Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/06/24-НД НИЙТЛЭГДСЭН

ХОЛЫН ХАРВАРД МОНГОЛД ОЙРТСООР

FORBES MONGOLIA сэтгүүл
2015 оны 6 сарын 24
Forbes Mongolia
Зураг зураг

(FORBES MONGOLIA СЭТГҮҮЛИЙН 2015 ОНЫ 05 САРЫН ДУГААРТ ГАРСАН НИЙТЛЭЛИЙГ ТА БҮХЭНД ХҮРГЭЖ БАЙНА)

Даваасамбуугийн Ганмаа АНУ-ын Харвардын их сургуульд багшилдаг  магадгүй цорын ганц монгол хүн байх. Түүний хувьд Харвардад багшилдаг гээд өөрийгөө дөвийлгөх дургүй. Харвардын их сургуульд юм уу эсвэл өөр нэр хүндтэй сургуульд багшлахын хажуугаар эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийхийг илүүд чухалчлан үздэг. Учир нь шинжлэх ухаан бол аливаа хувь хүн, нийгэм, улс орны урагшлах цорын ганц гарц гэдэгт тэрбээр итгэдэг.

Харвардын их сургуульд эрдэм шинжилгээний шинэ санаа, ололт нээлт, судалгааны арга аргачлал боловсруулж АНУ-ын болон бусад орноос ирсэн эрдэмтэн мэргэдтэй өрсөлдөж, жинхэнэ бизнес өрсөлдөөний талбарт хүч үзэх болдог.

Эдгээр олон эрдэмтдээс үнэхээр чадалтай нь өөрийнхөө цалинг ч босгоод, ажиллаж байгаа сургуульдаа ч хөрөнгө оруулж, үндсэн судлаач болж дэвшээд, доороо хүмүүсийг ажиллуулж, нэмээд оюутан залуучуудыг сургаж, дадлагажуулж эрдэм шинжилгээний ажлыг урагшлуулдаг. Ийм нөхцөлд цаг ямагт өөрийгөө боловсруулж шинийг санаачилж байх хэрэгтэй болно.

Тэр олон шалгуурыг даваад, өөрийн дуртай сэдвээр ажиллаад, бие даагаад явна гэдэг мэдээж бахархалтай. Үндсэндээ эрдэм мэдлэг, оюуны чадавх, нэр хүндийн брэнд болсон Харвардын их сургуульд багшилна гэдэг өөрөө үнэ цэнтэй, мөнгөөр үнэлж болшгүй том үнэлэмжийг бий болгож байдаг.

Тэр олон шалгуурыг даваад, өөрийн дуртай сэдвээр ажиллаад, бие даагаад явна гэдэг мэдээж бахархалтай.

Түүний ажил, амьдралын замнал эрүүл мэнд, анагаах ухааны салбартай эхнээсээ нягт уялдаатай байжээ. Монголд АУИС-д сурч байхдаа эхний нэг жил эмнэлэгт асрагч хийн ажлын гараагаа эхэлсэн гэдэг. Мөн өөрөө бие даан англи хэл сурч, анх Хавайн цэргийн эмнэлгийн баг Монголд ирэхэд орчуулгыг нь хийж байжээ.

Энэ үеэс л тэрээр цэргийн эмч болохоор шийдэж, АУИС-ийг төгсөөд цэргийн эмнэлэгт ажилд оржээ.   Tэнд ажиллаж байхдаа АНУ-ын Tripler Army Medical Center хэмээх эмнэлэгт ажиллахаар болж,  АНУ-д анх хөл тавьжээ. Улмаар түүний нүд нээгдэж анагаах ухааны хөгжил, эрүүл мэндийн үйлчилгээний гайхамшгийг мэдэрсэн гэнэ.

Хавайд байхдаа зүгээр суусангүй. TOEFL, GRE гэх шалгалтуудыг өгч, Хавайн их сургуулийн магистрын сургуульд тэтгэлэгтэйгээр тэнцжээ. Гэвч үр хүүхэд, хань ижлээ орхиж гаднын оронд сурахыг хүсээгүй тэрээр Монголдоо буцаж ирэв. Ингээд Японы засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийг олж мэдэн англи, япон хэлний шалгалтад бие даан бэлдэж, уг тэтгэлэгт хөтөлбөрт тэнцжээ. Нэг жилийн хугацаатай явсан Ганмаа тэндээ докторт сурахаар үлджээ.

