Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/06/29-НД НИЙТЛЭГДСЭН

МУГЖ С.Жавхлан, МУГТ Ц.Шаравжамц нар Чингисийн талбайд үсээ хусна

Г.Номин, iKon.mn
2015 оны 6 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын гавьяат жүжигчин С.Жавхлан УИХ-ын 76 гишүүнийг огцруулах тэмцлийн эхлэл болгон үсээ хусна хэмээн мэдэгдлээ

Тэрбээр долоодугаар сарын 1-ний өдрийн морин цагт Чингисийн талбайд үсээ хусах бөгөөд энэ үйл ажиллагаанд зөвшөөрөл хүссэн албан бичгээ Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газарт өнөөдөр өгсөн байна. 

Үсээ хусах нь: 

Нэгдүгээрт, Эх орондоо үнэнч байхыг илэрхийлсэн андгай

Хоёрдугаарт,  Эх орноо худалдаж идээд байгаа албан тушаалтнуудыг огцорохыг шаардаж буй тэмцлийн хэлбэр

Гуравдугаарт,  Эрх нь зөрчигдсөн иргэдийн эрхийг хамгаалах зэрэг үүднээс хийж буй үйлдэл хэмээн С.Жавхлан тайлбарласан юм. 

Түүний хэлснээр эрх нь зөрчигдсөн гэх хүмүүсийн дотор Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр нарын хүмүүс байгаа ажээ.

Уг хэвлэлийн бага хуралд МУГТ Ц.Шаравжамц оролцсон. Тэрбээр "Өнөөдөр би энд Жавхаа дүүгээ дэмжээд ирлээ. Миний бие олон жилийн турш хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ярилцлага өгөхдөө эх орныхоо төлөө дугарч ирсэн. Сүүлийн үед олон нийтийн сүлжээгээр бас дуу хоолойгоо илэрхийлж байгаа.

Өдийг хүртэл шийдвэртэй алхам хийхгүй байсан нь  улстөрчдийг одоо хийж байгаа эрээ цээргүй үйлдлээ болих байх, ухаарах байх гэж найдаж ирснийх байсан юм. Гэхдээ ухаарахгүй гэдэг нь тодорхой боллоо.

Эр хүний хувьд үсээ хусна гэдэг тийм амар гаргах шийдвэр биш. Миний бие гурван настайдаа даахиа үргээлгэснээс хойш үсээ хусаж үзээгүй. Тиймээс сэрүүцэх гэсэндээ үсээ хусаж байна гэж ойлгох хэрэггүй" хэмээн ярилаа.