Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/06/25-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Мөнхбат: Зургаан сайдын суудлаар МАН-ын амыг таглана гэвэл эндүүрэл

Л.Одончимэг, iKon.mn
2015 оны 6 сарын 25
iKon.MN
Зураг зураг

АН энэ долоо хоногт хийсэн бүлгийн хурлаараа засагт хамтрахаар хийсэн гэрээний хэрэгжилтээ шалгах шаардлагатай, МАН-тай хийсэн гэрээний хэрэгжилтийг шалгана хэмээн мэдэгдсэн.

Энэ талаар МАН-ын Ерөнхий нарын бичгийн дарга Ж.Мөнхбат мэдээлэл хийлээ. 

Тэрбээр МАН-ыг засгаас хөөж гаргана, хамтарсан Засгийн газар тарах гэж байна гэсэн мэдээлэл сүүлийн үед их явж байна. Үүнтэй холбоотой АН-ын бүлгийн дарга нар мэдээлэл хийж, АН-ын Гүйцэтгэх зөвлөл хуралдаж засаг байгуулахад хамтарсан намуудтай хийсэн гэрээний биелэлтийг шалгах ажлын хэсэг байгуулсан тухайгаа мэдээлсэн.

Өнөөдрийн байдлаар АН МАН-ыг засгаас хөөж, туусан албан ёсны шийдвэр гарсан зүйл ирээгүй байна. МАН-ын гишүүд төрийн ажлыг гацааж, Засгийн газраа муулж байна, болж бүтэхгүй зүйлийг МАН-ынхан ярьж байна гэж бүлгийн дарга нар нь мэдээлэл хийх үеэрээ хэлсэн. Энэ худлаа. МАН 2014 оны арванхоёрдугаар сард Засгийн газарт орохдоо бид "Хамтарсан Засгийн газарт орлоо гээд өмнөх болон шинэ Засгийн газрын хууль бус алдаа дутагдлыг хаацайлахгүй, үнэнээр нь хэлж, шаардлагаа тавина. Зөв зүйтэй зүйлийг нь дэмжээд явна” гэж хэлж байсан. Мөн МАН-ын хамтарсан Засгийн газрынхаа ачаа, хариуцлагыг үүрнэ. Түүнээс өмнөх буюу Н.Алтанхуягийн Засгийн газрын алдаа хариуцлагыг үүрэхгүй. 

Өнөөдөр улс орны ажлыг хэн гацаагаад байгааг бүгд мэднэ. Том төслүүд буюу Оюу толгой, Таван толгойг АН гацааж байна. МАН-ын УИХ дахь бүлэг Таван толгойг УИХ-аар хэлэлцэх нь зүйтэй гэсэн шийдвэр гаргаж УИХ-ын даргын зөвлөлд хүргүүлсэн. Харамсалтай нь Таван толгой АН-ын фракцуудын эрх ашгийн зодооноос болж гацчихаад байж байна

МАН малчдын тэтгэврийн насыг таван жилээр урагшлуулах, тэтгэврийн зээлийн хүүг бууруулах, Сонгуулийн шинэ хуультай холбоотой олон санал, санаачилга, хуулийг төслүүдийг УИХ-д өргөн барьсан.

Гэтэл өргөн бариад жил, найм, гурван сар болж байгаа хууль, тогтоолын төслүүд УИХ-ын даргын өрөөнд хав дараастай байж байгаа. АН олон гишүүний санал авсан асуудлыг хэлэлцэхгүй хэрнээ, дэмжлэг аваагүй олон асуудлыг дахин дахин оруулж ирдэг.

Бид ямар нэгэн зүйл зохиож яриагүй. Болж байгаа, бодит зүйлийн талаар  л ярьсан. МАН засгаас гарахгүй. Хамтарсан шиг хамтарч, ачаагаа үүрсэн шиг үүрнэ” гэлээ.

Мөн тэрбээр авлигатай дайн зарлаад, баахан хүн барьж хориод байдаг гэтэл авлигачдын тоо буурсангүй. Монгол Улсын түүхэнд анх удаа Ерөнхий сайд байсан хүний ах дүү  гэмт хэрэгт холбогдож хавтаст хэрэг нь прокурорт шилжээд явж байгаа нь үнэн шүү дээ. МАН-д зургаан сайдын суудал өгчихөөд амыг нь барина гэвэл эндүүрэл. Бид хууль бус зүйлийг ярьсаар байх болно. Сүүлийн хэдэн судалгаагаар АН-ын рейтинг унасан. Рейтинг нь унаад ирэхээр муу муухай шавар шавхайг МАН-д нялзаах гэсэн явуургүй, жижиг улс төрийн тоглолт хийж байна” гэлээ.

Түүнчлэн АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатарт хандаж хэлэх үг байна хэмээгээд “Янз бүрийн хов жив ярихдаа гарамгай юм аа. Хэнтийгээс Улаанбаатар, Архангайн Чулуутаас Завхан хүртэлх замыг Б.Гарамгайбаатар даргын “Мон роуд” компани барьж байгаа. Энэ замыг ард түмэн там болсон гэж ярьж байна. Улсын мөнгийг авч бондын мөнгөөр барьж байгаа энэ замаа гарамгай сайн барь л гэж хэлмээр байна” гэв.