Жилийн дөрвөн улиралд нар салхинд байдаг малчид хүртэл Д аминдэмийн дутагдалтай байдаг гэнэ. 

Мэргэжилдээ гарамгай, сайн багш Акио Сатогийнхоо зарчимч удирдлага дор ажиллан их зүйлийг сурч, өөрийн гэсэн судалгааны арга техниктэй болсон нь түүний ирээдүйн карьерт үнэлж баршгүй хувь нэмэр оруулжээ.  Ховор үүлдрийн хулгана, харх гэх мэт өндөр үнэтэй туршилтын амьтад,  үнэтэй туршилтын багаж техникээр хангаж өгдөг эдийн засгийн бололцоотой тийм газар ажиллана гэдэг жирийн судлаач хүнд том боломж байв. Докторт сурч байхдаа тэрээр анх үнээний сүүний өргөн хэрэглээний харьцуулсан судалгаа хийжээ.  

Хүний хоол хүнсэнд үнээний сүү өргөн хэрэглэгддэг. Жишээ нь хүмүүс сүү хэлбэрээр, мөн өдөр тутам хэрэглэгддэг сүүтэй цай, кофе, тараг, бяслаг, цөцгий, мөхөөлдөс, масло, чихэр, талхаар дамжуулж сүүг хэрэглэж байдаг. Хүнээс бусад хөхтөн амьтад зөвхөн борог хоол идэх хүртлээ эхийнхээ сүүг хэрэглэдэг байхад хүн насан туршдаа үнээний сүүг хэрэглэдэг байна. Энэ ч утгаараа сүүний бизнес өөрөө маш их мөнгө эргэлддэг салбар юм. Нэг талаасаа үйлдвэрлэгч, нөгөө талаасаа хүний зохистой хэрэглээ гэдгээрээ энэ  ажил их сонирхолтой болжээ.  Мөн илтгэлийн хүрээнд монгол малчдын онцлог, бэлчээрийн мал аж ахуйн давуу тал, монгол сүүний найрлагын онцлогийг тодорхой судалгаатай гаргаж харуулжээ.

Жишээ нь АНУ, Японы үйлдвэрийн сүү цэвэр, ариутгалын стандарт өндөр ч гэсэн амт чанарын хувьд Монгол шинэ сүүний амтыг гүйцдэггүй, шинэ цөцгий өрөм гаргаж авах боломжгүй үйлдвэрлэлийн аргаар боловсруулсан байдаг байна. Мөн сүү үйлдвэрлэгчид ашиг олохын тулд үнээг тугалаад хоёр сар болсны дараа дахин хээлтүүлэгт оруулна, бас хээлтэй үед нь саадаг тул байгалийн жам ёсоор дааврын хэмжээ өндөр байх магадлалтай аж.

Тийм байгалийн гаралтай даавартай сүүг байнга хүнсэнд хэрэглэхэд хүний эрүүл мэндэд нөлөөлдөг эсэхийг судлах хэрэгтэй гэдгийг илтгэлээрээ харуулжээ. Энэхүү судалгааны ажил нь түүнд АНУ-ын Харвардын их сургуульд илтгэл тавих үүд хаалгыг нээж өгчээ.

Тухайн үед хөл хүнд, хордлоготой байсан тул аян замдаа тав тух муутай явсаар Бостонд иржээ. Гэтэл хуралд өмсөх хувцас, хамаг юмаа хийсэн ачаа нь алга болсон байв. Харин азаар шөнө дунд ачаа нь ирж, бага зэрэг унтаад өглөө нь илтгэлээ тавьжээ. Хурал ч сонирхолтой болж олон хүн түүний судалгааг сонирхож байгаагаа илэрхийлэв.

Ингээд Японд буцаж ирэхэд нь түүнийг нэгэн сюрприз хүлээж байв. Докторын шалгалтаа өгсний дараа түүнийг сургуулийн хамгийн шилдэг оюутнаар шалгаруулж, сургуулийнх нь Ерөнхийлөгч “хүндэтгэлийн зэрэг” –тэй дипломыг хүндэтгэлтэй гардуулжээ. Тун удалгүй дараагийн сюрприз буюу Харвардын их сургуулийн докторын дараах сургалтад сурах урилга ирэв. Ингэж тэр Харвардтай холбогдон өнөөг хүртэл тэндээ ажиллаж байгаа аж..

