Монгол бичгээр давхар хөтөлнө

А.Төгөлдөр, iKon.mn
2015 оны 7 сарын 1
iKon.MN
Зураг зураг

УИХ-аас өнгөрсөн хоёрдугаар сард Монгол хэлний тухай хуулийг хэлэлцэн баталсан.

Тус хуулийг өнөөдрөөс эхлэн хэрэгжүүлж эхлэх юм. Хуульд монгол бичгийг хойч үедээ өвлүүлэх үүднээс 2025 оноос хэрэглээг нь нэмэгдүүлэх заалтуудыг тусгаж өгсөн юм.

Түүнчлэн гадаад хэлний сургалттай холбоотой гадаад хэлээр сургалт явуулдаг хувийн сургуулиудад Монгол хүүхдэд монгол хэл, уран зохиол, монгол бичгийн хичээлийг нэгдүгээр ангиас төгсөх хүртэл батлагдсан хөтөлбөрөөр заахаар хуульчилсан. Эдгээр сургуулиудад гадаад хэлийг бэлтгэл ангиас нь эхлээд заах боломжтой. Гагцхүү монгол хэлийг заавал заах ёстой аж.  

Мөн төрөөс бүх нийтэд үнэ төлбөргүй боловсрол олгодог ЕБС-иудад гадаад хэлийг тавдугаар ангиас эхлэн заахаар тусгасан. Төрөөс үнэгүй олгодог албан сургалтаараа хүүхдэд эхлээд төрөлх хэлээ сайн сурсаны дараа 10-11 наснаас гадаад хэл заах бодлогыг дэлхийн олон оронд баримталдаг.

Хуульд монгол бичгийг хойч үедээ өвлүүлэх үүднээс 2025 оноос хэрэглээг нь нэмэгдүүлэх заалтуудыг тусгаж өгсөн юм.

Мөн Үндэсний бичгийн хөтөлбөрийг үе шаттайгаар хэрэгжүүлж зохих бэлтгэл хангасны дараа төрийн болон орон нутгийн өөрөө удирдах байгууллага албан хэргээ крилл болон үндэсний хос бичгээр хөтлөн явуулахаар хуульд тусгасан.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэд хэлний бодлогын зөвлөл ажиллана. Зөвлөл есөн гишүүнтэй байх бөгөөд гишүүдийг Ерөнхийлөгч монгол хэл, утга зохиолын эрдэмтэд, хэвлэл мэдээлэл, боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарын мэргэжлийн төлөөллөөс сонгож зургаан жилийн хугацаатай томилохоор оруулж өгсөн.

Тус хуулийн заалтуудаас хүргэж байна.

6.1.1.төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, хуулийн этгээдийн үйл ажиллагаа, албан хэрэг хөтлөлт;

6.1.2.төрөөс олгосон зөвшөөрлийн дагуу гадаад хэлээр сургалт явуулдаг байгууллагаас бусад бүх шатны боловсролын байгууллагын сургалт;

6.1.3.бүх шатны шүүн таслах ажиллагааны тэмдэглэл, архивын холбогдох баримт бичиг;

6.1.4.Монгол Улсын олон улсын гэрээ;

6.1.5.Монгол Улсаас гадаад улс, дипломат төлөөлөгчийн газарт илгээх албан ёсны ноот бичиг;

6.1.6.Монгол Улсын иргэний үнэмлэх, төрсний болон гэрлэлтийн гэрчилгээ, үндэсний гадаад паспорт, боловсролын баримт бичиг;

6.1.7.газар нутаг, засаг захиргааны нэгж, гудамж, зам, талбай, хуулийн этгээдийн нэр, хаяг;

6.1.8.Монгол Улсын нутаг дэвсгэр дээрх бичиг, захидал хүлээн авагч, илгээгчийн хаяг;

6.1.9.төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллагаас хэвлэн гаргах мэдээлэл, товхимол;

6.1.10.олон нийтэд зориулсан зар;

6.1.11.албан байгууллага, барилга, байгууламж, нийтийн тээврийн хэрэгсэлд байрлуулах зааварчилгаа, мэдээлэл, аюулгүй ажиллагааны санамж.

6.2.Энэ хуулийн 6.1.4-6.1.6, 6.1.9-6.1.11-т заасан үйл ажиллагаа явуулах, албан хэрэг хөтлөхөд олон улсын харилцааны хэрэгцээ, шаардлагыг харгалзан гадаад хэл давхар хэрэглэж болно.

6.3.Төрөөс олгосон зөвшөөрлийн дагуу гадаад хэлээр сургалт явуулдаг болон гадаад хэл заах тусгай зөвшөөрөл бүхий ерөнхий боловсролын сургуулиас бусад ерөнхий боловсролын сургуульд гадаад хэлийг тавдугаар ангиас эхлэн зааж болно.

6.4.Газар нутаг, гудамж, зам, талбайд гадаад нэр оноох асуудлыг нутгийн өөрөө удирдах байгууллага энэ хуулийн 21.1-д заасан эрх бүхий байгууллагатай зөвшилцөн шийдвэрлэнэ.

6.5.Бүх шатны сургалт, эрдэм шинжилгээний ажилд шинжлэх ухааны нэр томьёог монгол хэлнээ орчуулан хэрэглэхийг эрхэмлэнэ.

6.6.Монгол Улсад суугаа гадаад улсын дипломат төлөөлөгчийн газар болон олон улсын байгууллага Монгол Улсын иргэн, хуулийн этгээдэд гадаад хэлээр хандах бол монгол орчуулгыг хавсаргана.

6.7.Монгол Улсад аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж байгаа гадаадын хуулийн этгээд, төрийн бус байгууллага Монгол Улсын төрийн байгууллага, иргэнтэй монгол хэлээр харилцаж, санхүү, татвар, хөдөлмөр, ажлын байрны аюулгүй байдал, эрүүл ахуйн холбогдолтой баримт бичиг, мэдээллийг монгол хэлээр үйлдэнэ.