Д. Ганмаа докторт бусдаас ялгарах олон давуу тал байдаг. Тэрээр үе дамжсан эмчийн гэр бүлээс гаралтай, Монгол, Япон, Америкт анагаахын чиглэлээр сурч, ажиллаж байсан, хамгийн гол нь Монголдоо судалгааны ажил цөхрөлтгүй хийхээр зорьсон эх оронч хүн юм. 2004 онд Монголд судалгааны ажил хийх саналаа Харвардын тэнхимийнхэндээ танилцуулж, дөрвөн хүний бүрэлдэхүүнтэйгээр ажлаа эхлүүлж байжээ. Гэвч энэ нь амар байсангүй. Харвардын их сургуулиас Монголтой хамтарч судалгаа явуулсан туршлага, бааз байхгүй байсан тул судалгааны ажил болон карьерийн хувьд нэлээд эрсдэлтэй алхам байв.

Харвардаас судлаачдадаа ёс зүйн болон ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх, бизнесийн болоод хувийн эрх ашиг сонирхолгүй байхыг шаарддаг. Монгол хэмээх ертөнцийн нөгөө хязгаараас ирсэн хүн Америкт төрж өсcөн, Америкийн боловсролын системийн үе шат болгоноор дамжиж гарсан хүмүүстэй эн зэрэгцэн ажиллаж, америкчуудын сонирхлыг өөрийн орон руу чиглүүлэх, энэ судалгаан дээр хамтарсан баг бүрдүүлэхэд бэрхшээлтэй байв.  Багт нь орох хүсэлтэй америк эрдэмтэд нэлээд байсан ч хэлний бэрхшээл, соёл, зан заншлын ялгаа, ажлын хурд, карьерын эрсдэл зэрэг олон зүйлийг эргэцүүлж харах шаардлагатай болдог байв.  

Харвардын их сургуульд дэлхийн олон хүмүүс ирж сурдаг боловч эцсийн дүнд энэ бол Америкийн л сургууль. АНУ-ын иргэдийн татварын мөнгөөр судалгаа хийх, энэ мөнгийг америкчуудын эрүүл мэнд, сайн сайхны төлөө зориулах сонирхол илүү байдаг. Гэвч тэрээр шантарсангүй.  “Д аминдэмээр баяжуулсан сүү хүүхдийн өсөлт хөгжилтөд хэрхэн нөлөөлж буйг судлах” судалгааны ажлаа эхлүүлжээ. Энэ судалгааг хамтран хийж чадна гэдгээ батлахын тулд эхлээд тандалт судалгаа хийх ёстой байв. Эхэндээ амаргүй байсан нь мэдээж. Гол бэрхшээл нь Монголоос зөвшөөрөл авах байв.

Үнэндээ Монголд энэ төслийг тийм эергээр хүлээж аваагүй байна. Монгол хүүхдүүдийг туршилтын туулай болгох нь гэсэн яриа хүртэл гарч байж. Ялангуяа эрх мэдэлтнүүдэд энэ судалгааны ач холбогдлыг ойлгуулах гэж бүтэн зургаан сар болсон гэдэг. Харвардын баг эдгээр хүмүүст ойлгуулах гэж Монголд хэд хэдэн удаа ирснээс гадна Харвардын ёс зүйн хорооны хүмүүсийг хүртэл Монголд авчран судалгаагаа танилцуулж байв. Түүний хувьд энэ төслийг эхлүүлэх чин хүсэлтэй байсан тул гарч байсан бэрхшээлүүдээс халширч няцалгүй санасандаа хүрчээ.

Тууштай хүн ургаа хадыг ч хөдөлгөж чадна гэдэг шиг Д. Ганмаа доктор 11 жилийн турш хийсэн судалгаагаа илүү өргөн хүрээнд хийх боломжтой болжээ.  АНУ-ын эрүүл мэндийн судалгааны хамгийн том улсын байгууллага болох National Institutes of Health (NIH)-аас Ганмаа багшийн төслийн багт 3.2 сая долларын санхүүжилт өгөхөөр болжээ. Жил болгон дэлхийн 240 гаруй орноос шилдэг эрдэмтэд хамгийн шинэлэг санаа, ололт нээлтэндээ санхүүжилт авахаар энэ байгууллага руу ханддаг.

Цаг сайхан байхад ирсэн материалуудын 20 хувьд санхүүжилт өгдөг байсан бол Ганмаа багшийг материалаа өгөх жил санхүүгийн хямралтай байсан тул 10 хүрэхгүй хувьд өгдөг болсон байв. NIH-д материал өгөхөөс өмнө эхлээд танхимаасаа, сургуулиасаа шалгарч гарч ирсэн байх ёстой.  NIH ирсэн материалуудыг тодорхой үе шаттайгаар шалгаж үзнэ. Эхний шалгуурт тэнцсэн материалуудыг 10, 10-аар нь тухайн салбарын хамгийн шилдэг эрдэмтэн судлаачдад өгнө. Нөгөө эрдэмтэд нь peer review буюу тухайн судалгаатай холбоотой бүх зүйлийг нэгд нэгэнгүй судалж оноо өгнө.  Ингээд эрдэмтдийн багийн хурал дээр тухайн материалыг судалсан эрдэмтэд тавьсан оноогоо баталж, уг судалгааны төслийн ач холбогдол болоод шүүмжийг хэлэлцэнэ.

Хэрвээ бүгдээрээ оноог хүлээн зөвшөөрч байвал зөвхөн “Excellent“ гэсэн оноотой төслүүдийг авч үлдэн, улаан шугамаас дээш төслүүдэд санхүүжилтээ хуваарилдаг байна. Энэ олон шалгуурыг давсны эцэст мөнгө шууд орж ирэхгүй. Үүний дараа жинхэнэ Харвардын ажил эхэлнэ. Нэг ёсондоо Харвард уг төслийн эрсдэлийг батлан дааж байгаагийн хувьд NIH-ийн баталсан мөнгийг гаргана. Хэрвээ судалгаа аль нэгэн шатандаа амжилтгүй болбол Харвард NIH-ээс мөнгөө авч чадахгүй байх  ч эрсдэлтэй.

АНУ-ын татвар төлөгчдийн мөнгийг Монголын ард иргэдэд зарцуулна гэдэг ойлгомжгүй мэт боловч Харвард хүн төрөлхтний сайн сайхан, эрүүл энхийн төлөө мэдэгдэхүйц дэвшил гаргах төсөл, санааг хэн санаачилснаас үл харгалзан дэмждэг нь энэ сургуулийн цар хүрээ, үнэ цэнийг харуулж байгаа мэт.

Харвардын эмнэлгийн сургууль гэхэд 10 мянга гаруй багштай, дэлхийн хамгийн шилдэг профессорууд тэнд ажилладаг. Тэр олон дундаас өөрийн эрдэм мэдлэг, уйгагүй зан чанараар онцгойрон энэ чухал судалгааг Монголдоо эхлүүлэх болсон нь үнэхээр бахархалтай. 

Д. Ганмаа багш Харвардын төлөөлөгчийн газар Монголд нээгдэж магадгүй гэсэн сайхан мэдээг бас дуулгасан юм. Д. Ганмаа багш NIH-ээс санхүүжилт авсан нь Харвард Монголыг сонирхох эхлэлийг тавьсан гэлтэй.  БСШУЯ-ын сайд Л. Гантөмөр Харвард руу ажлын хэсэг илгээн захирлуудтай нь хэд хэдэн уулзaлт хийж,  хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зураад амжсан гэнэ.  Харвардыг дагаад хамгийн чадварлаг профессорууд, хамгийн шилдэг оюутнууд, лаборатори, судалгааны байгууллагууд орж ирнэ.  Харин одоо мэдээж хөрөнгө мөнгөний асуудал тулгарч байна.  

Эхний ээлжинд манай талаас наад зах нь 110,000 долларын санхүүжилт гаргах хэрэгтэй гэнэ. Гар бариад бугуй барихын үлгэрээр Монголд илүү хөнгөлөлттэй болгохоор Ганмаа багш Харвардын захиралтай хэд хэдэн удаа уулзжээ. Ганмаа багш Харвардын захирлын хүлээлгийн өрөөнд ирэхэд энэ мэдээг сонссон цаадах нь “Ахиад л тэр ирэв үү” хэмээж байсан нь хүртэл түүнд сонсогдож байжээ. Энэ мэт халширмаар зүйлүүд тохиолдсон ч Ганмаа багш Монголоо гэсэн сэтгэлээр Харвардыг Монгол руу ойртуулсаар. Одоо түүний хувьд итгэлтэй, чадвартай, Монгол, Америкт ажиллаж байсан туршлагатай, чадалтай хүмүүсээр багаа бүрдүүлэх нь хамгийн чухал зүйл болоод байгаа ажээ.  

Монголчууд бид хоол тэжээлд хандах сэтгэхүйгээ үндсээр нь өөрчлөх цаг болсныг Д.Ганмаа багш анхаарууллаа. Монгол хүний онцлогт тохирсон хоол тэжээл, дасгал хөдөлгөөнийг тодорхойлоход нарийн судалгааны ажлуудыг хийх хэрэгтэйг онцолсон юм. Алийн болгон таамгаар явах вэ? Хүнсний зохистой хэрэглээг тодорхойлохын тулд олон судалгааны  ажил хийх хэрэгтэй байна хэмээж байв. Үнэндээ ихэнх монголчууд Д аминдэмийн ач холбогдлыг төдийлөн сайн мэддэггүй.

Төв Азийн нарлаг Монголд амьдардаг бид Д аминдэмээ сайн авдаг гэж боддог. Гэтэл Д. Ганмаа багшийн судалгаагаар Монголчууд Д аминдэмийн гүн дутагдалд оржээ. Мөн Д аминдэмийн дутагдлыг арилгаж чадвал үхэлд хүргэдэг 10 гол өвчний долоог нь бууруулах боломжтойг хийсэн судалгаа нь харуулж байна.

 

/Зураг дээр дарж томруулж үзэж болно/

Өндөр хөгжилтэй оронд өдөр тутмын хэрэглээ болох сүү, жимсний шүүсэнд Д аминдэмийг хангалттай оруулсан байдаг. Дээрээс нь нэмэлт аминдэмийг капсул маягаар хэрэглэдэг. Харин манай орны хувьд социализмын үед  Д аминдэм болон загасны тосыг улсаас өгдөг байсныг эс тооцвол одоо хүмүүс хангалттай Д аминдэм авч чадахаа больжээ.

Жилийн дөрвөн улиралд нар салхинд байдаг малчид хүртэл Д аминдэмийн дутагдалтай байдаг гэнэ. Хамгийн дулаан, нарлаг гэгдэх Өмнөговь аймагт малчдын Д аминдэмийн түвшинг судлахад зуны турш битүү хувцас өмсдөг тул нарнаас Д аминдэм авч чаддаггүй болох нь тогтоогджээ.

Тэгэхээр Д аминдэмээ нөхөхийн тулд өдөр тутмын хүнсийг Д аминдэмээр баяжуулах мөн нэмэлт тэжээл маягаар хэрэглэж занших нь чухал болоод байгаа юм байна.

Өндөр хөгжилтэй оронд өдөр тутмын хэрэглээ болох сүү, жимсний шүүсэнд Д аминдэмийг хангалттай оруулсан байдаг.

Хамгийн гол нь Д аминдэм дархлаа сайжруулдаг тул хүүхдийн өсөлт бойжилт, бүр цаашлаад хичээл сурлагад хүртэл сайнаар нөлөөлдөг гэнэ.  

Д.Ганмаа багшийн төслийн хүрээнд эхний ээлжинд 10,000 хүүхдийн Д аминдэмийн хэрэгцээг тогтвортой болгох юм. Үүнийг тодорхой болгож олон талаас нь судалбал шинжлэх ухааны үндэслэлтэй болж, улмаар энэ нь шинжлэх ухааны сэтгүүл дээр хэвлэгдсэнээр шинжлэх ухааны бүтээл болсон хэмээн баталгааждаг байна. Эдгээр эрдэм шинжилгээний ажлын үр дүнг үйлдвэрлэгчид, бизнесийн салбарынхан, мөн бодлого боловсруулагчид цаашдын ажилдаа тусгаад явах ёстой гэдгийг онцоллоо.  

Алс хол суугаа ч эх орондоо холын Харвардыг ойртуулж байгаа Ганмаа багш эрч хүчтэй, амжилттай ажилладаг гол нууцаа эх орноо гэсэн сэтгэл, эцэг эх, гэр бүлтэйгээ холбон тайлбарласан юм.  “Монгол” гэхээр нүд нь сэргэдэг, Монгол Америкийн хооронд гүүр болон ажиллаж байгаа энэ хүндтэй эрхмийн хийсэн болоод хийж байгаа, ирээдүйд хийх ажил Монголын ард түмэнд үнэлж баршгүй хувь нэмэр оруулж байгааг уншигч та хэдийнэ анзаарсан биз ээ.

ЦЭНДЖАВЫН ЭНХЖАРГАЛ

Зураг